Амьжиргааны өндөр зардлын улмаас дундаж давхаргийн америкчууд Трампыг дэмжих нь буурч байна
АНУ-ынн дундаж давхарга Доналд Трампын гол дэмжигчид байсан. Гэвч амьжиргааны өртөг өсөж байгаагаас болж тэд түүнийг дэмжих нь буурах болжээ. Сүүлийн үеийн санал асуулга болон эдийн засгийн тоо баримтууд иргэд Трампын дэмжих нь буурч байгааг харуулж байна.
“YouGov” болон “Economist”-ийн сүүлийн гурван сарын санал асуулгаар Трампын рейтинг тогтмол унажээ. Тодруулбал есдүгээр сард санал асуулгад оролцсон хүмүсийн 44 хувь нь түүнийг дэмжиж, 54 хувь эсэргүүцэж байв.Аравдугаар сард түүний рейтинг 42 хувь болж буурсан. Харин арваннэгдүгээр сард санал асуулгад оролцсон хүмүүсийн 40 хувь нь Трампыг дэмжиж, 58 хувь нь сэтгэл дундуур байна гэжээ.
Дундаж давхаргын америкчууд Бүгд Найрамдах намын хувьд чухал сонгогчдын бүлэг байсаар ирсэн. 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд 50-100 мянган ам.долларын орлоготой хүмүүсийн 52 хувь нь Трампыг сонгож, 46 хувь Камала Харрисыг дэмжсэн. Харин 2020 оны сонгуулийн нөхцөл байдал эсрэгээрээ буюу Трамп 46 хувь, Жо Байден 54 хувийн санал авч байсан юм.
Сүүлийн үеийн судалгаагаар дундаж давхаргын америкчуудын дэмжлэгийг Бүгд Найрамдах нам алдаж буйг харуулж байна.
Үүний гол шалтгаан нь үнийн өсөлт, амьжиргааны зардал юм. АНУ-д шинэ машины дундаж үнэ 50 ам.доллар давсан. АНУ-ын нийгэм машин эзэмших нь шаардлагатай хэрэгцээний нэг гэж үздэг. Тэгвэл ийнхүү үнэ нэмэгдсэнээр дундаж давхаргын гэр бүлүүдийн хувьд машин худалдан авах нь тансаг хэрэглээ мэт болгож байгаа юм
Нью-Йорк дахь Холбооны нөөцийн сан мэдээлснээр АНУ-ын өрийн дарамт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна. Орон сууцны зээл, машины зээл, оюутны зээл болон зээлийн картын өр ч мөн бүгд түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Зөвхөн эргэлтийн зээл л гэхэд огцом өсөж, 1.2 их наяд доллар болжээ.
Зээлийн хүү өсөж, хадгаламж багассанаар олон америкчууд төлбөрөө төлж чадахгүйд хүрч байна. Мөн зээлээ 90-ээс дээш хоногийн хугацаанд төлөөгүй хүмүүсийн тоо гурван хувиас давжээ. Энэ нь 2008 оны санхүүгийн хямралаас хойш үзэгдээгүй муу үзүүлэлт юм. Оюутны зээлтэй америкчууд мөн хэцүү нөхцөл байдалд оржээ. Сүүлийн улиралд оюутны зээлтэй хүмүүсийн 14 хувь нь эргэн төлөлтийн хугацаагаа хэтрүүлсэн нь түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт болсон юм.

