НИЙГЭМНийгэм мэдээ

"Ерөнхийлөгчийн цом"-д хамгийн олон түрүүлсэн Ховдынхон үзүүр нэмж, Сэлэнгэ аймаг хоёр дах түрүүгээ хүртлээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 114 жилийн ойн өдөр өчигдөр тохиолоо. Угтаа 114 жилийн урьд буюу 12-р сарын 29-ны өдөр Хаант Монгол Улсыг байгуулан Манжаас бүрэн тусгаарласан байдаг. Тиймээс тус өдрөөр бид 100 гаруй жилийн өмнөх түүхийг эргэн санаж эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Эл өдөр төрийн тэргүүн салбарын шилдгүүдэд одон медаль гардуулж, "Ерөнхийлөгчийн нэрэмжит цом"-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай.

Анх 2011 онд зохион байгуулж, чансаа өндөр 128 бөх барилдуулахад Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Улсын арслан Ц.Содномдорж тухайн үед харцага цолтой үзүүрлэж байсан түүхтэй. Тэр цагаас хойш 2020 онд цар тахлын улмаас ганц жил зохиогдоогүй өнжсөн байдаг. Тус барилдаан чансаагаараа Улсын баяр наадам болон Цагаан сарын барилдааны дараагаар нэрлэгддэг. Нэг ёсондоо тухайн жилийн хамгийн сүүлийн барилдаан бөгөөд "ирэх жилийн өнгийг тодорхойлдог" гэж бөхийн хүрээнийхэн ярьдаг.

- Ерөнхийлөгчийн цомыг үүрд хадгалахад Б.Орхонбаярт ганц түрүү үлдлээ -

Тэгвэл өнгөрөсөн хугацаанд "Ерөнхийлөгчийн нэрэмжит цом"-ыг төлөөх барилдаанд үзүүр түрүүнд үлдсэн бөхчүүдийг эргэн санах юм бол,

  • 2011 онд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага  Ц.Содномдорж үзүүрлэсэн
  • 2012 онд Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, улсын гарди Д. Рагчаа үзүүрлэсэн.
  • 2013 онд Улсын начин Б. Пүрэвсайхан түрүүлж, Улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн
  • 2014 Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй
  • 2015 онд Улсын заан Пүрэвсайхан түрүүлж, Улсын аварга Санжаадамба үзүүрлэсэн
  • 2016 Улсын харцага Р.Пүрэвдагва, улсын аварга Ч. Санжаадамба үзүүрлэсэн.
  • 2017 Улсын харцага Т. Баасанхүү түрүүлж, улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэсэн
  • 2018 онд Улсын аварга Хангай түрүүлж, улсын  аварга Батсуурь үзүүрлэсэн.
  • 2019 онд Улсын харцага Б. Бөт-Өлзий түрүүлж, улсын начин Ц. Одбаяр үзүүрлэсэн
  • 2021 онд Улсын харцага Б. Бат-Өлзий түрүүлж, улсын гарди М.Бадарч үзүүрлэсэн
  • 2022 онд Улсын арслан Б. Орхон баяр түрүүлж, улсын харцага Г. Бадрах үзүүрлэсэн
  • 2023 онд Улсын начин Д. Амарсайхан түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэсэн.
  • 2024 Улсын начин Э.Батмагнай түрүүлж, улсын заан Б.Серик үзүүрлэж байсан юм.

Тусгаар тогтнолын бэлгэдэл, болсон Ерөнхийлөгчийн нэрэмжит цом жил бүр шилжин явдаг уламжлалтай бөгөөд түрүүлсэн бөхчүүдийн нэрийг суурь хэсэгт монгол бичгээр сийлж үлдээдэг байна. Энэ нь жил жилийн цом хүртсэн хүчит бөхчүүдийн хийморь цогц оршдог хэмээн бэлгэшээж түрүү бөхчүүдийн нэрийг сийлж, шилжүүлэн хадгалуулдаг байна.

Харин үүрд хадгалагдах дурсгалын цом нь тусдаа байдаг бөгөөд жижиг хэлбэртэй цомыг жил бүр хүртсэн бөхчүүдэд дурсгадаг аж. Тэрчлэн нэг бөх цомыг гурван жил хүртвэл үүрд хадгалах эрхтэй болох юм. Одоогоор Улсын аварга С.Мөнхбат, арслан Б.Орхонбаяр, заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий нар тус тус хоёр түрүү хүртээд буй.

Хүүгээсээ өөр хүнд олон унаагүй Э.Батмагнай тахим буулгаж, анх удаа аймгийн цолтон түрүү булаалдав

Харин энэ жил Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай нар зүүн барууныг магнайлан барилдав. Нэгийн даваанд аварга П.Бүрэнтөгс сумын заан М.Өсөхбаярт, улсын арслан Э.Оюунболд аймгийн начин А.Ширнэндагват, улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн начин Б.Доржжүгдэрт тус тус тахим буулгалаа. Мөн нэгийн даваанд улсын цолтой бөхчүүдээс улсын заан Б.Батмөнх, Д.Анар, М.Лхагвагэрэл, Ц.Одбаяр, улсын харцага Г.Ганхуяг, Ш.Пүрэвгарьд, О.Мөнх-Эрдэнэ, Г.Бадрах, Э.Ууганбаяр, Д.Бат-Эрдэнэ нарын бөхчүүд аймгийн арслан, заан цолтнуудад өвдөг шороодов.

