НИЙГЭМНийгэм мэдээ

4 хүүхдээ галаас аварсан А.Энхбаяр: Эхнэр минь намайг хайрласаар ирсэн. Цаашдаа ч олон зүйлээс хамгаална гэдгийг мэдэж байна

Анх есөн настайгаасаа циркийн урлагаар хичээллэж эхэлсэн А.Энхбаяр. Өдгөө 20 гаруй жил тасралтгүй циркийн урлагаар хичээллэж байна. Тэрбээр энгийн нэг өдөр хүүхдүүддээ хоол хийгээд зогсож байтал гэрт нь байсан хийн газ дэлбэрч гал гарчээ. Тухайн үед тэдний тагтан дээр 10 литр шатамхай бодис болох бензин байсан аж. Тиймээс А.Энхбаяр дөрвөн хүүхэд, орон гэрээ галаас аврахын тулд нүцгэн гараараа тав минут гаруй галтай ноцолдож, унтраажээ. Улмаар түүний нүүр болон хөл гарын арьс түлэгдэж 14 хоногийн турш эмнэлгийн орноос босоогүй байна.

Энэ хугацаанд түүний эхнэр Л.Давааням нөхрөө асарчээ. Тэрбээр циркийн жүжигчин мэргэжилтэй бөгөөд одоо тэд хамтдаа "Нар, сар" нэртэй уран нугаралтын хичээлийг хүүхдүүдэд ордог байна. Л.Давааням 15 настайгаасаа эхэлж нөхөртөө дурласнаар тэдний хайрын түүх эхэлсэн аж. Таван жил үерхсэний эцэст гэрлэлтээ батлуулж, албан ёсоор айл гэр болж дөрвөн хүүхдийн эцэг эх болцгоожээ.

Тэд өөрсдийн ажил мэргэжлээрээ сургалтын газар байгуулж, ирэх жил долоо дахь жилтэйгээ золгох гэж байна. Анх хоёр хүүхэдтэй эхэлсэн тэдний сургалтын газар одоо хоёр салбарт 70 гаруй шавьтай болж өргөжин тэлжээ. Амьдралын олон өнгийг туулж яваа тэдний гэр бүлтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

-Миний нөхөр дөрвөн хүүхэд, орон гэрээ авч үлдэхийн төлөө эцэг хүний зориг гаргасан-

-Таны цахимд бичсэн пост олон хүний анхаарлыг татсан. Тэр тухай яривал?

-Манай гэрт хийн газ дэлбэрээд гал гарсан юм. Тэр үед нөхөр маань гэртээ хүүхдүүдтэй хамт байсан. Гал гарах үед хүүхдүүдээ аваад гэрээс гарах боломж байсан ч манай нөхөр тэгээгүй. Өөрийн дөрвөн хүүхэд болон орон гэрээ хамгаалахын тулд гал руу орж, тав гаруй минут нүцгэн гараараа галтай ноцолдон байж унтраасан. Галын улмаас бие нь их хэмжээгээр түлэгдсэн. Нүүр, хүзүү, гар, хөл нь битүү түлэгдсэн юм. Эмнэлэгт нэлээд хоног хэвтээд, бие сайтай хүн учраас эдгэрсэн. Бүрэн эдгэрээд хичээлдээ орсон л доо. Хүүхдүүд маань "эрэгтэй багш хэзээ хичээл орох вэ" гэж үргэлж асууна. Манай нөхөрт сайн ханддаг юм. Тиймээс нөхрийнхөө дугуйлангийн хүүхдүүдээ хичээл зааж байгаа видео бичлэгийг нь цахим сүлжээнд тавьтал хүмүүс "ямар сэжгийн юм бэ, энэ багш биш байхаа, муухай царайтай юм байна" гэх мэт сэтгэгдэл үлдээсэн байсан. Нэг биш нэлээд олон удаа ийм сэтгэгдэл үлдээсэн байдаг. Заримыг нь хэлэхэд ч бэрх. Үүнд нь би эмзэглээд нөхөртөө харуулж болохгүй гээд сэтгэгдлүүдийг нь устгадаг байсан юм. Гэхдээ манай нөхөр тэр сэтгэгдлүүдийг уншдаг байсан юм байна лээ. Сүүлд тэрийг нь би мэдсэн.

