Жүжигчин Г.Отгонцэцэг: Ээж шигээ хүчтэй болоорой, ямар хүн болохоо хүүдээ харуулна гэсэн амлалтдаа хүрсэн
Бүх нийтийн биеийн тамир, бодибилдинг, фитнесийн спортыг хөгжүүлэх, эрүүл чийрэг бие бялдрын хөгжлийг төлөвшүүлэх зорилготой “Anuxai’s fitness” шоу дөрөв дэх жилдээ болж өндөрлөсөн. Оролцогчид 45 хоногийн турш 11 удаагийн сорилт даалгаврыг биелүүлж хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. 11 төрлийн даалгаврын зургаат нь ялагч болсон жүжигчин Г.Отгонцэцэг нэвтрүүлгийн цор ганц ялагчаар тодорсон.
Түүний хувьд 40 дээш насны эмэгтэйчүүдийн төлөөлөл болж оролцсон бөгөөд оролцогч С.Уранзаяатай оноо тэнцэж зургаан сорилтод ялагч болсон амжилтаар нэвтрүүлгийн цор ганц ялагчаар тодорч хүүдээ өгсөн амлалтаа биелүүлсэн байна. Тэрбээр 10 настай хүүгээ 70 нас давж буй ээж, 98 настай эмээ дээрээ нь үлдээж өөрийгөө ялан дийлж ялагч болох амлалт өгч нэвтрүүлгийг зорьжээ.
Энэ тухай "Өөрийгөө ялан дийлэх хүч, өөрийгөө эргэж олох хүсэл, шоуны цорын ганц ялагч болох хүчийг өгч байсан хүн бол миний хүү байсан. "Ээж нь ямар хүн болохоо хүүдээ харуулна, миний хүү ээж шигээ хүчтэй хүн болно шүү" гэж хэлээд гэрээсээ гарсан. Би хүүдээ өгсөн амлалтаа, өөртөө өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд хичээсэн. Би амлалтдаа хүрсэн" хэмээн ярилаа. Түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
-Өөрийгөө эргэж олох хүсэл, ялан дийлэх хүчийг өгч байсан хүн бол миний хүү-

-"Анухай фитнес шоу"-ны талаар ярилцлагаа эхэлье гэж бодож байна. Шоуны урилга ирэхэд яаж хүлээж авав?
-Найман сард шоуны урилга хүлээж аваад шууд больё гэж бодсон /инээв/. Учир нь олон нийтийн сүлжээнд нээлттэйгээр өөрийнхөө таргалсан, хагас нүцгэн зургийг гаргахаас татгалзсан. Ууг нь турахыг хүсэж байгаа надад боломж олдсон хэдий ч бусад оролцогчид нь ямар хүмүүс байхыг мэдэхгүй байсан учраас "би орохгүй" гэж хэлсэн. Нэвтрүүлгийн багаас "Бид танд бодох хугацаа өгье. Та бодож байгаад хариу хэлээрэй" гэж хэлээд сар орчим хугацааны дараа над руу эргэж холбогдсон. Тухай үед нь би ахиад татгалзсан хариу өгсөн. Төд удалгүй би 10-р сарын эхээр хамар хоолойны өвчнөөр эмнэлэгт хэвтсэн юм. Эмчлүүлж байх долоо хоногийн хугацаанд өөр өөртэйгөө ярилцах боломж олдсон. Тэр үед би өөрийгөө анхаарч хайрлаагүй, огт биеэ бодоогүй явж гэдгээ мэдэрсэн. Нуулгүй хэлэхэд өөртөө нэлээд гутарсан. Яг энэ үед нэвтрүүлгийн багаас гурав дах удаагаа санал тавьж, би зөвшөөрсөн хариу өгсөн. Өөрийн хайхралгүй орхисон биеэ эргүүлэн авчирч, өөр өөртэйгөө тэмцэх боломж юм байна гэж бодсон. Тиймээс шоуны саналыг хүлээж авсандаа хэзээ ч харамсахгүй. Өөртөө маш олон талын өөрчлөлт, үр дүн гаргасан. Маш их баяртай байгаа.
