Гадаад мэдээДЭЛХИЙ

Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна

Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. Z үеийнхэн идэвхтэй оролцсон тэрхүү жагсаалын үр дүнд есдүгээр сарын 12-нд Непал улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болсон билээ. Ерөнхий сайдаар томилогдсон Дээд шүүхийн тэтгэвэртээ гарсан шүүгч Сушила Карки энэ гуравдугаар сард сонгууль явуулах амлалт өгсөн.

Гэвч тэр цагаас хойш Непалын шилжилтийн засгийн газар болон Ерөнхий сайд Карки ихээхэн шүүмжлэлд өртөх болжээ. Зарим залуус өөрсдийнхөө тэмцлээр байгуулсан засгийн газрынхаа эсрэг дахин жагсаж эхэлжээ. Өнгөрсөн хэдэн долоо хоногийн хугацаанд Ерөнхий сайдын ажлын байрны гадна хэсэг хүмүүс жагсаж, цагдаа нар зарим цуглааныг хүчээр тараахад хүрсэн байна.

Өнгөрсөн жилийн жагсаалын үеэр хөлөө хугалсан Суман Бохара "Бид дахиад л гудамжинд гарахаас өөр аргагүй боллоо. Засгийн газар өгсөн амлалтаа биелүүлж чадахгүй байна. Амиа алдсан хүмүүсийн гэр бүл, бэртсэн маш олон хүн хүлээлттэй байгаа ч засгийн газар ямар нэгэн зүйл хийсэнгүй. Өөр арга байхгүй учраа жагсаж байна" гэж хэлжээ.

Шилжилтийн засгийн газрын авлигатай тэмцэх алба зөвхөн нэг л авлигын томоохон хэргийг шалгаж байгаа юм. Тэрхүү мөрдөн байцаалтын хавтаст материалд нь улс төрийн нөлөө хүмүүсийн нэр багтаагүй байна. Харин авлигын хэрэгт буруутгагдаж буй улс төрчид ирэх сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж байгаа аж. Есдүгээр сарын үймээний үеэр эрх барьж байсан улстөрчдөд ч хэрэг үүсгээгүй байгаа юм.

Залууст нэгдсэн байр суурь дутагдаж байна

Непалын алуус дунд нэгдсэн шаардлага байхгүй, хэд хэдэн бүлэгт хуваагдан өөр өөр шаардлага тавьж байгаа юм. Зарим нь Ерөнхий сайдыг шууд сонгох сонгууль явуулах, одоогийн үндсэн хуулийг цуцлах, өмнөх бүх улс төрчдийг шоронд хорихыг шаардаж байгаа юм. Z үеийнхний хөдөлгөөнийг төлөөлж буй гэх хэд хэдэн хүн байгаа ч тэднийг нэгтгэсэн удирдагч эсвэл байгууллага байхгүй.

Шинжээчдийн үзэж байгаагаар, есдүгээр сараас хойш жагсагчид нэгдсэн зорилготой болоогүй нь гол саад тотгор болж байгаа аж. Катманду хотын Полигон сэтгүүл зүйн коллежийн захирал Абирал Тапа "Непалд үүсээд буй нөхцөл байдал нь залуусын бүлгүүд яг юу шаардаж буйгаа, засгийн газар хэрхэн бүрдсэнийг нарийн ойлгоогүйгээс үүдэлтэй" гэжээ.

Зарим залуус гуравдугаар сарын сонгуулийг эсэргүүцэж эхэлсэн байна. Тэд  зөвхөн парламентыг дахин сонгох гэж жагсаагүй гэдгээ мэдэгдэж, авлигачдыг зогсоож, баривчлахыг шаарджээ. Харин өөр нэг бүлэг нь авлигатай тэмцэх шинэ хууль тогтоогчдыг сонгохын тулд сонгууль явуулах ёстой гэж үзэж байгаа юм.

Тапа "Жагсагчид анхнаасаа бүх зүйлийг нарийн төлөвлөөгүй. Тэд авлигыг зогсоож, сошиал медиад тавьсан хоригийг цуцлахын тулд л тэмцэж эхэлсэн. Бодит байдал дээр тэд буга агнахаар гараад бар барьсан юм шиг л зүйл боллоо. Өөрөөр хэлбэл, жагсаал санаанд оромгүй эргэлтэд хүргэж, засгийн газар унасан" гэжээ. Гуравдугаар сард амласан ёсоор сонгууль болно гэдэгт эргэлзэж буйгаа тэр илэрхийлсэн ч үүнээс өөр арга зам байхгүй хэмээсэн байна.

Эх сурвалж: AP

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Мөнх
Мөнх

Төр.улс бол хүүхдийн тоглоом биш

Зочин
Зочин

Чиггүй хүүхдүүд бүр самраад нийт иргэдийн амьдрал доройтдог явдал бас болдог шүү

Холбоотой мэдээ

Back to top button