5 хүүхдийн ээж: Хүүхдүүд маань хуучин хувцас, цүнхтэй гэж шоолуулдаг. Хиргүй, цэвэрхэн явахад болоо шүү дээ
Өдөр бүр багадаа 15 км алхаж, хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч, авдаг эмэгтэй. Тэр таван хүүхэдтэй, өрх толгойлсон ээж. Нөхөр нь мөрийтэй тоглоом, бор дарсанд толгойгоо мэдүүлжээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Тэднийг хамгаалах хэн ч энэ хотод байхгүй учраас цагдаа дуудаж, баривчилгаанд явуулдаг. Одоогоор эзгүй, оны дараа суллагдаад ирнэ гэлээ.
Харин 4-18 насны таван хүүхдийн энэ ээж амьдралд хайртай нэгэн. Дэлгүүрийн шал, машин угааж, нийтийн байраар 10 гаруй жил амьдрахдаа олсон мөнгөнөөсөө бага багаар хадгалсаар өнгөрсөн намар таван ханатай гэр худалдан авчээ. "Гэрээ барьсан тэр өдөр мөрөөдөл минь биелэх шиг болсон. Нулимс тогтож өгөхгүй бөмбөрөөд, хүүхдүүд маань тойрч гүйлдээд л" хэмээн ярих ч тэдэнд давах ёстой олон даваа бий.
Гар гараасаа хөтлөөд алхахаас өөр сонголтгүй байгаа тэд ирэх жил машинтай болохоор төлөвлөөд байна.
Энэ тухайгаа, "Хүүхдүүдээ зуны амралтаар нь хөдөө явуулчхаад хэдэн ч ажил хамаагүй хийнэ. Эгчид нь үхэх, ядрах эрх байхгүй. Өвөл алхах хэцүү байна, машин авъя гээд байгаа юм. Хүүхдүүдийнхээ төлөө зүтгэж байгаад буян дээр нь жаргана даа л гэж бодож явдаг.
“Би ажилтай болохоороо ээждээ ууланд гардаг том машин авч өгнө. Дэлгүүр хэсдэг жижиг машин авч өгнө. Пентхаусанд ээжийгээ амьдруулна” гэдэг. Ийм дүүрэн мөрөөдөлтэй байгааг нь сонсох сайхан шүү. Миний хүүхдүүд хичээлийн юм нь дутахгүй, өмсөх хувцастай тэр нь цэвэрхэн байхад айлын хүүхдүүд юу ч гэж хэлсэн хамаагүй шүү л гэж хэлдэг. Ангийнх нь хүүхдүүд “чи энэ куртикийг хэдэн жил өмсөж байна” гэдэг гэсэн. Хуучин цүнхээ үүрээд очих ч тохиолдол гарна. Тэгэхээр “хуучин цүнхтэй хүүхэд, хуучин хувцас дандаа өмсдөг” гээд шоолдог гэсэн. Уг нь хиргүй, цэвэрхэн явахад л болоо шүү дээ" хэмээн ярилаа.
-Өдөрт хүүхдүүдээ зөөгөөд 15 км лав алхаж байна-

-Хотод олон жил амьдарч байна уу. Наашаа ирэх болсон шалтгаан юу байв?
-10 гаруй жил болж байна. Хань ижилтэй болоод амьдралаа босгоё, бүтээе гээд ирж байлаа. Өнгөрсөн хугацаанд ихэвчлэн нийтийн байранд амьдарсан. Энэ жил л таван ханатай гэртэй боллоо.
-Шинэ гэр авчээ?
-Тийм ээ, сая наймдугаар сард авсан.
-Өмнө нь дандаа нийтийн, түрээсийн байранд амьдарсан гэж байна. Өөрийнх биш гэдгээс л асуудал эхлэх байх. Үзэж туулсан зүйл олон байх?
