Нийгмийн

2025 оны ажлаа дүгнэж, 2026 оны төлөвлөгөөгөө хэлэлцлээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, 2026 оны төлөвлөгөөгөө хэлэлцэн тайлангийн хурал зохион байгууллаа. Хуралд компанийн нийт ажилтан, албан хаагчид оролцов.

Хурлыг нээж “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун үг хэлэхдээ:

“... Улиран өнгөрч буй 2025 он нь манай компанийн хувьд бодлого, зохион байгуулалтын томоохон өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж, төмөр замын тээвэрлэлт, бүтээн байгуулалтын стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн түүхэн жил байлаа. Тухайлбал, Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын төслийг эхлүүлж, төслийн I шатны гүйцэтгэл 84%-тай үргэлжилж байна. 2025 онд төмөр замын тээвэрлэлтийн хувьд түүхэн амжилтаар дүүрэн жил байв. Тавантолгой–Зүүнбаян, Тавантолгой–Гашуунсухайт, Төмөртэй–Хандгайт чиглэлүүдээр нийт 8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь манай хамт олны хичээл зүтгэлийн бодит илэрхийлэл юм. Түүнчлэн “Чайна Энержи” групптэй байгуулсан урт хугацааны гэрээний хүрээнд Тавантолгой–Гашуунсухайт чиглэлд богино хугацаанд 3.5 сая тонн нүүрс тээвэрлэж, тус чиглэлд хамгийн өндөр үзүүлэлтийг тогтоосон. Үүний зэрэгцээ төрийн өмчит компаниудын түүхэнд анх удаа нэг жилийн дотор орлогоо хоёр дахин нэмэгдүүлсэн амжилтыг үзүүллээ...” хэмээн онцлов.

Тайлангийн хурлын үеэр Захиргаа, удирдлагын газрын дарга Ц.Энхбаяр 2026 оныг “Хөгжлийн түүчээ жил” болгон зарлаж, ажилтны нийгмийн баталгааг сайжруулах, ачаа тээврийг нэмэгдүүлэх, аж ахуйн чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх бизнес болон стратегийн төлөвлөгөө, зорилго зорилтуудыг танилцууллаа.

Түүнчлэн “Шинэ санаа, шилдэг шийдэл” инновацийн бүтээлийн уралдааны шилдгүүдийг тодруулж, компанийн хөгжил, томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд нэвтрүүлэх боломжтой инновацлаг санал, шинэ техник технологийн шийдэл, бодит үр дүн бүхий санаачилгуудыг дэмжин хэрэгжүүлэхээ илэрхийллээ.

Шилдэг бүтээлийн ганцаарчилсан төрөлд:
I байр – Вагон депогийн засварчин, гагнуурчин Ж.Дамдиндорж
II байр – Дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын цахилгаан механикч Н.Чогсомдорж
III байр – Кибер аюулгүй байдал, сүлжээний инженер (администратор) О.Дөлгөөн
Хамтарсан бүтээлийн төрөлд:
I байр – Хөдлөх бүрэлдэхүүний газар
II байр – Тээврийн удирдлагын газар
III байр – Суурь бүтцийн газар тус, тус эзэллээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button