Гадаад

Newsbase: Монголын парламентын Хянан шалгах хорооны дүгнэлт "Оюу Толгой"-н гэрээнд чухал нөлөө үзүүлнэ

Монгол Улс Оюу Толгой"зэс, алтны ордын асуудлыг хэлэлцэх олон нийтийн сонсголын цувралыг эхлүүлж буй. Дэлхийн томоохон зэс үйлдвэрлэгчийн нэг болохоор тооцогдож буй уг төслийн хүрээнд төрийн эзэмшлийн хувь, өгөөжийг зохистой хэмжээнд хүртэж байгаа эсэх асуудлыг УИХ-ын гишүүд хөндөж эхэлсэнтэй холбоотой юм.

УИХ-ын тогтоолын дагуу энэ онд байгуулагдсан Оюу Толгойн асуудлыг Хянан шалгах Түр хороо нь олон тэрбум ам.долларын өртөг бүхий энэхүү төсөлд төр хангалттай ашиг хүртэж байгаа эсэхийг шалгахаар болж буй нь энэ билээ.

Төслийн ил уурхайн бүтээн байгуулалт болон байгууламжуудын анхны хөрөнгө оруулалтын өртөг ойролцоогоор 6.4 тэрбум ам.доллар байсан бол төслийн гол үйлдвэрлэлийг бий болгох гүний уурхайн өргөтгөлийн төсөв нь 7 тэрбум ам.доллараас давсан байдаг.

Хууль тогтоогчдын хэлснээр сонсголын үеэр ашигт малтмалын нөөцийн үнэлгээ, тусгай зөвшөөрлийн шийдвэрүүд болон гүний уурхайн санхүүжилтийн бүтцийг онцлон авч хэлэлцэх юм.

Түр хорооны анхаарлын нэг гол асуудал нь "Онтрэ" ХХК-ийн эзэмшлийн Жавхлант болон Шивээ Толгой ордтой холбоотой тусгай зөвшөөрлийн талбайд Монгол Улс ямар байдлаар ашиг хүртэх боломжтой вэ гэдэг агуулга хөндөгдөж буй. Тусгай зөвшөөрлүүд нь "Онтрэ ресурс" компанийн Монгол дахь охин компани болох "Онтрэ" компанийн нэр дээр бүртгэлтэй боловч Оюу Толгойн хамтарсан төслийн бүрэлдэхүүнд багтан удирдлагын түвшинд хамтад нь менежмент хийдэг.

Англи-Австралийн Рио Тинто компанийн хувь эзэмшлийн Оюу Толгой ХХК нь сүүлийн саруудад ихээхэн анхаарлын төвд байна. Тус компани энэ онд худалдан авалтын зөрчлүүдтэй холбоотой дотоод аудит эхлүүлсэн нь УИХ-аас тавих хяналт, хяналт шалгалтыг чангатгахад хүргээд байна. "Оюу Толгой" ХХК-ийн зүгээс мэдээлэл өгөх хүсэлтэд хамтарч ажиллаж байгаа ч аюулгүй байдал болон зарим асуудалтай холбоотойгоор болгоомжилж байгаагаа илэрхийлжээ.

Энэхүү сонсголд 300 гаруй гэрч, түүний дотор Монгол Улсын Ерөнхий сайд асанууд, уул уурхайн салбарын өндөр түвшний албан тушаалтнууд, компанийн удирдлагуудыг дуудан мэдүүлэг өгөх тов бий. Парламентын удирдлагуудын үзэж буйгаар эдгээр мэдүүлэг нь өмнөх гэрээ хэлцэл болон санхүүжилтийн нөхцөл, тэр дундаа гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхэд ашиглагдсан хувь нийлүүлэгчийн зээлүүдийг дахин хэлэлцэн тохирох шаардлагатай эсэхийг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Түр хорооны дарга О.Батнайрамдал нь сонсгол ойртох тусам дарамт шахалт нэмэгдсэн тухай мэдэгдэж, өөрийг нь дугааргүй тээврийн хэрэгслүүд мөрдөн дагаж явсан талаар эрх бүхий байгууллагад албан ёсоор мэдээлж байсн билээ.

“Энэ үйлдэл нь хувь миний хүний эрхийг зөрчсөнөөс гадна парламентын бүрэн эрх, дархлаанд халдсан. Мөн УИХ-ын хяналт шалгалтын албан ёсны ажиллагаанд саад учруулах оролдлого юм” хэмээн мэдэгдсэн.

Тусгай зөвшөөрлийн асуудлаас гадна төсөл хэрэгжүүлж буй хувь нийлүүлэгчдийн гэрээ, тэр дундаа санхүүжилтийн бүтэц нь Түр хорооны анхаарлын төвд байгаа. Тэрбээр уг гэрээнд Рио Тинтогоос Оюу Толгой ХХК-д олгосон 12 тэрбум ам.долларын зээл, түүнд тооцдог 11.3 хувийн хүү багтдаг гэдгийг онцолсон.

“Энэ өндөр хүүтэй зээлийн улмаас зээлийн үндсэн төлбөр барагдуулах үед хуримтлагдах хүүгийн зардал нь анхны зээлийн хэмжээг давж, Монголын ногдол ашиг хүртэх боломж 2030-аад оны сүүл, бүр 2040-өөд он хүртэл хойшлох эрсдэлтэй” хэмээн Хянан шалгах түр хорооны ахлагч О.Батнайрамдал хэлсэн юм. Мөн "Гэрээний дагуу зээлийн хүүг долоон жил тутамд дахин тохиролцох боломжтой. Хэрэв бид энэ боломжийг алдвал дахин долоон жил хүлээх нөхцөл үүснэ” гэж тэр нэмж хэлж байсан билээ.

Оюу Толгой төсөл нь анхаарлын төвд олон жил байсаар ирсэн. Олон нийт уг ордыг стратегийн ач холбогдолтой гэж үздэг бөгөөд бодит өгөөжийг бүрэн хүртэж чадаж байгаа эсэх асуудалд байнга асуултын тэмдэг тавигддаг. Гүний уурхайн бүтээн байгуулалт дууссанаар Оюу Толгой дэлхийн тэргүүлэх зэс үйлдвэрлэгчдийн тоонд багтах төлөвтэй байгаа нь зэсийн эрэлт дэлхий даяар өсөж буй энэ үед онцгой ач холбогдолтой.

Монгол Улстай хөрөнгө оруулалтын нөхцлийг дахин хэлэлцэх боломжийн талаар "Рио Тинто"-гоос Bne IntelliNews-ээс тавьсан асуултад хариу өгөөгүй юм.

Хянан шалгах түр хорооны дүгнэлт 2026 оны эхээр гарах төлөвтэй бөгөөд энэ нь Монголын уул уурхайн салбар дахь ирээдүйн хөрөнгө оруулалт болон улсын хамгийн том гадаад түншүүдийн нэгтэй байгуулж буй харилцаанд чухал нөлөө үзүүлэхээр байна.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Newsbase.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button