-Нийтийн байр учраас нэгдүгээрт түрээсээ төлөхөөс л амьдрал эхэлнэ шүү дээ. Нэмээд хоногийнхоо хоол хүнсний мөнгийг яаж олох уу, хүүхдүүдээ яаж хоол ундтай байлгах уу гээд хэцүүгүй зүйл байхгүй. Хоолгүй байвал гарч гүйгээд, машин угаалгын газар очоод хоёр машин угаана. 30-40 мянган төгрөг олно. Тэр мөнгөөрөө хүүхдүүддээ хоолыг нь хийж өгнө. Одоо хүүхдүүд маань сургуульд ороод харьцангуй том болчихсон учраас гайгүй ээ. Хоолтой л бол бусад нь болчихдог болсон. Бага нялх байхад нь памперснаас эхлээд зардал их гардаг байлаа.
-Та хэдэн хүүхэдтэй юм бэ?
-Би таван хүүхэдтэй. Том нь 18 настай. Тэгээд 10, 9, 6, 4 настай.
-Багууд бүгд сургууль, цэцэрлэгт явж байна уу?
-Бага охиноос бусад нь сурагч. Энэ намар зургаан настай хүүхэд маань нэгдүгээр ангид орсон.
-Одоо нэг сар гартал гэртээ амрах юм байна даа. Цэцэрлэгийн жаахан байхгүй байна уу?
-Хүүхдүүдээ ганцаараа зөөдөг, хоёр ээлжээр хичээлдээ явцгаадаг болохоор бага охиноо цэцэрлэгээс нь авч амжихгүй оройтоод, дааруулчих гээд 24 цагийн цэцэрлэгт өгчихсөн. Сургууль гэр хоёрын хооронд хүүхдүүдээ зөөгөөд байнгын алхдаг болохоор жаахан хэцүү. Ядарснаа орой л мэддэг. Өдөрт хүүхдүүдээ зөөгөөд 15 км лав алхаж байна.
-Та тэгээд хэзээ нь ажил хийж амжаад байн?
-Гэрийн ойролцоо дэлгүүрт цэвэрлэгч хийнэ. Амралтын өдөр доошоо явж машин угаана. Өвөл болчихсон учраас галлагаандаа санаа зовоод хүүхдүүдээ даарчих болов уу гээд олон цагаар ажил хийж чадахгүй л байна. Энэ хавиараа цэвэрлэгээ хийгээд, цагаар бага цалинжаад түлээ нүүрсээ болгоод л…
-Авсан жаахан цалин өдрийн хэрэглээндээ л таарч байна уу?
-Өдрийн хэрэглээндээ л таарах юм, илүү гарахгүй.
-Ярианы эхэнд нийтийн байрнаас л амьдралаа эхэлсэн гэж хэлсэн. Энэ жил шинэ гэртэй болж. Их цэвэрхэн, дутуу юмгүй л харагдаж байна. Ганцаараа л энэ бүхнийг болгож байна уу?
-Ихэнх зүйлээ өөрөө л болгосон доо. Ажил хийнэ. Боломжоороо илүүчилж, хойш хадгална. Тэгээд нэг шинэ тавилга, цахилгаан бараа авна гэдэг байдлаар. Үнэхээр боломжгүй, авч чадахгүй юм байлгүй яах вэ. Таньдаг мэддэг, ойр дотнын хүмүүстээ үнэнээ хэлээд хэрэглэхгүй юм байвал авна. Эвдэрхий бол засаад, угааж цэвэрлээд болгочихдог. Зун хүүхдүүдийн хичээл амрахаар урт цагаар ажиллана. Машин угаалгын газар тун боломжийн шүү. Намар гэхэд хичээл сургуульд нь бэлдээд нааш нь цааш нь гээд болгоно доо.
-Та ер нь ганцаараа л зүтгээд байна уу?
-Хүүхдүүдийн маань аав нь гэж хүн бий л дээ. Мөрийтэй тоглоомд донтчихсон, архи дарс уудаг, их хартай. Бид хэд дээр байдаг. Гэхдээ ирээд агсам тавиад, зовоогоод байдаг болохоор цагдаа дуудаад өгчихдөг юм.
