Татварын дарамтыг бууруулна гэж амласан Ерөнхий сайд татвараар "дарамтлах" боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар одоогийн Засгийн газраа бүрдүүлснийхээ дараа ганц л зүйлд төвлөрч ярьж ирсэн нь "татварын дарамтыг бууруулах".
Тэр ч байтугай Засгийн газрын 100 хоногоороо татварын шинэчлэлт буюу ААНОАТ, НӨАТ, ХАОАТ дээр төвлөрч голлох өөрчлөлтүүдийг хийнэ гэж УИХ-ын сонгуулийн амлалт шиг танилцуулж байсан нь саяхан. НӨАТ-ын буцаалтын хувь хэмжээг нэмэгдүүлэхээр ирэх оны төсөвт оруулж байна гэх зэргээр иргэд, аж ахуй нэгжүүдийн нуруун дээрх татварын ачааллыг багасгах талаар ярьсаар 2026 оны төсвөө батлуулж, Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлынхаа нүүрийг ч тахалж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын мууг нь засаж, сайныг нь давуулж байгаагаа гайхуулж байсан сан.
Нэгдсэн төсвийн гүйцэтгэлдээ эдийн засгийн өсөлт тогтворжиж, төлбөрийн тэнцэл сайжирсан, гадаад валютын нөөц 6 тэрбумд хүрлээ, зээлжих зэрэглэл сайжирсан зэргээр гялайж гялтайх PPT бэлдэж танилцуулав.
Гэтэл өнөөдөр бодит байдал дээр 6.2 их наяд буюу 74 мянга 389 компани, аж ахуй нэгжийн татварын өр үүсчихээд байгааг Татварын Ерөнхий газар АН-ын бүлгийн хурал дээр танилцуулах үеэрээ хэлсэн юм.
Нүүрсний орлогод найдсан хэт өөдрөг төсөөллөөс болж өдөр ирэх тусам унаж байгаа нүүрсний үнийг ирэх онд юугаар нөхөх вэ, иргэд аж ахуй нэгжээс авах татварын хэмжээг нэмэгдүүлэх замаар уу.
2025 оны төсвийн гүйцэтгэл нь бүрдэж өгөхгүй байхад ирэх онд татварын орлогыг нэмэгдүүлэх замаар Засгийн газрын хоосон төсөөллийн орон зайг нөхөх ямар ч боломжгүй. 2025 онд улсын төсөвт 17.9 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч 15.5 их наяд буюу 86 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Гүйцэтгэл 100 хувьд хүрээгүйг хүргэ гэж Ерөнхий сайд Г.Занданшатар Татварын Ерөнхий газар биеэр оччихоод үүрэгдсэн.
Ийм инфляцтай, бодлогын хүү нь нэмэгдчихсэн улсад хувиараа бизнес эрхэлж, тэндээсээ орлого олох, олсон орлогоосоо өндөр татвар төлөх гэдэг нь сорилт болчихоод байхад ард түмний зовлонг ойлгосон дүрээр татвараар буцаагаад "дарамтлаад" байж боломгүй.
Засгийн газраас томилсон Татварын Ерөнхий газрын дарга Б.Цогтнаран нь үүрэгт ажилдаа томилогдов уу үгүй юу хэвлэлийн хурал зарлаж "Өртэй 72 мянган татвар төлөгчийн 54 мянга нь 10 хүртэлх сая төгрөгийн өртэй байна. 9,000 гаруй татвар төлөгчид нэхэмжлэх хүргүүлж, өр барагдуулахгүй тохиолдолд хуулийн дагуу хөрөнгө битүүмжлэх, данс хаах зэрэг дараагийн арга хэмжээг эхэлсэн" хэмээн ярина лээ.
Ирэх 2026 онд 14.4 их наяд буюу бараг улсын нийт орлогын талыг татвараар бүрдүүлнэ.
- ААНОАТ – 6.5 их наяд
- Архины татвар – 350 тэрбум
- АМНАТ – 4 их наяд
- Импортын гаалийн татвар – 2.2 их наяд төвлөрүүлнэ гэж тус тус тооцсон байна.
Ерөнхий сайд амаараа ард иргэд, аж ахуй нэгжийн зовлонг ойлгодог мэт ярьж, татварын ачааг бууруулна хэмээн амлаад ачир дээрээ татварыг нэх, орлого бүрдүүл гэж хоёр нүүр гаргах болов. Цаашид Засгийн газраас болоод Ерөнхий сайдаас олон нийт рүү чиглэсэн бодлого хүлээх хэрэггүй гэдгийг тэр өөрийн биеэр нотлон харууллаа.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.