АНУ анх удаа Украинд аюулгүй байдлын баталгаа олгохыг дэмжив
АНУ анх удаа Украины холбоотнуудын эвслийн уулзалтад оролцож аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхийг дэмжив. Тэрхүү уулзалтад оролцсон Украины холбоотон орнуудын удирдагч нар хэлэхдээ, тэрхүү аюулгүй байдлын баталгаа нь ОХУ дахин довтолсон тохиолдолд Украиныг дэмжинэ гэх үүрэг бүхий амлалттай байна гэжээ.
Энэхүү амлалтыг Парис хотноо болсон Европын орнуудын "Сайн дурынхны эвсэл"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан байна. Сайн дурынхны эвсэл өгсөн амлалт нь гал зогсоосон тохиолдолд Украинд аюулгүй байдлын баталгаа олгоно. Тодруулбал Франц, Их Британи хоёр гал зогсоосны дараа Украин руу цэргээ илгээнэ гэх амлалт бүхий бичигт гарын үсэн зурсан юм.
Өмнөх хэлэлцээнүүдээс ялгаатай нь энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад АНУ-ын төлөөлөгчид болох Стив Виткофф, Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жаред Кушнер нар оролцжээ. Мөн АНУ-ын Европ дахь ерөнхий командлагч, генерал Алексус Гринкевич уулзалтад оролцсон байна. Тэрбээр өмнөх өдөр нь Европын орнуудын зэвсэгт хүчний генералуудтай аюулгүй байдлын баталгааны нарийн асуудлуудыг хэлэлцжээ.

Хэлэлцээнд оролцсон Виткофф ОХУ-тай АНУ-ын хийж буй хэлэлцээг ахалдаг. Тэрбээр уулзалтын дараа "Ерөнхийлөгч Трамп аюулгүй байдлын баталгаа олгохыг тууштай дэмжиж байгаа" гэсэн юм. Тэрбээр Франц, Герман, Их Британи болон Украины удирдагчидтай хамтарч хэвлэлийн бага хурал хийхдээ "Аюулгүй байдлын протоколууд нь аливаа халдлагаас сэргийлэх, Украиныг хамгаалах зорилготой. Урьд өмнө нь өгч байсан ямар ч баталгаанаас хүчтэй баталгаа болно" хэмээсэн байна.
Трампын хүргэн Кушнер “Эцсийн тохиролцоо аюулгүй байдал нь хангагдсан, найдвартай хамгаалалттай, дахин ийм зүйл болохгүй гэсэн жинхэнэ баталгаатай байх ёстой" гэжээ.
Гал зогсоох тохиролцоог хянах ажлыг АНУ-аар ахлуулах санал дэвшүүлсэн
Сайн дурынхны эвсэл АНУ-ын удирдлага дор гал зогсоох тохиролцоог хянах, шалгах ажил явуулах санал дэвшүүлсэн гэж мэдэгдэлдээ дурджээ. Үүнийг заавал АНУ-ын цэргүүд бус харин дрон, мэдрэгч систем болон хиймэл дагуулуудыг ашиглан хэрэгжүүлж болно гэж тэд үзэж байгаа юм.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хэлэлцээний дараа Телеграм дээр "Уулзалтын үеэр хүрсэн тохиролцоо Европ болон сайн дурынхны эвсэл бодит энх тайвны төлөө нухацтай ажиллахад бэлэн байгааг харууллаа" гэж бичжээ. Гэхдээ гал зогсоох тохиролцооны хяналтын механизм хэрхэн ажиллах, Украины армийг хэрхэн дэмжиж, санхүүжүүлэх нь тодорхойгүй хэвээр байгааг онцолсон байна.
АНУ аюулгүй байдлын баталгаа, гал зогсоох тохиролцоог хяна шалгах болон Украины сэргээн босголт зэрэг бүх салбарт гол тулгуур болж ажиллахад бэлэн байгаад Зеленский талархаж буйгаа илэрхийлжээ.
Зеленскийн мэдэгдлийг АНУ албан ёсоор батлан мэдээлэл хийгээгүй байгаа. Мөн АНУ-ын гүйцэтгэх үүргийг энхийн төлөвлөгөөний өмнөх хувилбартай харьцуулахад зарим талаар сулруулжээ. Тухайлбал, Украинд байрлах олон улсын хүчнийг дэмжихэд АНУ-ын армийн чадавх, тоног төхөөрөмжийг ашиглах тухай заалтыг хасжээ. Ямартай ч АНУ-ын төлөөлөгчид уулзалтад оролцож, хүчтэй байр суурь илэрхийлсэн нь Вашингтон аюулгүй байдлын баталгааг дэмжиж буйн нотолгоо гэж Европын албан тушаалтнууд үзэж байна.

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас хойш дөрөв гаруй жил үргэлжилж буй дайныг зогсоох дипломат ажиллагаа эрчимжсэн. Тэр сард АНУ, ОХУ хоёр хэлэлцэн 28 зүйл бүхий энхийн төлөвлөгөө олон нийтэд ил болсон.
Тэрхүү анхны саналыг Европ, Украин хоёр ОХУ-ын ашиг сонирхлын талд хэтэрхий хазайсан байна хэмээн үзэж Вашингтонтой хэд хэдэн удаа хэлэлцэн өөрчилсөн. Шинээр боловсруулсан энхийн төлөвлөгөөний тал дээр Москва буулт хийх шинжгүй байна. Мөн Европын холбоотнууд Украинд цэргээ байршуулж аюулгүй байдлын баталгаа өгөхийг ОХУ зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй. Москва өмнө нь НАТО-гийн гишүүн орнуудын цэрэг Украинд байрлахыг хатуу эсэргүүцэж байсан билээ.
Саяхныг хүртэл Европын холбоотнууд Украины зэвсэгт хүчинд цэргийн тусламж, улсын төсөвт санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд анхаарч ирсэн. Харин одоо дайн дууссаны дараа ОХУ дахин түрэмгийлсэн тохиолдолд Украиныг хамгаална гэх заавал биелүүлэх баталгаанд анхаарал хандуулж эхэллээ.
Сайн дурынхны эвсэл нэгдсэн мэдэгдэлдээ "Гаргаж өгөх амлалтад дахин түрэмгийлсэн тохиолдолд цэргийн хүчин чадал, тагнуул болон логистикийн дэмжлэг үзүүлж, дипломат санаачилга, нэмэлт хориг арга хэмжээ авах зэргийг багтааж болно" гэжээ. Одоо тэд хуулийн дагуу заавал биелүүлэх амлалтуудаа эцэслэн батлах ажилдаа орно гэж мэдэгдэлд бичсэн байна.
Уулзалтад оролцсон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Польшийн Ерөнхий сайд Дональд Таск, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони нар хэлэхдээ энэхүү мэдэгдэл нь Европ болон АНУ Украины асуудлаар нэгдмэл байр суурьтай болсныг харууллаа гэжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Америкын аюулгүй баталгаа бол нойлын цаас юм
За даа, тэнэг хүн л тэгж хэлнэ дээ !