УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ҮХЦ: "ЕС-д итгэл хүлээлгэх эсэхийг 7 хоногийн дараа хэлэлцэх" нь хууль дээдлэх зарчимд НИЙЦЭЭГҮЙ

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр боллоо.

Хуралдаанаар, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

Энэхүү хуралдаанаар тус хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж заасны “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн ...” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “… Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. ...” гэж заасанд нийцээгүй; түүнчлэн тус хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж заасны “... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш ...” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор ... шийдвэрлэнэ.” гэж заасанд нийцээгүй гэж шийдвэрлэж, эдгээр зохицуулалтыг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэх тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг гаргалаа.

Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэж, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуулийн цэцийн шийдвэр буцаж үйлчлэх хүрээг тодорхойлсон учир дээрх дүгнэлт нь гарсан цагаасаа хойш (ex nunc) үйлчлэх бөгөөд буцаж үйлчлэхгүй үр дагавартай болохыг тэмдэглэж байна.


Энэ тухай өмнө нь тайлбарлан хүргэснийг доорх линкээр уншина уу.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button