Дотоодын хүнс болон импортын барааны үнийн дарамт 2026 онд ч өндөр хэвээр байна
Дэлхийн банкны нийтэлсэн тайланд дурдсанаар, Монгол Улсын 2025 оны дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ийн өсөлтийн таамгийг өмнө нь энэ оны дөрөвдүгээр сард 6.3 хувь гэж тооцоолж байснаас 5.9 хувь болгон бууруулжээ.
Харин 2026 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 5.2 хувиас 5.6 хувь болгон нэмэгдүүлсэн байна.
Эдгээр сүүлийн үеийн өөрчлөлт нь АНУ-ын тарифын бодлогоос үүдэлтэй тодорхойгүй байдал дэлхийн эдийн засагт нөлөөлж буйтай холбоотой хэмээн Дэлхийн банк тайланд онцолжээ.
Түүнчлэн өнгөрсөн 9-р сард Азийн хөгжлийн банк Монгол Улсын 2025 болон 2026 оны ДНБ-ийн өсөлтийн таамгийг экспортын өсөлт сул, инфляцын нөлөө өндөр үргэлжилж буйг үндэслэн 5.7 хувь болгон бууруулсан.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд малын тоо толгой нэмэгдэх, мөн Оюу Толгойн далд уурхайн олборлолт эрчимжих нөлөөгөөр дэмжигдэх төлөвтэй байна. Гэвч нүүрсний экспорт сулрах, засгийн газрын зардал танагдах зэрэг хүчин зүйлсийн улмаас Азийн хөгжлийн банк (АХБ) эдийн засгийн өсөлтийн таамгаа бууруулжээ.
Азийн хөгжлийн төлвийн тайланд дурдсанаар, АХБ Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2025 болон 2026 онуудад тус бүр 5.7 хувь байна гэж төсөөлж байгаа нь дөрөвдүгээр сард дэвшүүлсэн 6.6 хувь (2025), 5.9 хувь (2026) гэсэн таамгаас бууруулсан үзүүлэлт.
Хятадын гангийн үйлдвэрлэлд нөлөөлж буй тарифын өсөлт, худалдааны хязгаарлалт зэргээс шалтгаалан Монголын экспортын ашигт малтмал, ялангуяа коксжих нүүрсний эрэлт 2025–2026 онд сул хэвээр байх төлөвтэй байна. Үүнээс гадна, Монголын Засгийн газрын зардлын таналт нь 2025 оны үлдсэн хугацаанд хэрэглээ болон төрийн хөрөнгө оруулалтыг сааруулах магадлалтай.
АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Ковлин “Дэлхий дахинд тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа ч Монгол Улсын эдийн засгийн өсөлт харьцангуй тогтвортой байх боломжтой. Гэхдээ ашигт малтмалаас хэт хамааралтай байдал, түүхий эдийн зах зээлийн хэлбэлзлээс үүдэх эмзэг байдлыг бууруулж, төрөлжсөн өсөлтийг дэмжих нь улам бүр чухал болсоор байна” хэмээн онцолсон юм.
2025 оны эхний хагас жилд Монгол Улсын нүүрсний экспортын эрчим сулран, зах зээлийн нөхцөл доройтсон тул уул уурхайн салбарын хувь нэмэр багасч, үүний зэрэгцээ эрчим хүч, барилгын салбар тэлснээр уул уурхайгаас бусад салбарууд өсөлттэй байлаа.
2026 оны эдийн засгийн өсөлт 5.7 хувийн төсөөлөлд үйлчилгээний салбар голлон нөлөөлөх бол уул уурхайн салбарын гүйцэтгэл өмнөх хүлээлтээс доогуур байх магадлалтай байна.
Инфляц 2025 оны эхний хагас жилд үнийн өсөлтийн нөлөө үргэлжилсэнтэй холбоотойгоор Төв банкны зорилтот түвшнээс давсан хэвээр байсан.
Хэрэглээний үнийн индекс энэ онд 8.6 хувиар өсөх төлөвтэй байгаа нь хэрэглээний сагсны шинэчлэл хийсний дараа дөрөвдүгээр сард таамагласан 9.1 хувиас бага үзүүлэлт юм. Дулаан, цахилгаан зэрэг нийтийн үйлчилгээний тарифын нэмэгдлийг хойшлуулсан нь үнийн дарамтыг дараагийн он хүртэл хойшлуулах хүлээлт үүсгэж байна. Үүний үр дүнд 2026 оны инфляцыг 7.2 хувь байна гэж шинэчлэн төсөөлсөн юм. Гэсэн хэдий ч дотоодын хүнс болон импортын барааны үнийн дарамт өндөр хэвээр байхаар байна.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүнсний хувьсгал болж байгаа тул хүнсний бүтээгдэхүүний үнэ буурч, хангалт өсч байгаа...