-Мэдээж бүх оролцогчид ялагч болох гэж оролцсон байх. Оролцогчдын хоорондын өрсөлдөөн хэр байсан бол. Таны хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ?
-Шоуны туршид би өөрийнхөө хамгийн хүчтэй өрсөлдөгч нь байсан гэж хэлнэ. Учир нь хамар хоолойны эмчилгээтэй, эрүүл мэндийн хувьд хүндрэлтэй шоундаа оролцсон. 40 дээш насны эмэгтэйчүүдийн төлөөлөл болж орсон учраас бусад оролцогчдоос 10 гаруй насаар эгч байсан. Тиймээс 30 настай охидтой фитнес тэмцээнд ороод өрсөлдөхөд тэдний хурд, эрч хүчийг гүйцэхгүй, бодисын солилцоо болон цусны эргэлт харьцангуй удаан, эрүүл мэндийн асуудалтай зэрэг нь намайг хамгийн сул дорой оролцогч болгосон. Сул дорой байгаа өөрийгөө хамгийн хүчтэй өрсөлдөгч болгохын тулд өөртэйгөө тэмцэх хэрэгтэй болсон. Миний сул дорой байгаа байдал өөр өөртэйгөө өрсөлдөх нөхцөлийг бий болгосон гэсэн үг. Мэдээж уралдаан тэмцээн учраас бүх оролцогчид л түрүүлэх зорилготой орсон байх. Манай охид бүгд гайхалтай үр дүн гаргаж, өөр өөртөө ялагч нь болсон.
-Шоуны сүүлийн дугаарт та "нялх хүүхдээ 70 гаруй настай ээж, 98 нас хүрсэн эмээдээ үлдээчхээд ялахын төлөө ирсэн" гэж хэлж байсан. Анхнаасаа түрүүлэх зорилготой, түүндээ итгэлтэй байсан гэдэг нь тэр дугаараас харагдсан?
-Миний хүү 10 настай. 10 нас хүрсэн чихсэн амь шигээ хайрладаг нялх үр минь. Миний ээж 70 гаруй настай, эмээ маань 98 настай. Өндөр настай эмээ, ээж хоёртоо нялх үрээ үлдээж ирчхээд шоундаа үр дүн гаргаж чадахгүй бол би арчаагүй амьтан болно. Нас дээр гарсан ээж, эмээ хоёрын маань хувьд хүүхэд харна гэдэг бэрх ажил шүү дээ. Энэ мэт зүйлс намайг хурцалж, чи өөр өөрийгөө заавал ялан дийлж, цор ганц ялагч болох ёстой гэж үргэлж хэлж байсан.
-Өөрийгөө ялан дийлэх мэдээж амаргүй байсан байх. Мөн нас болон эрүүл мэндийн шалтгаан гэх мэт сул талууд ч их байж?
-Миний сул талууд намайг доошоо татаж унагах боломжтой байсан. Таргалаад удаан хугацаа өнгөрсөн өөхийг хайлуулж жин хасах, дөнгөж таргалж байгаа хүн жингээ бууруулах хоёр хоорондоо асар их ялгаатай. Миний хувьд таргалаад нэлээд хугацаа өнгөрөөсөн, төрөлтийн дараах таргалалт байсан учраас бусдаас илүү хөдөлмөр тэвчээр гаргах шаардлага үүссэн. Хоолойны өвчин эдгээхийн тулд хэл ярианы дэглэмтэй, чанга дуу чимээгүй сонсож болохгүй, бясалгалын тайван орчинд байж эмчлэх шаардлагатай байсан. Гэхдээ дасгал хийхэд ярих шаардлагагүй юм чинь гээд шоунд орохоор шийдсэн л дээ. Дасгал хийж залуугийн гоо зүйгээ эргүүлж авъя, эрүүл мэндээ анхааръя, Отгонцэцэг хэн бэ гэдгээ харуулъя гэж шийдээд орсон. Тиймээс шантрах эрхгүй байгаагүй.
