Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп: Надад олон улсын хууль хэрэггүй

Саяхан Венесуэльд цохилт өгсөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп "Надад олон улсын хууль хэрэггүй" хэмээжээ. Тэрбээр саяхан "New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа ерөнхийлөгчийн хувиар түүний эрх мэдлийг хязгаарлах цорын ганц хүчин зүйл бол өөрийнх нь ёс суртахуун, оюун ухаан гэж хэлсэн байна.

Трамп "Намайг зогсоож чадах цорын ганц зүйл бол миний хувийн ёс суртахуун. Би хүмүүст хор хөнөөл учруулахыг хүсэхгүй байна" гэжээ. Түүний захиргаа нь олон улсын эрх зүйг дагаж мөрдөх ёстой эсэх талаар асуултад тэр тийм хэмээн хариулсан байна. Гэхдээ олон улсын эрх зүйг хэрхэн тодорхойлохоос шалтгаална гэжээ.

АНУ Гринландыг хяналтдаа авах олон төрлийн хувилбаруудыг судалж байгаа юм. Үүнд гринландчуудад мөнгө өгөх багтаж буй. Европын холбоотнууд АНУ Гринландыг хяналтдаа авна гэж мэдэгдсэнд санаа зовж байгаа тул ямар хариу арга хэмжээ авахаа хэлэлцэж эхэлсэн.

Гринландыг хяналтдаа авахыг хүсэж буй Трамп “New York Times” сонинд өмчлөх эрхийг онцгойлон ярьжээ. Тэр "Өмчлөх эрх маш чухал. Учир нь амжилтад хүрэхэд ийм сэтгэл зүйтэй байх хэрэгтэй гэж би боддог. Аливаа зүйлийг өмчилснөөр түрээс эсвэл гэрээ хэлэлцээрээр олж авч чадахгүй эрхтэй мэдэлтэй болно. Өмчилснөөр ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурснаас илүү үнэ цэн, давуу талыг авчирдаг" гэсэн байна.

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог хүчээр татан буулгах шийдвэр нь БНХАУ Тайванийг нэгтгэх, эсвэл ОХУ Украинд хяналтаа тогтоох оролдлого хийхэд жишиг болно гэж хүмүүс болгоомжилж буйг Трамп няцаажээ. Тэр Венесуэлийн эсрэг хийсэн үйлдлүүдийг зөвтгөхдөө Мадуро АНУ руу гэмт бүлэглэлийн гишүүдийг илгээдэг байсан гэсэн юм.

Тэр "Манай улсад бодит аюул тулгараад байсан. Хятад руу хүмүүс ийм олноороо цувдаггүй. Хятад руу гаднаас хар тамхи их хэмжээгээр орж ирдэггүй. Бидэнд тохиолдож буй бүх муу зүйл тэнд болдоггүй. Тайвань шоронгоо нээж, хоригдлуудаа Хятад руу илгээдэггүй шүү дээ" хэмээжээ. ОХУ руу ч мөн гэмт хэрэгтнүүд олноороо зүглэдэггүй гэж Трамп нэмж хэлсэн байна.

Тайванийн хувьд тэр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Тайванийг хүчээр хяналтдаа авна гэдэгт итгэдэггүй гэжээ. Трамп "Юу хийх нь түүний дур. Гэхдээ тийм зүйл хийвэл би маш их дургүйцэх болно гэдгээ түүнд илэрхийлсэн. Тэр тэгэхгүй гэж би бодож байна. Тэгэхгүй байх гэж найдаж байна" гэсэн м. Тэр нэмж "АНУ өөр ерөнхийлөгчтэй болсны дараа тэр үүнийг хийж магадгүй, харин намайг ерөнхийлөгч байх үед тэр тэгэхгүй байх" хэмээжээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Буриад зон
Буриад зон

зөнөг өвгөнийг зогсоох арга алга уу? еврохолбоонд

Холбоотой мэдээ

Back to top button