Нэгийн даваанаас эхлээд аварга, арслангууд унасан барилдааны хоёрын даваа хөлс хүч гаргасан өрсөлдөөнөөр үргэлжилсэн юм. Хоёрын давааны оноолтоор түрүү бөхийн тааварт нэрлэгдэж байсан улсын заан С.Сүхбатыг Ховд аймгийн арслан М.Баяржавхлан давж таамаг эвдэв. Мөн улсын харцага цолтой гурван бөх аймгийн арслангуудад тахим буулгалаа. Тэрчлэн гурвын даваа тааврын дагуу болсон бол дөрвийн давааны оноолт нэлээд шуугиан тарьсан юм.

Хүүгээсээ өөр хүнд олон унаагүй байгаа өнгөрсөн жилийн цомын эзэн Улсын арслан Э.Батмагнай улсын цолонд ойрхон яваа Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоожтой оноолт тарсан. Хоёр бөх өмнө нь "Алтан цом"-ын төлөөх барилдаанд тааран барилдаж хурц арслан хавирах мэхээр давж байсан бол энэ удаад мөн хавирах мэхээр давсан юм. Унах дургүй байгаа залуу арслан Э.Батмагнайг хоёр барилдаан дараалан хавирах мэхээр хурц арслан Д.Алтанцоож давлаа.

Хурц арслан Д.Алтанцоожыг тавын даваанд Улсын саруул сайжрах заан Б.Пүрэвсайхан амлан авч барилдан өвдөг шороодсон юм. Энэ жилийн цомын барилдаанд аймгийн цолтой хоёр бөх их шөвөгт үлдэж улмаар 13 жилийн дараа анх удаа аймгийн цолтой бөх үлдсэн тохиолдол болов. 2012 онд одоогийн Улсын начин Ц.Чимэддорж аймгийн арслан байхдаа шалгарч байсан түүхтэй аж. Тэгвэл их шөвөгт Улсын арслан Б.Орхонбаяр хурц арслан Д.Алтанцоожыг амлаж, Ховд аймгийн хоёр бөх хоорондоо тунасан нь Улсын заан Б.Бат-Өлзий, аймгийн арслан М.Баяржаргал нар байв. Улмаар энэ жилийн "Ерөнхийлөгчийн нэрэмжит цом"-ын төлөөх барилдааны түрүү үзүүрт Улсын арслан Б.Орхонбаяр, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдсэн.

-Аварга, арслан, заануудыг давж үзүүрлэсэн 24 настай М.Баяржавхлан-

Тус барилдаанд долоо даван түрүүлсэн бөх Б.Орхонбаярын давсан бөхчүүдийн мэдээллийг хүргэж байна.

  • Нэгийн даваанд- Цэргийн начин А.Дорждэрэм
  • Хоёрын даваанд- Аймгийн начин Б.Доржжүгдэр
  • Гурвын даваанд- Аймгийн арслан Н.Намнансүрэн
  • Дөрвийн даваанд- Аймгийн арслан У.Батцоож
  • Тавын даваанд- Улсын заан Н.Жаргалбаяр
  • Зургаагийн даваанд- Аймгийн арслан Д.Алтанцоож
  • Долоогийн даваанд- Аймгийн арслан М.Баяржаргал нарыг давсан байна.

Харин Ховд аймгийн арслан М.Баяржавхлан зургаан даван үзүүрлэсэн бөгөөд түүний давсан бөхчүүдийн мэдээллийг хүргэж байна.

  • Нэгийн даваанд- Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ
  • Хоёрын даваанд- Улсын заан С.Сүхбат
  • Гурвын даваанд- Улсын харцага Э.Даш
  • Дөрвийн даваанд- Улсын аварга О.Хангай
  • Тавын даваанд- Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Зургаагийн даваанд- Улсын заан Б.Бат-Өлзий нарыг давж үзүүрлэсэн юм.

Тэрбээр энэ жил 24 настай, 189 см өндөр 150 кг жинтэй юм байна. 2018 онд буюу 17 настайдаа сумын заан цол хүртэж байсан бол мөн 2020 онд сумын заан цолоо батлаж байжээ. Улмаар 2021 онд аймгийн начин цол хүртсэн байна. Харин одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023 онд аймгийн арслан цол хүртсэн түүхтэй.

"Ерөнхийлөгчийн нэрэмжит цом"-ыг Ховд аймгийн бөхчүүд хамгийн их хүртсэн бөгөөд 2013, 2015, 2018, 2019, 2021 онуудад авсан байна. Мөн 2023 он болон 2025 онд үзүүрлэсэн амжилттай болж байгаа юм. Түүний дараагаар Увс аймаг гурван түрүү нэг үзүүртэй бол Булган аймаг хоёр түрүүтэй аж. Харин Б.Орхонбаяр хоёр дахь удаагаа түрүүлж Сэлэнгэ аймаг хоёр түрүүтэй болж байна. Сэлэнгэ, Баянхонгор аймгууд тус бүр нэг түрүүтэй юм.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БАС Л НӨГӨӨ НУТГАРХАХ, ЖАЛГА ДОВНЫ ҮЗЛЭЭ ШИНГЭЭЖ, “АРЬС ӨНГӨӨР ГАРУУРХАХ” ҮЗЛЭЭ ШИНГЭЭСЭН БОДЛОГОО БӨХ БАРИЛДСАН “НААДАМД” ШИНГЭЭЧИХЛЭЭ!!!
ИЙМ ХАГАРАЛТАЙ “МОНГОЛ” ХӨГЖИХГҮЙ ЭЭ!!!

Холбоотой мэдээ

Back to top button