-Хүний тэвчээр алдагдах үе байна шүү дээ, та тэвчээр алдраад залруулга болгох постыг цахим хуудаснаа бичсэн байх нь?

-Яг тэгсэн. Хүний тэвчээр нэг өдөр алдагдаг юм байна лээ. Хүний амьдралд юу тохиолдсоныг нь мэдэхгүй байж хүмүүс ямар муухайгаар хэлдэг юм бэ гэж бодсон. Миний нөхөр дөрвөн хүүхдийнхээ төлөө, орон гэрээ авч үлдэхийн төлөө эцэг хүний зориг гаргаж гал руу орж түлэгдсэн. Үүнийхээ төлөө яагаад доромжлуулах ёстой юм бэ, үнэнийг нь хэлэх ёстой юм байна гэж шийдсэн. Тэгээд нөхрөөсөө зөвшөөрөл аваад цахим сүлжээнд пост оруулсан.

-Маш олон хүн та хоёрыг дэмжсэн, сэтгэлийн дэм, урам зориг өгсөн байсан?

-Муугаасаа сайн нь их байдаг юм байна. Маш олон хүмүүс бид хоёрыг дэмжиж, сэтгэлийн хүч өгсөн. Мөн манай нөхөртэй адилхан түлэгдсэн олон хүмүүс байсан. Тэр хүмүүс хүртэл сэтгэлийн дэм өгсөн нь үнэхээр сайхан санагдсан.

-Хүзүүгээ хугалаад хэвтэрт байхад намайг 15 настай охин асарч байсан нь миний эхнэр-

-Танд болон танай гэр бүлд тохиолдсон харамсалтай зүйлийг сонссон. Орон гэрээ бүтэн авч үлдэхийн төлөө нүцгэн гараараа галыг унтраасан танаар их бахархаж байлаа. Тухайн үед ямар үйл явдал болов?

-Би өмнө галын үзүүлбэр үзүүлдэг байсан юм. Түүнийгээ хийж сурахын тулд шатамхай бодис ашигладаг. Гал гарсан тухайн өдөр манай тагтан дээр тоглолтод ашиглах 10 литр бензин байж таарсан. Гал тогоонд өглөө 11 цагийн үед хоол хийгээд зогсож байтал гэнэт хажууд гал гарсан. Хамгийн түрүүнд тагтан дээр байгаа бензин рүү гал орох юм бол байраараа дэлбэрэх эрсдэлтэй гэж бодогдсон. Тиймээс том хүүдээ "дүү нараа аваад хаалгаар гараарай" гэж хэлсэн. Галыг үлээж унтраах боломжгүй учраас "зодож" л унтраадаг. Тиймээс гал тогооноос эхэлсэн галыг тагт руу орохоос нь өмнө унтраах хэрэгтэй болсон. Ус цацаж байгаад араас нь орж "зодож" унтраасан. Өөрөө түлэгдэж байгаагаа мэдсэн хэдий ч өөр сонголтгүй байсан. Би хаяад зугтвал орон гэргүй болно, хөршүүдээ хохироож байраараа галд өртөх учраас орхиж яваагүй. Тав орчим минут ноцолдсоны эцэст унтрааж чадсан.

-Ахиж галтай үзүүлбэрээ хийх үү?

-Ахиж галтай үзүүлбэрээ хийхгүй байхаар шийдсэн. Одоо гал харахаар л айдаг болсон. Тагтан дээрээ хэзээ ч шатамхай зүйл хадгалахгүй гэж өөртөө амласан. Ер нь айл бүхэн гэртээ гал унтраах хортой байх ёстой юм байна. Хэрэв тэр үед манай гэрт галын хор байсан бол би өөрийн эрүүл мэндээрээ хохирохгүй байх байсан л даа.