-Жүжигчин учраас энэ шоунд ялаагүй, Отгонцэцэг өөрийгөө харуулсан учир ялсан-

-Нийт 12 дугаарын турш 11 төрлийн сорилт даалгаврыг биелүүлсэн. Таны хувьд зургаан сорилтын ялагч болсон шүү дээ?
-Бид 45 хоногийн хугацаанд 11 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаараа өрсөлдсөнөөс би зургаан даалгаврын ялагчаар тодорсон. Энэ амжилт маань намайг шоуны цорын ганц ялагч болоход нөлөөлсөн. Учир нь оролцогч Уранзаяа бид хоёр оноо тэнцсэн. Шүүгчдийн саналаар буюу фитнесийн спортоор хичээллээд гаргасан амжилтаар би тэргүүлсэн. Харин Уранзаяа маань үзэгчдээс хамгийн их санал авсан. Улмаар нийлбэр дүнгээр бид хоёрын оноо тэнцээд, явцын дундах тэмцээнүүдэд зургаан удаа ялагч болсон учир цорын ганц ялагч болж чадсан. Бүх зүйл шударга үзэгчдийн нүдэн дээр хэн нь хэдэн киллограмаар жингээ хасаж биедээ ямар өөрчлөлт хийснийг бүгд харсан. Тиймээс шүүгчдийг шударга шүүсэн гэж бодож байгаа. Шоуны турш их хичээ хөдөлмөрлөснийхөө шимийг амсаж, бодит үр дүн гаргасан гэж бодож байгаа. Хамгийн чухал нь би өөр өөрийгөө ялан дийлсэн.
-Шоуны турш явагдсан 11 сорилтоос хамгийн хүнд нь ямар даалгавар байсан бэ. Таны хоолойны өвчин бас их нөлөөлсөн байх?
-Хамгийн эхний даалгавар хамгийн хүнд байсан. Хоолой маань эмчилгээтэй, бүрэн эдгэрээгүй байсан учраас гүйх, агаарт алхах болон өгсөн даалгаврыг биелүүлэхэд маш хүндрэлтэй санагдсан. Тухайн даалгаврыг гадаа агаарт биелүүлэхэд ам руу салхи ороод амьсгалахад хүндрэлтэй болж эхэлсэн. Тиймээс эхний даалгавар үнэхээр хүнд байсан, одоо бодохоор хоолой хөндүүрлэх шиг л болж байна.
-Тэгэхээр таны хоолой нэлээд хүнд өвдсөн байжээ?
-Өмнө хоолойгоо өвдсөнийг мэдэхгүй ханиад гэж бодоод тоохгүй яваад байсан юм. Сүүлдээ улам хүндрээд хоолой гарахаа болиод зайлшгүй эмчид үзүүлэх шаардлага үүссэн. Эмч үзээд шууд хэвтэн эмчлүүлэх хэрэгтэй гэж оношилсон. Жүжигчин хүнд хоолой хамгийн чухал хөдөлмөрийн багаж зэвсгийн нэг. Хоолойгоо өвчлүүлчхээд ахиж жүжигчнээрээ ажиллаж чадахгүй бол яана, дуулж чадахгүй бол ямар харамсалтай вэ гэж бодож их цочирдсон. Энэ хугацаанд өнгөрсөн амьдралаа эргээд бодоход би үнэхээр өөрийгөө хайрлаж амьдраагүй байсан. Өөрийнхөө биеийг огт хайхралгүй орхисон. Энэ мэт зүйлс маань шоунд ороход өөрийгөө эргүүлж авчрахад нөлөөлсөн.