-Салаагүй юм байна, тийм ээ?
-Та хэдээс салахгүй гээд эргэлдээд л байдаг. Би бол чиний хэрэг гэж байхгүй явчхаа л гэдэг. Ирээд хэлэх хэлэхгүй үгээр доромжилно, согтуурхана. Тэгээд эцсийн зогсоол цагдаа дуудах. Энд намайг гэх хамаатан садан байхгүй учраас төрөөр л хамгаалуулдаг. Хөдөө байдаг хөгшин настай эцэг, эхээ зовоогоод яах вэ гээд хэлдэггүй юм. Одоо ямартай ч баривчилгаанд явчихсан байгаа.
-Гараад буцаад л хүрээд ирэх үү?
-Буцаад л хүрээд ирдэг. Хүүхдүүд маань хүртэл энэ аав ирээд биднийг л тамлаад байх юм. Тайван байлгаж болдоггүй юм байх даа гэдэг. Би муу ч сайн ч эцэг чинь шүү дээ. Очих газаргүй хойно ирэхгүй гээд яах вэ дээ гээд эвээр л хэлдэг юм. Нөгөө хүн нь тэгээд ирнэ. Ирлээ ч ажил хийхгүй, тус нэмэр болохгүй. Ажил хийгээд хэдэн төгрөг олоод ирэхээр мэдчихнэ. Өглөө сэрэхэд бүх мөнгөөр мөрийтэй тоглочихсон байдаг.
-Танай хүний аав, ээж, ах, дүү гэж хүмүүс байдаг уу. Хэлээд нэмэргүй юу?
-Байдаг ч хэлээд нэмэргүй. Хүн чинь тэгээд төрснөө л өмөөрдөг шүү дээ. Чи л болохгүй байгаа байлгүй дээ гэдэг.
-Холдох өөр арга байхгүй юу?
-Би бүр гайхаад л байна. Өнгөрсөн жил нэг сард хүүхдүүдээ аваад хөдөө очиж зургаан сар гаруй амьдарсан. Хөдөөд мөнгөгүй болчихлоо, гараад цагийн ажил хийчихье гэдэг юм байхгүй. Тогтмол ажил хийе гэхээр хүүхдүүд харах хүнгүй хэцүү юм билээ. Ийм шалтгаанаар буцаад л ирсэн дээ. Энд бол гараад таньдаг дэлгүүрийнхээ шалыг угаагаад мөнгө авчихна. Хүүхдүүдийнхээ заваар доошоо гүйж очоод хоёр гурван машин угаачихна гэдэг ч юм уу. Арай өөр л дөө.
-Ойр дотнын гэх хүмүүс нь хөдөө байна. Та энд ганцаараа, таван хүүхэдтэйгээ. Зарим зүйлээ бас нуудаг гэлээ. Нөхөр нэг тиймэрхүү. Ер нь тань амьдралаа хуваалцдаг, ярилцдаг хүн бий юу. Ганцаараа л дотроо хураагаад яваад байна уу?
-Хажуудах хүн хартай болохоор ч тэр юм уу. Ойрхон олон төрсөн болохоор ч юм уу. Гэрээсээ ч гарахаа больсон. Найз нөхөд ч үгүй болсон. Тэгээд ч хүний өмнөөс амьдраагүй болохоор бүхнээ ил яриад байдаггүй юм аа.
-Давчдах үе олон биз?
-Давчдах үедээ давчидна аа. Хүүхдүүдээ үнэрлээд, үнсээд л хийморь сэргэчихдэг.
-Хамгийн их хүчийг бол үр хүүхдүүд л өгдөг шиг байгаа юм?
-Үнэн. Тал талаас тэврээд хөөрхөн хөөрхөн юм их ярина аа. Ээж нь чадна аа л гэж хэлдэг. Ингэж л амьдардаг даа.
-Амьдарч байгаа хашаа нь түрээсийнх юм байна. Тодорхой хэмжээнд хэдэн төгрөг төлж байгаа байх. Хашаатай болъё гээд үнэ судалсан уу, та. Үнэтэй юм байна уу?