АНУ-д өргөн хэрэглээний барааны үнэ тахлын өмнөх үеэс хамаагүй өндөр хэвээр. Одоогийн байдлаар инфляц Трамп анх ерөнхийлөгчөөр ажилласан үеэс бага байгаа ч буурахгүй удаж байна.
Хүнсний үнэтэй зэрэгцэн томоохон хотуудад түрээсийн үнэ өсжээ. Мөн эрчим хүчний шинжээчид өвөл халаалтын зардал дахин нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулав. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр, 2025 оны есдүгээр сарын байдлаар гэртээ хоол хийх зардал өмнөх жилээс 2.7 хувиар өсжээ.
Энэ бүх хүчин зүйлс дундаж давхаргын сонгогчид Трампын бодлого болон эдийн засгийг дүгнэж буй байдал нөлөөлөв. Санал асуулгаар дундаж давхаргын дөнгөж 24 хувь нь эдийн засгийг сайн эсвэл маш сайн гэж үнэлжээ. Харин 38 хувь нь муу гэж үзсэн бол 52 хувь нь нөхцөл байдал дордож байна гэж хариулсан юм.
Мөн дундаж давхаргынхан ирээдүйг итгэл муутайгаар төсөөлж байна. Тэдний 30 хувь нь жилийн дараа амьдралын нөхцөл байдал сайжирна гэж бодож байна хэмээн хариулжээ.
Жорж Вашингтоны их сургуулийн шинжээч Питер Логе “Newsweek” сэтгүүлд хэлэхдээ "Бүх зүйл хэвийн үргэлжлэхийг л сонгогчид ихэнхдээ хүсдэг. Тэд бензин, хүнсээ авч, гэр бүлээ тэжээж, хүүхдүүд нь сайн ирээдүйд сайн яваасай гэж хүсдэг. Хэрэв юмс бүтэмжгүй болж эхэлбэл сонгогчид удирдагчаа буруутгадаг. Маш олон хүн бүх зүйл буруу тийшээ явж байна, сайжрах найдваргүй гэж бодох болсон. Одоо Ерөнхийлөгч Трамп улсыг удирдаж байгаа учраас хүмүүс түүнийг буруутгаж байна" гэсэн юм

АНУ-ын Засгийн газар иргэдийнхээ бухимдлыг анзаарч, амьжиргааны дарамтыг бууруулах шинэ бодлого санал болгож эхэлсэн. Үүний нэг нь орон сууц худалдан авагчдын сарын төлбөрийг бууруулах зорилготой 50 жилийн хугацаатай зээл юм.
Гэхдээ Трампын намын зарим гишүүн уг төлөвлөгөөг дэмжихгүй байна. Жоржиа мужаас Конгресст суудаг Маржори Тейлор Грин "Орон сууцны үнийн хямралыг шийднэ гэх 50 жилийн зээл надад таалагдахгүй байна" гэж сошиал хуудас дээрээ бичжээ.
Тэрбээр нэмж "Энэ нь эцсийн дүндээ банкууд, зээлдүүлэгчид болон барилгын компаниудад л ашигтай. Харин иргэд асар их хүү төлж, байрныхаа мөнгийг төлж дуусалгүй нас барах болно" гэсэн байна.
50 жилийн хугацаатай зээл нь төлбөрийг урт хугацаанд хувааж, сарын төлбөрийг багахан хэмжээгээр багасгах боловч нийт төлбөрийг эрс нэмэгдүүлнэ. Эдийн засагчдын тооцоолсноор зээлийн хугацааг дахин 20 жилээр сунгаснаар ердийн 30 жилийн зээлтэй харьцуулахад хүүгийн төлбөрт бараг хоёр дахин ихсэх юм.
“LendingTree”-ийн шинжээч Мэтт Шульц CNN-д ярихдаа "Ерөнхийдөө зээлийн хугацаа хэт урт байхаас зайлсхийх нь дээр. Машин худалдаж авмагц үнэ нь хурдан унадаг. Хэрэв урт хугацаагаар зээл авбал машины бодит үнэ цэнээс их өрөнд орох эрсдэлтэй. Энэ нь хэнд ч ашиггүй нөхцөл байдал юм" гэж хэлжээ.
Амьжиргааны зардлын асуудалд анхаарал сайн хандуулах хэрэгтэй гэдгийг Бүгд найрамдах намын зарим гишүүн анхааруулж байгаа юм. Тухайлбал Техасаас Конгресст суудаг Тони Гонзалес “Хүмүүс эдийн засагт их анхаарлаа хандуулж байгаа бид нар сайн анхаарч ажиллахгүй бол алдас болно. Ардчилсан намынхан эдийн засагт анхаарлаа сайн хандуулж чадаагүй учраас сонгууль ялагдсан. Хэрвээ бид ч мөн сайн ажиллахгүй бол адилхан зүйл болоход гайхаад байх юм үгүй” гэсэн юм.
Сенатор Жош Хаули “Хүмүүс тэнэг биш. Дэлгүүр ороод хүнс цуглуулахдаа ямар үнэтэй байгааг нь сайн мэднэ. Түрээсийн төлбөр нь хэд гэдгийг ч сайн мэддэг. Уудаг эмний үнэ нь хэд байгааг мэднэ. Энэ бүгд бүгдээрээ хэтэрхий өндөр үнэтэй байна. Иргэд энэ зүйлсийг худалдан авч хүчрэхгүй байгаа. Бид нар одоо үр дүнтэй ажиллах хэрэгтэй” хэмээжээ.
Эх сурвалж: Newsweek












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.