-Эмч шоунд орохыг тань хориглосон уу?
Тухайн үед эмч маань "та эмнэлгээс гараад нэг сарын хугацаанд дэглэм сайтар сахина. Чанга дуу гаргахгүй, дуу дуулахгүй, хөгжим, телевиз зэргийг үзэж болохгүй. Нэг сарын хугацаанд чимээгүй орчинд байж эмчилгээ хийлгэнэ. Аль болох ганцаараа байвал сайн" гэж зөвлөсөн. Нэг сар эмчилгээ хийлгэсний дараагаар ахин үзүүлж цаашид яах эсэхээ шийднэ гэж хэлсэн. Энэ нь надын сэтгэл зүйд маш хүнд цохилтыг өгсөн. Би цаашид ажлаа орхиж, гэрийн мухар сахисан амьтан болох юм байна гэсэн айдастай байсан. Тиймээс өөрийгөө ийм арчаагүй нэгэн болгохгүй төлөө, ийм байдал хүргэсэн өөрийгөө өөрчлөхийн тулд энэ шоунд орж шинэчлэл хийх хэрэгтэй гэсэн шийдвэрийг гаргасан.
-Одоо таны хоолой бүрэн эдгэрсэн үү. Та өөрийгөө давж ялж, шинэ Отгонцэцэгийг бүтээж чадсан байна?
-Шоу дууссаны дараагаар миний хоолой бүрэн эдгэрсэн. Гэхдээ одоо хүртэл миний цүнхэнд хоолойны цацлага байна. Эмч маань хэдий эдгэрсэн ч үргэлжлүүлэн хоолойгоо анхаарах хэрэгтэй гэж зөвлөсөн. Эцэст нь энэ бүхний ард гарсандаа үнэхээр их баяртай байгаа.
-"Жин нэмэх шалтгааны нэг бол миний мэргэжил" гэж та шоуны үер хэлсэн. Жүжигчин хүн шөнө оройн цагаар зураг авалттай байх гэх мэт олон зүйл байдаг байх. Тэгвэл таны мэргэжил шоуны ялагч болоход дэм тус хүргэсэн болов уу?
-Энэ шоунд "Орхидос" киноны ээж, жүжигчин Отгонцэцэг биш хувь хүн Отгонцэцэг орсон. Тэгэхээр миний мэргэжил давуу тал болсон гэж бодохгүй байна. Хүн амжилт гаргахад тухайн хувь хүний тэсвэр тэвчээр, хичээл зүтгэл асар их нөлөөлнө. Тийм учраас "нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр" гэдэг үг гарсан биз. Би жүжигчин учраас энэ шоунд ялаагүй. Харин хувь хүн Отгонцэцэг хэн бэ гэдгээ харуулсан учир ялагч болсон.
-Шоунд орсноор анх удаа дэглэм барьж, дасгал хийж үзсэн-

-Шүүгчид таныг жингээ хасахаас гадна биеийнхээ галбирыг хамгийн сайн зөв гаргаж чадсан оролцогч гэж дүгнэсэн. Шоу дууссан ч үргэлжлүүлэн дэглэмээ барьж фитнесээр хичээллэх үү?