-Судалсан л даа. Би бол ойрын хэдэн жилдээ авч чадахааргүй юм байна лээ. Саяхан онлайнаар газрын хүсэлт гаргасан. Хүлээж авлаа гэж хариу ирсэн. Өөрөөр бол май гээд тоолж өгөөд авчих боломж үнэхээр алга л байна. Одоохондоо хэдэн хүүхдээ өлсгөхгүй, дааруулахгүй, юмаар дутаахгүйхэн шиг дулаахан гэрт байлгаж байвал л болоо гэж бодох юм.
-Манай 10 настай хүү “Миний муу ээж чинь эмэгтэй хүмүүсийг бодвол ээмэг бөгж зүүхгүй юм аа. Алмаазан шигтгээтэй, алтан бөгж авч өгнө” гээд л-

-Энэ юмны үнэ бас их өсөж байна аа. Бодит амьдрал дээр мэдрэгдэж байгаа биз?
-Цагийн ажлын мөнгөн дээрээ хүүхдийн мөнгөө нэмэрлээд болгочих гээд л зүтгэж байгаа юм. Жишээлбэл, нүүрс 3700 байснаа 5000 болоод нэмэгдчихлээ. Өдөрт нэг шуудай нүүрс, нэмээд мод орно. 20, 30 мянган төгрөг бариад дэлгүүр орохоор хоёр, гуравхан юм л авна. Хүнсээ граммлаад, ширхэглээд л авч байна.
Өргөн хэрэглээний барааны үнэ гэлтгүй хүүхдийн хувцас, куртикний үнэ бас нэмэгдчихсэн. Энэ жил хүүхдүүддээ гутал л авч өгсөн. Куртик бол үнэхээр чадаагүй ээ, чадал хүрээгүй. Хуучин куртикуудийг нь угааж өгөөд л явуулсан.
-Хүүхдүүд нь ээжийгээ хэр сайн ойлгож байна?
-Сайн ойлгоно оо. Хааяа нэг буруу хараад уйлахаар мэдчихээд “миний ээж найзтайгаа очиж уулзах юм уу, яамаар байна. Алив нэг үнэрлэчихье” гээд л тал талаас тэврээд авдаг.
-Амьдралд ганцдаад ирэхээр харамсах мэдрэмж төрж байсан уу?
-Нэг хэсэг яагаад заавал ийм хүнтэй ингэж амьдрах ёстой гэж гэж их боддог байсан. Гэхдээ өөрөө өөрийгөө л тайвшруулдаг учраас бурхны зурсан зураг, төөрөг нь ийм юм байлгүй ч гэж бодно. Ихэнхдээ ийм сайхан хүүхдүүдтэй чи хамгийн баян хүн шүү л гэж өөртөө хэлдэг дээ.
-Хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл мэдээж хязгааргүй байх?
-Мэдээж. Хүүхдүүдийнхээ төлөө зүтгэж байгаад буян дээр нь жаргана даа л гэж бодож явдаг. “Би ажилтай болохоороо ээждээ ууланд гардаг том машин авч өгнө. Дэлгүүр хэсдэг жижиг машин авч өгнө. Пентхаусанд ээжийгээ амьдруулна” гэдэг. Ийм дүүрэн мөрөөдөлтэй байгааг нь сонсох сайхан шүү. Миний хүүхдүүд хичээлийн юм нь дутахгүй, өмсөх хувцастай тэр нь цэвэрхэн байхад айлын хүүхдүүд юу ч гэж хэлсэн хамаагүй шүү л гэж хэлдэг. Ангийнх нь хүүхдүүд “чи энэ куртикийг хэдэн жил өмсөж байна” гэдэг гэсэн. Хуучин цүнхээ үүрээд очих ч тохиолдол гарна. Тэгэхээр “хуучин цүнхтэй хүүхэд, хуучин хувцас дандаа өмсдөг” гээд шоолдог гэсэн. Уг нь хиргүй, цэвэрхэн явахад л болоо шүү дээ.
