Европын орнууд ОХУ-аас байгалийн хий оруулж ирэн Украины дайныг санхүүжүүлж байна гэж буруутгагдлаа
Украины дайн эхлээд дөрөв гаруй жил өнгөрөөд байна. Дайныг дуусгах дипломат ажиллагаа сүүлийн долоо хоногуудад эрс эрчимжсэн. АНУ, ОХУ-ын хамтран боловсруулсан 28 зүйл бүхий энхийн төлөвлөгөө өнгөрсөн арваннэгдүгээр сард ил болсон байдаг.
Тэрхүү төлөвлөгөө Москвагийн ашиг сонирхолд хэт хазайсан байна хэмээн Европ болон Украины албан тушаалтнууд үзэж, АНУ-тай хэд хэдэн удаа хэлэлцэн өөрчилсөн. Дайн эхэлснээс хойш Украины хамгийн том дэмжигч нь Европын холбоотнууд байсан билээ. Тэгвэл Европын орнуудын засгийн газрууд ОХУ-ын Украинд хийж буй дайныг санхүүжүүлж байна гэж буруутгагдаж байна.
Шинэ тоо баримтаас үзвэл, Кремль өнгөрсөн жил шингэрүүлсэн байгалийн хийн экспортоос 7.2 тэрбум еврогийн орлого олжээ. Брюссель 2027 он гэхэд ОХУ-аас шингэрүүлсэн байгалийн хий импортлохоо бүрэн зогсооно гэж амласан. Гэвч Сибирийн Ямалын хойг дахь ОХУ-ын үйлдвэрээс Европын боомтуудад ирж буй байгалийн хийн хэмжээ огт буураагүйг судалгаа харуулж байна.
"Urgewald" хүний эрхийн байгууллага мэдээлснээр, 2025 онд хойд мөсөн далайгаар дамжин 15 сая тонн шингэрүүлсэн Европын боомтуудад хүргэгдсэн байна. Үүнээс Кремль 7.2 тэрбум орчим еврогийн ашиг олжээ. Европын орнууд ОХУ-аас хийн хоолойгоор дамжуулан авдаг байгалийн хийн хэмжээгээ багасгасан.
Гэвч Ямалын хийн экспортод Европын холбооны эзэлдэг хувь өнгөрсөн жил нэмэгджээ. Тодруулбал өнгөрсөн жил Ямалын байгалийн хийн экспортын 76.1 хувь нь Европын холбоо руу гарсан байна. Энэ нь өнгөрсөн жилийн 75.4 хувиас өссөн үзүүлэлт юм. Ингэж шингэрүүлсэн байгалийн хий импортлох нь одоогоор хууль ёсны хэвээр байгаа юм.
Төв болон зүүн Европын орнууд эрчим хүчний хувьд ОХУ-аас хамааралтай байгаа тул дайн эхэлснээс хойш Европын холбоо шингэрүүлсэн байгалийн хийнд хориг тавихаас татгалзаж ирсэн. Ямалын хийг тээвэрлэхэд логистикийн гол үүрэг гүйцэтгэдэг Европын хоёр компанийн нэг нь Их Британид төвтэй "Seapeak" юм. Сүүлийн үеийн судалгаагаар "Seapeak" компани Ямалын хийн 37.3 хувийг, харин Грекийн "Dynagas" компани 34.3 хувийг тээвэрлэжээ.
Ямалын хийг тээвэрлэдэг мөс зүсэгч "Arc7" ангиллын 14 тусгай танкерын 11 нь "Seapeak" болон "Dynagas" компанид харьяалагддаг. "Seapeak" компанийг Америкийн "Stonepeak" хөрөнгө оруулалтын фирм эзэмшдэг байна. ОХУ-ын шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж буй хөлөг онгоцнуудад далайн тээврийн үйлчилгээ үзүүлэхийг энэ жилээс эхлэн хориглоно гэж Их Британи мэдэгдсэн.

"Urgewald"-ын эрчим хүч, хориг арга хэмжээний мэргэжилтэн Себастьян Рөттерс хэлэхдээ "Европын холбоо ОХУ-ын хийнээс татгалзах тохиролцоонд хүрснээ тэмдэглэж байна. Гэвч Европын боомтууд ОХУ-ын хамгийн том байгалийн хийн терминалын логистикийн гол тулгуур болсон хэвээр байна" гэжээ.
Тэрбээр нэмж хэлэхдээ "Одоогийн геополитикийн нөхцөлд бид үүнийг зүгээр хараад сууж болохгүй. Бид зүгээр нэг худалдан авагч биш, харин энэ төслийг явуулж буй гол дэд бүтэц болоод байна. Европын холбооны боомтод бууж буй ачаа бүр Украины дайныг санхүүжүүлэх Кремлийн хэтэвчинд шууд орж байгаа. Бид ОХУ-ын орлогыг хааж, 'Ямалын хуулийн цоорхойг' одоо л зогсоох ёстой" хэмээсэн юм.
Ямалын байгалийн хийн үйлдвэр нь Европын холбооны боомтууд болон "Arc7" ангиллын мөс зүсэгч том хөлөг онгоцнуудаас бүрэн хамааралтай байдаг.
Ямалаас ирсэн онгоцыг Бельгийн Зеебрюгге зэрэг Европын холбооны боомтууд ачаа буулгах, шилжүүлэн ачих боломж олгохоо боливол хөлгүүд хамаагүй хол зам туулах хэрэгтэй болно."Urgewald" байгууллага мэдээлснээр, 2025 онд Бельгийн терминалд 58 хөлөг онгоц ирж, 4.2 сая тонн хий буулгажээ. Харин БНХАУ-ын боомтуудад 51 хөлөг онгоц ирж, 3.6 сая тонн хий хүргэсэн байна.
Францын Данкирк болон Монтуа боомтуудад нийт 87 хөлөг ирж 6.3 сая тонн хий буулгасан. Өөрөөр хэлбэл Франц нь ОХУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн хамгийн том импортлогч юм. Францын эрчим хүчний "TotalEnergies" компани Ямал төслийн гол хөрөнгө оруулагч хэвээр байгаа юм.
Франц Украины дайнд гал зогсоосны дараа цэргээ илгээх амлалт өгсөн. Тэгсэн хэдий ч ОХУ-аас их хэмжээний шингэрүүлсэн байгалийн хийг хамгийн их хэмжээгээр худалдан авч байна.
Европын боомтууд нээлттэй байгаа нь шингэрүүлсэн хий тээвэрлэгч онгоцнууд Ази руу олон долоо хоног алдан явахын оронд хойд туйл руу хурдан буцаж, дараагийн ачаагаа авах боломжийг олгож байгаа аж.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.