Мэдээж бүтээсэн энэ биеэ цаашид энэ хэвээр нь хадгалахыг хичээнэ. Уран бүтээлч хүн олны нүдэн дээр ил амьдардаг. Би үсээ шар өнгөөр будмаар байсан ч будах эрхгүй. Яагаад гэвэл би театрын тайзан дээр дүр бүтээнэ. Хумсаа улаан өнгөөр будмаар байсан ч будаж болохгүй. Тэгэхээр миний үс, нүүр царай, гар хөл бүхий л зүйлс уран бүтээлд зориулагдах ёстой. Өөрийгөө тухайн дүр уран бүтээлдээ бүрэн зориулах хэрэгтэй. "Анухай фитнес шоу"-нд орохын өмнө "Траума" гэдэг нэртэй найман ангитай кинонд тоглосон. Анх удаа олон ангид кинонд тоглож байгаа маань тэр. Тиймээс киноныхоо дүр зориулж жин нэмсэн. 2008 онд "Орхидос" киноны ээжийн дүрд тоглосноос хойш 17 жилийн дараа анх удаа ээжийн дүр бүтээсэн. "Орхидос" киноны ээжийн дүрээс ялгарахын тулд дүрээ баяжуулах шаардлага үүссэн. "Траума" кино ээжийн дүр бол олон жил хүүхдийнхээ төлөө гэсээр өөрийгөө тоохоо больсон дүр. Тиймээс "Орхидос" киноны ээжээс ялгарахын тулд жин нэмье гэж шийдсэн. Гэх мэт ажлаа нэгт тавиад эрүүл мэндээ хоёрт тавьж байсан маань буруу гэдгийг ойлгосон. Энэ биеэ өөрийнхөө дуртай зүйлдээ зориулж явсан болохоос биш өөрийнхөө биеийг бодож, гоо сайхан, төгс биеийг урлаж бүтээж чадаагүй. Би хэзээ ч хоолны дэглэм барьж, фитнест дасгал хийж үзээгүй хүн. Анх удаа энэ шоунд орсноор дэглэм барьж, дасгал хийж үзсэн. Хүн өөрийнхөө биеийг бүтээхэд ямар их хөдөлмөр шаарддаг гэдгийг мэдэрсэн. Цаашид фитнесийн спортоор хичээллэнэ гэж бодож байгаа.
-Та АНУ-д нэлээд хугацаанд амьдарсан. Ирээд театрынхаа хаалгыг ахин татаж жүжигчнээр орсон. Яагаад театраа сонгох болсон бэ?
-АНУ-д кино зохиолч, продюсер мэргэжлээр мастер хамгаалсан. Ууг нь дэлгэцийн урлаг тал руугаа мэргэжил дээшлүүлсэн учир энэ төрлөөрөө уран бүтээлээ хийн гэсэн бодолтой байсан. Гэтэл Драмын театраас намайг АНУ-д байсан цаг хугацаанаас маань ажлын санал олон удаа ирсэн. Намайг Монголд ирэхэд ковид гарчихсан эдийн засаг хямралтай үе таарсан учир кино уран бүтээлүүд зогсонги байдалтай байсан. Өмнө олон жил ажилласан театртаа маш их хайртай болохоор театраа сонгосон.
-Дэлгэцийн уран бүтээлийн санал хэр их ирж байна?
-Одоогоор надад гурван киноны санал ирчихсэн байгаа. Яг үнэндээ зохиолоо унших завгүй өдрүүд байлаа. Тиймээс зөвшөөрөөд орсон кино уран бүтээл бол алга.
-Мэдээж үзэгчид таныг эсрэг дүрээр сайн мэднэ. Цаашид дэлгэцийн бүтээлд ямар дүрээр тоглох сонирхол байгаа вэ. Жүжигчин хүн бүхэл дүрд өөрийгөө сорих хүсэлтэй байдаг байх?
-Тэгэлгүй яах вэ. Жүжигчин хүн бүхий л дүрд тоглож өөрийгөө сорих хүсэлтэй байдаг. Ер нь бол баримлын шавар шиг, зуурсан гурил шиг л байх хэрэгтэй. Санал тавьсан дүрүүдийн зохиолоо уншаад тоглох тоглохгүйгээ шийднэ.
-Ярилцлагынхаа төгсгөлийн зочиндоо үлдээе. Шоуны турш таныг дэмжсэн хүмүүс, болон гэр бүлдээ, фитнесийн багшдаа хандаж талархал илэрхийлэх байх?