-“Ямар ч ядуу хүнд хирээ угаах савангийн мөнгө олддог л байхгүй юу” гэдэг өнөөх үг санаанд орлоо?
-Савангийн мөнгө олдолгүй яах вэ. Байгаагаа тордоод, цэвэрхэн өмсөхөд заавал шинэ гэх шаардлагагүй биз дээ.
-“Хүүхдүүд дүүрэн мөрөөдөлтэй байх сайхан” гэж та хэлсэн. Ээжийгээ дагаад амьдралд хайртай болсон санагдлаа?
-Манай 10 настай хүү “бушуухан 16 нас хүрэх юм сан. Ээждээ тусалж, ажил хийгээд мөнгөө өгнө. Миний муу ээж чинь эмэгтэй хүмүүсийг бодвол ээмэг бөгж зүүхгүй юм аа. Алмаазан шигтгээтэй, алтан бөгж авч өгнө” гээд л. Анзаардаг шиг байгаа юм. Ээж нь зүүх сонирхолгүй шүү дээ гэхээр “худлаа яриад л, авах мөнгөгүй юм байж” гэдэг /инээв/. Одоогийн хүүхдүүдэд ойлгохгүй, мэдэхгүй юм гэж алга. Заримдаа хэтэрхий ийм байгаад нь цухалдмаар ч юм шиг. Үнэхээр ухаантай, хэрсүү болж. Хүүхдүүдээ түшиж, энерги хүч авч л хорвоог туулж байна даа.
-10 гаруй жил нийтийн байранд амьдраад өнгөрсөн намар л өөрийн гэсэн шинэ гэртэй болсон тэр үеийн мэдрэмжийг асуухаа мартсан байна?
-Энэ гэрийг маш олон жил мөрөөдсөн. Гэрээ барьж байхдаа л нулимс бөмбөрөөд байсан. Би чадлаа л гэж бодсон. Айлын гэр түрээсэлж барьдаг байсан минь бодогдсон. Хүний юм гэдэг хэцүү шүү дээ. Тайван хөлөө жийгээд ч сууж болдоггүй.
Хэзээ ороод ирэх бол, юу гэх бол гээд л. Тэгээд ч тэр юм уу өөрийн гэрээ барихад нулимс тогтож өгөхгүй урсаад л байсан. Барьж дуусаад дотор нь ороход үнэр нь яасан ч гоё юм. Хүүхдүүд маань гэрээ тойрч гүйлдээд л…Бараг мөрөөдөл маань биелэх шиг болсон.
-Мөрөөдөл биелчихээр мөрөөдөл биш болдог шүү дээ. Шинэ зүйл мөрөөдөж эхэлдэг. Бүгд л ийм. Та хэдийн маань дараагийн хүсэж, мөрөөдөж буй зүйл юу байгаа бол?
-Нэг их том зүйл хүсэхгүй ээ. Хөөрхөн жижиг газартай болчхоод тэндээ таарсан мини хаустай болно гэж боддог. Харин хүүхдүүд “муу ээж минь бид хэдийг явган зөөгөөд ядраад байх юм. Лизингээр ч хамаагүй машинд олддоггүй юм байх даа” гээд байгаа. Ээж нь тогтсон ажил эрхэлдэггүй, нийгмийн даатгал төлдөггүй болохоор лизингээр машин олдохгүй шүү дээ гэхээр “ямар хамаатай юм бэ. Урьдчилгаа сая төгрөг л төлнө гэж байна шүү дээ. Хүүхдүүдийнхээ 400 мянган төгрөг дээр 600 мянгыг нэмээд болчих юм байна. Өвөл алхах хэцүү байна аа” гээд л. Ээж нь ирэх зун машинтай болно оо гэхээр “зун байхдаа яах вэ дээ, өвөл болооч” гэсэн. Зун л сайн ажиллана даа. Хүүхдүүд маань ч амраад хөдөө явчихна. Тийм болохоор машин угаалгадаа ажиллаад, дэлгүүрээ ирж цэвэрлээд гүйнэ дээ.
