Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: Эсгий ширмэл бүтээгдэхүүний үйлдвэр ажиллуулж өрх толгойлсон ээжүүдийг цалинжуулдаг Ц.Батнасан

-20-75 НАСТАЙ 32 ЭМЭГТЭЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАН АЖИЛЛУУЛЖ БАЙНА-

Эсгий ширмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ажлын байраар ханган цалинжуулж байна. Мөн соёлын үнэт өв болох Баяд эмээлийг дэлхийн өвд бүртгүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэ бол Увс аймгийн Тэс сумын уугуул иргэн Ц.Батнасан юм. Тэрээр эсгий ширмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэн гадаад болон дотоодын зах зээлд гарган ажиллаж байгаа юм.
Ц.Батнасан одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2016 оны нэгдүгээр сард эсгий ширмэлийн үйлдвэрлэлээ эхэлж байжээ. Анх гурван эмэгтэйг ажлуулж эхэлж байсан ч захиалга, худалдан авах эрэлт нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шаардлага гарсан байна. Ингээд хүн хүчээ нэмэгдүүлсээр одоо нийт 32 ажилтантай болсон аж.Тэдэн дунд 20 настай бүсгүйгээс 75 настай буурай хүртэл ажилладаг байна. Ажилчдын дийлэнхийг өрх толгойлж, үр хүүхдээ тэжээн, амьдралаа үүрч явдаг өрх толгойлсон эмэгтэйчүүд эзэлдэг. Ажилд орохыг хүсээд, зориод ирсэн хүн бүхэнд эсгийгээр ширмэл бүтээгдэхүүн хийх арга, чаргаа Ц.Батнасан гардан зааж сургадаг байна.

-ХҮНИЙ ХЭРЭГЛЭНИЙ 40 ГАРУЙ НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭСГИЙГЭЭР УРЛАН, БОРЛУУЛДАГ-

Хоёр гуравхан нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг байсан тэд одоо 40 гаруй нэр төрлийн эсгий ширмэл бүтээгдэхүүн хийгээд буй юм байна. Тухайлахад, хүүхдийн гутал, малгай, халбага сэрээний сав, цүнх, эмээлийн тоног, буйдангийн хучлага, сандлын олбого, эсгий гэрийн ханын хивс зэргийг хийж байна. Энэ тухай Ц.Батнасан хэлэхдээ “Хүний хэрэглэж болох бүхий л зүйлсийг бид эсгийгээр хийдэг” хэмээн ярьсан юм.
Нийслэл Улаанбаатарт төдийгүй, аймаг орон нутагтаа зохион байгуулагддаг жижиг дунд үйлдвэрлэгчдийн хэд хэдэн тэмцээнд тэргүүн байр эзэлж байжээ.

-ТОМ НАЙМАН ХАНАТ ГЭРИЙГ ЭСГИЙ ШИРМЭЛЭЭР ГАНЦААРАА БҮРЖ, ГОЁЖЭЭ-

-Анх хэзээ эсгий ширмэл бүтээгдэхүүнийг урлаж сурч байв. Хэнээр заалгаж байв?
-Намайг багад ээж маань ширмэл бүтээгдэхүүн их хийдэг байлаа. Зургаан настай байхад маань анх хонины ноосоор утас ээрүүлж, хийлгэж сургаж байсан юм. Тэгээд жижигхэн сандлын олбог хийж эхэлж байсан. Сүүлдээ бүр утас хийхээсээ халшран зугтдаг болсон. Тэгж зугттал их утас хийлгэдэшг байсан шүү. /инээв.сурв/ Хожим нөхөртэйгээ ханилсны дараа ноосоор дахин бүтээгдэхүүн хийж эхэлсэн дээ.
-Бага насандаа сурчхаад, хожим ширмэл бүтээгдэхүүн хийж эхэлсэн байх нь ээ. Таныг найман ханатай гэрийн эсгий ширмэл бүтээгдэхүүнийг ганцаараа хийсэн гэж дуулсан юм байна?
-Харин тийм. Хүнтэй суусныхаа дараа өөрийн гэрийнхээ шал, орыг эсгий ширмэлээр гоёсон. Хүүгээ гэр бүл болгож тусад нь гаргахдаа найман ханат гэрийг нь бүхэлд нь эсгий ширмэлээр дүүргэж байсан юм. Хүүгийн маань гэрийг харсан хүмүүс эсгий ширмэл хийлгэхээр захиалга өгч эхэлсэн дээ. Тэгээд л захиалгаар хийдэг болсон юм.
-Бусдад хэзээнээс зааж эхэлж байв?
-Хүмүүсийн захиалга авч эхлээд захиалгаа дийлэхээ больсон. Тэгээд сурсан мэдсэнээ бусдад заая, цалин хөлс өгч ажиллуулъя гэдэг санаа орж ирсэн.
-Хонины ноосоор эцсийн бүтээгдэхүүн хийж гаргахад гар ажиллагаа ихээхэн шаардагдах, хөлс хөдөлмөр шингэдэг байх?
-Тийм шүү. Маш их гар ажиллагаа зарцуулж, хөлс хөдөлмөр шаардагдана. Хонины ноосоо угаахаас эхэлнэ дээ. Угаасан ноосоо самнана, савна, зулна. Тэгж зөндөө олон шат дамжлага дамжиж байж, эцсийн бүтээгдэхүүн болж гардаг.

-ОРОСЫН ТУВА АЙЛД ОРТОЛ БАЯД ЭМЭЭЛИЙН МАНАЙ ЭМЭЭЛ ГЭЖ ЭЗЭМШСЭН БАЙХЫГ ХАРААД СЭТГЭЛ ЭМЗЭГЛЭН ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖЭЭ-

Ц.Батнасан эсгий ширмэл хийхээс гадна баяд эмээлийн тоног ч урладаг. Нэг удаа Оросын Тува айлд ортол нутгийнх нь Баяд эмээлийг манай эмээл гэж өмчирхсөнд сэтгэл ихэд эмзэглэжээ. Тэгээд нутагтаа ирээд өөрийн нутгийн баяд эмээлийг Юнескод бүртгүүлэхээр сэтгэл шулуудан ажиллаж, эхэлжээ. Бүхий л хэрэгтэй гэсэн материалыг цуглуулан явуулж, хариугаа хүлээж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button