-Амьдралдаа анх удаа телевизийн том шоунд орж үзлээ. Энэ шоунд ороход ямар нэгэн дүр байгаагүй иргэн Отгонцэцэг л байсан. Энэ хугацаанд надад эерэг болон сөрөг олон сэтгэгдлүүд ирсэн. Тэр тусмаа надад хайртай маш олон хүн байдаг гэдгийг мэдэж авлаа. Мөн намайг хурцалсан бүх хүнд талархал илэрхийлмээр байна. Шоуны саналыг хүлээж аваагүй надад гурван удаа санал тавьж оролцуулсан нэвтрүүлгийн багийнханд баярлалаа. Эцэст нь өөрийгөө ялан дийлэх хүч, өөрийгөө эргэж олох хүсэл, шоуны цорын ганц ялагч болох хүчийг өгч байсан нууц хүн бол миний хүү байсан. "Ээж нь ямар хүн болохоо хүүдээ харуулна, миний хүү ээж шигээ хүчтэй хүн болно шүү" гэж хэлээд гэрээсээ гарсан. Би хүүдээ өгсөн амлалтаа, өөртөө өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд хичээсэн. Би амлалтдаа хүрсэн.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10настай хүүхэдтэй байж төрөөд удаагүй гэж юу яриад байсан бэ
Харин тийм жаахан хүүхдээ орхисон гээд таргалалт төрөхийнх гээд эсвэл кинонд тоглох гэж жин нэмсэн гээд юу ч худал яриад байгаа сайхан зальтай хорчин хүн шүү
Үнэн үзэсгэлэнтэй сайхан, авьяаслаг, хүчтэй, зорилготой бүсгүй шүү. Цаашид амжилт арвин байг. Отгонцэцэг гэж хүн яг л байгаагаараа байсан нь ялалт авчирсан. Зарим зүйл дээр дуугарах байсан. тухайлбал, тэр Ариунзаяа намхан, ширээн дээр гар гараа бариад хүчээ үзэхэд чи хагас суучихсан, нөгөө намхан нь зүгээр тонгойчихсон, тохой нь чинийх ширээн тулчихсан, Ариунзаягийнх хагас босоо тул гары чинь дээрээс хүчээр дарчихсан байсан. Энэ бол яг бичлэг. Тэгж хүнд залидуулаад дуугүй өнгөрч байхад чинь гайхсан. Хааяа дуугарах ёстой шүү дээ.
Чих хамар хоолой өвдсөн үедээ энэ хэцүү шоунд орж түрүүлсэнд нь үнэхээр их бахархаж байна. Цаашдынх нь уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье.
Хүүхэд болгон ээждээ жоохон хүүхэд. Жоохон хүүхэдтэй гэж ярихад юу нь болохгүй гэж. Өөрийгөө ялна гэдэг асар их тэвчээр, хөдөлмөр. Сайхан бүсгүйд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Бас сайн ахтай.Ану-д төрийн сангийн зээлээр сурсан.байр машин авахуулсан гэлцэнэ.Мэдээж хүүхдийг нь гаргасан.Анхнаасаа ганц бие ээж болно гэдгээ мэдэж байсан
Z####i Vgai
Төрөөд удаагүй байгаа гээд бсан даа ямар худалч юм бэ
Хамгийн гол фитнэссийн багшдаа талархлаа илэрхийлсэнгүйдээ...
Бичсэн, бичүүлсэн 2, нэг нь өөрийгөө хэт магтаж сэвээд, нөгөө нь бичиж байна гэж бөөн алдаа!
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Иим богинхон хугацааанд жин хасахч муудааа шоул юмдааа
kkk
Олон нийтийн сүлжээнд сайн ахтай ч гэх шиг ийм атаархуу юм битгий бичиж байгаач. Тэр хүний амьдралаар амьдарч үзээгүй байж. Хүүхэд, хөгшид янз бүрийн хүмүүс үзэж, уншиж байгаа. Энэ зохисгүй үг хэллэгтэй сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.