-Хоёр ажил хийх юм уу?
-Хийнэ ээ. Олдож л байвал хамаагүй, хэдэн ч ажил хийнэ. Ядрахгүй шүү дээ. Ядарсан ч хүүхдүүдээ бодоод хүч орчихно.
-Тэгж байгаад сөхрөөд уначих вий дээ?
-Унахгүй ээ. Одоо бол үхэх ч эрхгүй амьдарч байна. Хүүхдүүдээ их, дээд сургуульд ортол үхэж болохгүй гээд өөртөө амлачихсан байгаа.
-Баяр ёслолоор хүүхдүүдийнхээ хүслийг хэр гүйцэлдүүлж чадаж байна?
-Мэдээж бүгдийг нь чадахгүй л байна. Хоёр жилийн өмнөөс айлын хуучин гацуур зассан юм. Нураад уначихаар нь хаячихсан чинь энэ жил заавал гацуур авна гээд цэцэрлэгийн охин маань нэхээд болдоггүй. Судалсан чинь багадаа 100 мянган төгрөг гэж байна. Бас 300 мянга ч гэж байсан. Тэр мөнгөөр өөр олон зүйл хийж болно шүү дээ. Гацуурыг бол хэдхэн өдөр засаад л буулгана. Баярын өдөр оройн хоол, салат, жимс, бэлэг гээд авах зүйл олон. Тэр мөнгөөрөө гацуур авчихна гэхээр хэцүү л дээ. 100 мянган төгрөг чинь их мөнгө.
Би дөрвөн хүү ганц охинтой. Ганц охин маань ингээд нэхээд байхаар хэцүү юм. Үгүй гэж хэлж чадахгүй. Буруу хараад заа авч өгнө өө л гэдэг. Нүүр рүү нь харахаар хэзээ гэж асуух юм шиг санагдаад. Цэцэрлэгээсээ өнөөдөр ирээд асуух байх. Плаж, цүнх бас авна гэсэн. Аргалаад өөр юмаар хуураад өнгөрөхөөс өөр аргагүй л байна.
-Та хичнээн хэцүү шантармаар байлаа ч аав ээж, ах дүүдээ хэлдэггүй гэсэн. Санаа зовоод уу эсвэл?
-Жаргасан ч зовсон ч миний амьдрал шүү дээ. Би энэ бүхнийг эхлүүлсэн. Ганцхан би амьдраад, ганцхан би л зовоод байгаа юм уу гэвэл үгүй. Бүгд өөр өөрийн амьдралтай. Хүнд гай болоод яах вэ л гэж боддог юм.
-Хөдөө бол амьдрахгүй л гэж шийджээ дээ?
-Хөдөө амьдрах гэхээр их жижигхэн санагддаг. Гараад ажил хийх боломжгүй. Бас дээр нь хүмүүсийн хэл ам үнэхээр хэцүү. “Өө тэдний охин эцэггүй баахан хүүхэд дагуулаад ирчихсэн” гэж ярина. Хүүхдүүд нь “танай ээж ядуу, машингүй. Та нар аавгүй юм биш үү” гэдэг. Хүүхдүүд маань уйлаад ирэхээр юу ч хэлж чадаагүй. Тэгээд хэн ч танихгүй газраа амьдаръя. Тэнд миний хүүхдүүдийг хэн юу гэж хэлдэг юм. Сургуулиас нь хэн нэгэн хүн авч л байна. Аавтай юм уу, үгүй юм уу хэн ч мэдэхгүй шүү дээ. Харин хөдөө орон нутаг өөр юм байна лээ. Гэхдээ тэр хүүхдүүдийн буруу гэж юу байх вэ. Эцэг, эх нь эсвэл багш нар хоорондоо тэгж ярьсан гэсэн үг шүү дээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм амьдралд хайртай хүнд яагаад хорооноос нөгөө түмэн халамжнаас очихгүй байна..
Ингээд эзнээ олдоггүй халамж шүү дээ...