-Галд түлэгдээд, эдгэрээд удалгүй циркийн үзүүлбэрээ ахин хийсэн гэсэн. Түлэгдсэний дараагаар урлагтаа ахин ирэх ямар байсан бэ?

-Эдгэрэхэд циркийн спортоор хичээллэж байсан маань их нөлөөлсөн. Эмч "чи эрүүл чийрэг биетэй хүн учраас хурдан эдгэрсэн. Арьс чинь нөхөн төлжих нь хурдан байна" гэж хэлсэн. Тиймдээ ч 14 хоног эхнэрээрээ сахиулаад хөл дээрээ боссон. Эмнэлгээс гарчхаад дасгал хийгээд жаахан л хөлсөө гаргачихвал арьс маань улам илүү төлжөөд байгаа юм шиг санагддаг байсан. Удалгүй л бэлтгэлээ хийж хүүхдүүдээ хичээл зааж эхэлсэн л дээ.

-Одоо бол арьс нь бүрэн төлжиж эдгэрсэн үү?

-Ер нь бол бүрэн эдгэрч арьс нөхөн төлжсөн. Гарын хэсгээр сорви үлдсэн. Хүмүүст муухай харагдаад байх шиг байгаа юм. Тэр хүмүүс юу гэж харна, түүгээрээ л бодохоос өөр яах вэ. Гэхдээ муугаасаа сайн нь их хорвоо юм даа.

-Таны хувьд маш олон удаа хүнд бэртсэн байна. Хүнд бэртлээс эргэж ирэхэд мэдээж таны эхнэр нөлөөлсөн байх. Циркийн спортын хамгийн хүнд нь юу байсан бэ?

-Намайг гадаадад ажлаа хийж байхад энд гэр бүлийн хүн маань нас барах нь хамгийн хүнд тусдаг. Хамгийн аймар нь тухайн үед надад хэлээгүй учир нь тоглолтын үед сэтгэл санаа нь тогтворгүй болоод алдаа гаргаж бэртэх эрсдэлтэй байдаг. Тоглолтоо дуусгаад гэр бүл дээрээ ирлээ гээд ортол аав маань байхгүй зөвхөн зураг л үлдсэн байх нь хамгийн хүнд, хэцүү зүйл.

-Эхнэрийн тань бичсэн постыг хараад маш их бахархсан. Таныг мэдвэл сэтгэлээр уначих нь гээд ирсэн сэтгэгдлүүдийг хүртэл устгаж байсан байна?

-Миний эхнэр намайг хайрласаар ирсэн. Цаашдаа ч үүнээс олон зүйлээс намайг хамгаална гэдгийг нь би мэдэж байна. Өмнө би бэртэхэд ч манай эхнэр намайг асарч байсан. Турк улсад 2007 онд тоглолтын үеэр хүзүүгээ хугалаад босож чадахгүй хэвтэж байхад манай эхнэр 15 настай охин намайг асарсан. Миний дотуур хувцсыг угааж, надад хоол цай зөөсөн хүн бол миний хань. Энэ бүхний ар дээр бид хоёр аз жаргалтай амьдарч байна.

-Бид хоёрыг салгах гэж тоглолтоор өөр өөр улс руу хуваарилж байсан-

-Турк улсад таны нөхөр тоглолт хийж байгаад хүзүүгээ хугалж хүнд бэртсэн юм байна. Тухайн үед та 15 настай охин тоглолтоор хамт явж таараад нөхрөө асарч байсан байх нь?

-Тухай үед нь манай нөхөр хүнд гэмтэл аваад үе мөч нь ямар ч мэдээгүй болсон. Хагалгааны дараагаар мэдээ орсон ч хэвтрийн дэглэм барих шаардлагатай болсон. Тэр үед нь би тоглолтоор хамт явж байсан учраас асарсан. 15 настай байсан хэр нь сэтгэлтэй ах маань учраас тусалсан юм шиг байгаа юм /инээв/. Өөртөө хоол хийж идэж үзээгүй байж дурласан ахынхаа хамаг зүйлийг хийж байсан даа. Тухайн үед манай ээж эмээ хоёр "урлагийн хүн цагаан гартай байх ёстой" гээд надаар гэрийн ажил огт хийлгэдэггүй байсан. Тэр үед нөхрийгөө ямар мундаг ах вэ гэж бодон шүтэж дурласан байх. Манай хүн чинь үнэхээр мундаг циркийн спортоор дүүлж, нисэж явсан охидын шүтээн хүн байсан шүү дээ. Манай нөхөр хүзүүгээ хугалж, шөрмөсөө тасалж байсан. Гэсэн хэдий ч циркээ орхиогүй, тийм зоригтой хүн.

