АНУ Гринланд руу дайрвал НАТО дуусгавар болно гэж Данийн ерөнхий сайд анхаарууллаа
АНУ НАТО-гийн холбоотон орон болох Данийн вант улсын Гринланд руу дайрвал НАТО-гийн төгсгөл ирнэ гэж Данийн ерөнхий сайд Метте Фредериксен анхааруулжээ. Тэрбээр Данийн “TV2” телевизэд ярилцлага өгөхдөө “Хэрэв АНУ НАТО-гийн гишүүн орон руу зэвсэгт хүчнээр халдахаар шийдвэл бүх зүйл дуусгавар болно. Үүнд НАТО, дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон аюулгүй байдал орно” гэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд тусгай ажиллагаа явуулж, Ерөнхийлөгч Николас Мадурог барьсныхаа дараа улсад нь Гринланд хэрэгтэй гэж хэлсэн. Тэрбээр “The Atlantic” сэтгүүлд хэлэхдээ аюулгүй байдлын үүднээс АНУ-д Гринланд маш их хэрэгтэй гэсэн юм. Трамп ингэж хэлсэн нь АНУ Гринландыг эзлэх гэж оролдоно хэмээх айдсыг сэргээжээ. Европ болон Хойд Америкийн хооронд стратегийн байршилд оршдог Гринланд нь АНУ-ын баллистик пуужингаас хамгаалах системийн хувьд чухал цэг. Мөн тус арал байгалийн баялаг ихтэй тул газрын ховор металлын хувьд БНХАУ-аас хамааралтай байдлаа бууруулах гэсэн Вашингтоны ашиг сонирхолд нийцэж байгаа юм.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.