Эрч хүчтэй, ухаантай мундаг бүсгүй юм.
ИЙМ ХҮМҮҮС ЗААВАЛ АМЖИЛТАНД ХҮРДЭГ МӨРӨӨДӨЛДӨӨ ЗААВАЛ ХҮРНЭЭ ЧИ МАШ БАЯН ЭМЭГТЭЙ ШҮҮ ЧИНИЙ САЙХАН ҮРСҮҮД ӨСӨЖ ӨНДИЙГӨӨД ЭЭЖИЙГЭЭ БӨНДИЙТӨЛ АВААД ЯВЧИХНА.ЯАГААД ГЭВЭЛ ҮРСИЙХЭЭ ТӨЛӨӨ ИНГЭЖ ИХ ХИЧЭЭЖ БАЙГААГ ЧИНЬ ХАРААД ОЙЛГООД АРАВХАН НАСТАЙ БАЯЦХАН ҮР ЧИНЬ БАРГИЙН ХҮНИЙ ХАРААГҮЙ ЗҮЙЛИЙГ ХАРААД ХЭЛСЭН БАЙНА ШҮҮ ДЭЭ.ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ ШҮҮ.ЭМЭГТЭЙ ЧИ ЧАДНАА ИЙМ ХҮМҮҮСИЙГ ТЭНГЭР БУРХАН ХАРДАГ ЮМ ШҮҮ НЭГ Л ӨДӨР ТА УХААЛАГ ҮРСИЙХЭЭ БУЯНЫГ ЭДЛЭНЭ ИЙМ МУНДАГ ЭЭЖИЙХЭЭ ТӨЛӨӨ ҮРС ЧИНЬ ХИЧЭЭЖ БАЙГАА.ХАРИН ТЭР МУУ НӨХӨР ЧИ МУУ ХӨӨШ БАГА ДАВРААРАЙ ААЛЗ МИНЬ БАС ХАРДАНА ГЭНЭЭ БИТГИЙ ХУЦ ГӨЛӨГӨӨ ЧАМ ШИГ ЛАЛАРТАЙ БАЙСНААС БАЙГААГҮЙ НЬ ДЭЭР ОДОО БАРИВЧАЛГААНААС ГАРААД ЛАЛАРАА ӨВГӨНТИЙН ХАР ДУНГАРМААГИЙН БАГТ ОЧ ЗА ЮУ? ЧИ АМЬДРАЛДАА НЭМЭР БОЛОХГҮЙ БАЙЖ БИТГИЙ ГАЙ ЛАЙ БОЛ ТЭГЖ АЛЦАГНАЖ ДАЛЧИГНАЖ БАЙЖ ГӨЛӨГӨӨ БАЛРАВАА ТАНАЙ ГЭР БҮЛИЙГ ХАМГААЛАХ БАЙРАНД АВААЧААД ЧАМАЙГ БАЙРАНД ЧИНЬ ТАВИНА ШҮҮ.МУУГАА МЭДЭХГҮЙ МӨРИЙТЭЙ ТОГЛОНО ӨРӨӨСӨН БӨӨРӨӨ ЗАРААД ЛАЛАРАА ЭХНЭРТЭЭ ХҮҮХДҮҮДДЭЭ МАШИН АВЧ ӨГӨӨЧ ЭСВЭЛ БҮХ ЭРХТНЭЭ ЗАРААД ЛАЛАРАА ГЭР БҮЛЭЭ САЙХАН БОЛГОЧИХООД АМАР САЙХАН ЖАРГААЧ.БАНДИ НАР ӨСНӨӨ ЧИ ҮҮНИЙГ АЗТАЙ БОЛ ҮЗНЭ ЧАМАЙГ БОЛ ЭВХЭЭД ТАВЬЧИХНА ЧИ МУУ АРХИЧИН НҮДЭЭ Ч ЦАВЧИЖ АМЖИХГҮЙ ТЭНГЭР ХАРНАА ХАРИН ӨСӨЖ ӨНДИЙЖ БАЙГАА ЗАЛУУСТ БҮҮ ГАЙ БОЛООРОЙ .ГАНЦ ЦОХИХОД ЧИ МУУ ЛАЛАР ӨМДӨНДӨӨ ӨТГӨН ШИНГЭНЭЭ ГАРГААД ААВАА ЭЭЖЭЭ АВРААЧ БОЛНО ШҮҮ.ЭМЭГТЭЙД ЗӨВЛӨХӨД ЕРӨНДӨГ ТАВИУЛЧИХАА ЕРӨН НААД МУУГАА БИТГИЙ ОРУУЛ БИ ЭНЭ БҮХЭНД САНАА ТАВИХАА АМЛАЯ ТЭР МУУ НӨХӨР САНААТАЙ ААЛЗАА ОДОО ЧИ ЦУСТ НУДРАГА БҮЛГИЙН АНХААРАЛД ИЙНХҮҮ ОРЖ ИРЛЭЭ ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ АЗАРГАЛЖ ДЭЭРЭЛХДЭГ ГАРУУДЫН ХҮМҮҮЖҮҮЛДЭГ ЦУСТ НУДРАГА БҮЛЭГ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ.