-Хоорондоо зургаан насны зөрүүтэй, тухайн үед насанд хүрээгүй жаахан охин байсан учраас ойр дотнынхон нь та хоёрыг эсэргүүцэж байсан болов уу?

-15 настай охин 21 настай залуу гэхээр тухайн үед мэдээж эсэргүүцэж байсан. Хамт явсан багийн ахлагч, жүжигчид бүгд надад "ингэж болохгүй, болдоггүй юм" гэх мэтээр зөндөө их хэлсэн. Хүн дурлачихаар сохор болдог гэдэг шиг л юм болсон. Хүмүүс яаж ч хэлсэн миний бодол өөрчлөгдөөгүй. Манай нөхөр ч дурлахаас араггүй сайхан залуу байсан. Бид хоёрыг холдуулах гээд өөр өөр улс руу тоглолтоор хуваарилж явуулдаг байлаа. 10 сар, нэг жилийн хугацаагаар хүртэл хоёр тийш нь явуулж байсан. Тэгсэн хэдий ч бид хоёрын сэтгэл холдоогүй. Үргэлж холбоотой байсаар эхнэр нөхөр болсон доо. Магадгүй учрах ёстой хүмүүс гэдэг нь байх.

-Нэлээд эсэргүүцлийг даван туулсан байна. Энэ бүхний эцэст албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөд хэзээ гэр бүл болов?

-Таван жил үерхсэний эцэст 20 нас гараад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн. Тухайн үед эсэргүүцэж байсан хүмүүс хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Харин миний ээж анхнаасаа бид хоёрын талд байсан. Тиймээс ч энэ бүх эсэргүүцлийг давсан байх. Эцэст нь том хүүгээ төрүүлээд нэг гэрт амьдраад санаа амарсан /инээв/.

-Маш олон зүйлсийг даван туулж яваа, туршлагатай гэр бүлийн хувьд залуу хосуудад хандаж зөвлөгөө өгвөл?

-Тайван сууж байгаад нэгнийхээ нүд рүү хараад ярилцаж сурах хэрэгтэй санагдсан. Гол нь тайван байх хэрэгтэй. Тайван бус бол хэрүүл болно. Эхлээд ярилцаж сурахад хугацаа шаардагддаг юм шиг санагдсан. Амьдралын явцад ээж, аав болсон хойно ярилцаж сурдаг байх. Хөтлөх, тэврэх гэх мэт энгийн зүйлсээ больж болохгүй шүү гэж хэлмээр байна.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөвхөн хүүхдүүд гэр орноо ч биш байр орцоороо галд өртөж маш том осол болохоос сэргийлсэн хүн юм бна шдээ. Зоригтой авхаалжтай бас хариуцлага хүлээж чаддаг залуу бна.

Зочин
Зочин

Сайхан гэр бүлд аз жаргал хүсье.

Зочин
Зочин

сайхан түүхтэй хүчирхэг хосууд байна. амжилт.

Зочин
Зочин

Мундаг залуу 4 хүүхэдээ аварч өөрөө амьд байгаа нь гавьяа шүү. Авьяастай залууд баяр хүргье. Шинэ оноо сайхан угтаарай.

зүч
зүч

хүнийг гаднах царай төрхөөр нь дүгнэхээсээ өмнө ямар учиртай юу болсныг нь мэдэж байж дүгнэж бай гэж аав маань хэлж билээ....

тэнэг хууль. Зочинкк
тэнэг хууль. Зочинкк

амжилт залуусаа..сайхан залуу бнаа

Холбоотой мэдээ

Back to top button