Хиргүй цэвэрхэн хуучин хувцас ичих зүйл огтоос биш.Харин бохир хиртэй байвал энэ нь яалт ч үгүй ичих зүйл мөн. Цэвэрхэн хувцастай, усанд орсон хүн маш итгэлтэй зоригтой байдаг гэдэг үнэн шүү.
мундаг бүсгүй байнаа амжилт чи чаднаа
Ёстой мундаг эмэгтэй байнаа.хүүхдүүд нь том болоод жаргах цаг ирнэ дээ.өөдрөг байгаарай.
Охиныхоо багадсан шинэ шахуу хувцаснаас өгөх юмсан. Охин маань одоо 1 анги.
дүүргийн газрын алба болон холбогдох хүмүүс төрөөс олгодог бүхий л үйлчилгээг үзүүлмээр юм
Энэ хүүхэнд хэдэн төгрөг цуглуулаад өгмөөр л юм байна..дансаа бичээсэй..
Хорооноос нь анхаарал хандуулаад ажилаа хийгээд сэтгэл санааг нь тайван байлгах нөхцөлийг нь бүрдүүлж өгмөөр юм хүн сэтгэл санаа тайван бөйхад бусад юм бас учиртай шүү ядаж ирээдүйн хүүхдүүд хүртэл хүмүүжил сэтгэл зүйд нөлөөлнө. Тэр донтчихсон нөхрийг нь хол л байлгах хэрэгтэй ямар арга хэмжээ авдийн байгаан хороо уг нь жоохон ажилаа хийгээд иргэддээ анхаарчихвал
Ёстой мундаг бүсгүй байна. Холбогдох юмсан. Утас. Хаяг байна уу.
Энэ Д.Мөнхбат сэтгүүлч энэ эмэгтэйг хүмүүстэй холбож өгч чадна биз дээ. Холбогдох. Бага ч гэсэн туслах хүмүүс зөндөө л байгаа даа.
SHOOLHIIG BUU TOO
Бүх юм сайхан болно гэдэгт итгэ
Эх хүн хүүхэд хүүхэд гэсээр байгаад нэг л мэдэхэд нас талийсан байдагшд
Жинхэнэ бодитой монгол амьдрал жинхэнэ хүний үнэртэй монгол эмэгтэй байна. Одоогийн Монгол хүний ялзарсан сэтгэхүй хөдөөгийн аймшигт ялгаварлан гадуурхдаг зан монгол хүүхдүүдийн ядарсан ядуугаа дээрэлхдэг мөнгөтэй баячуудыг шүтэн биширдэг хүмүүжил бол сайн бүхэнд садаа гай болж байна.
хиргүй хувцастай сайхан сэтгэлтэй явхад болондоо гэж бодсоор л яваадаа
Хаягийг нь тавиачэээ..нэмэр болох гсн иргэд б.ашүү