Оёдолчин Б.Ариунжаргал: Э.Батмагнай, Б.Орхонбаяр нарын өмсдөг монгол гутлууд трэнд болж байна
Анх 2004 оноос эхэлж монгол бөхийн зодог шуудаг оёж, улмаар 2014 оноос монгол гутал урлаж сурсан түүнийг Б.Ариунжаргал гэдэг. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд түүнээр монгол гутлаа оёулаагүй бөхчүүд цөөн. Улсын аварга П.Бүрэнтөгс, арслан Э.Батмагнай, Б.Орхонбаяраас эхлээд бөхөөр хичээллэж буй хүүхдүүд хүртэл түүнээр гутал оёулна. Түүнтэй цөөн хором ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
-12 жилийн турш монгол гутал оёж байгаа юм байна. Хээ бүрийг нь гараараа оёдог гэж сонссон. Мэдээж амар ажил биш байх?
-Монгол гутлыг нэг бүрчлэн гараар оёдог учир хугацаа их шаарддаг. Зөвхөн гутал гэхэд хээг нь оёхын тулд долоон өдөр зарцуулдаг. Оёдлын машинаар монгол гутлын оймсыг нь л оёно, бусад хэсгийг гараар оёж дуусгана. Хээгүй оёх гутлыг бол тав хоногт оёно. Харин хээтэй гутал бол 10-14 хоног болж таарна. 2004 оноос эхэлж монгол бөхийн зодог шуудаг оёж эхэлсэн. 2014 оноос монгол гутал оёж сурсан даа.
-Монгол гутал олон талын онцлогтой санагддаг?
-Монгол гутал байгаль эх, хөрс шороог сүйтгэхгүйн тулд ул нь гөлгөр, хоншоор нь ээтэн байдаг. Мөн газраар явдаг шавж, хорхойнд ээлтэй байхаар бүтээсэн нь монголчууд биднийг ямар хүнлэг ард түмэн болохыг харуулдаг. Бөхчүүд өмсөж барилдаж, мэхээ даалгахад монгол гутлын ээтэн хоншоор хэрэг болдог байх. Манай гутлыг өмсдөг бөхчүүд "хөнгөн пүүз шиг, хөлд эвтэйхэн, чөлөөт бөхийн гутал шиг барьж таардаг болохоор сугарах аюулгүй" гэж ам уралдаад магтаад байдаг юм /инээв/.
-Ямар ямар бөхчүүд танайхаар гутлаа хийлгэж өмсөж байна?
-Улсын арслан Б.Орхонбаяр бол хүүхэд байхаасаа л манайхаар гутлаа хийлгэдэг байсан. Одоог хүртэл хийлгэсээр л байгаа. Мөн улсын аварга П.Бүрэнтөгс, арслан Э.Батмагнай гэх мэт олон бөхчүүд манайхаар гутлаа хийлгэдэг юм.
-Бөхчүүдийн хөлийн размер нэлээд том байдаг байх?
-Миний хийсэн хамгийн том монгол гутал гэвэл 57 размерын гутал хийж байсан. Шотланд улсын хэсэг хүмүүс хэдэн жилийн өмнө ирээд бөхийн иж бүрэн өмсгөл хийлгэсэн юм. Тэр үеэр тийм хэмжээний гутал оёж байсан удаатай. Манай бөхчүүд бол 44-46 размерын хооронд гутал хийлгэнэ. Харин сүүлийн үеийн бөхөөр барилддаг хүүхдүүд их том гутал өмсдөг болж.
Дархан аварга А.Сүхбатын үндэсний бөхөөр хичээллэдэг 14, 15 хоёр хүү бий. Тэр хоёр 44, 46 размерын гутал өнгөрсөн жил хийлгэсэн шүү. Анх 10 наснаасаа эхлээд л манайхаар гутлаа хийлгэж эхэлсэн л дээ. Тэр үед 43 размерын гутал хийлгэж байсан гэхээр одоо ч аргачгүй биз. Одоогийн хүүхдүүд их өсгөлүүн болж. Одоо барилдаж байгаа бөхчүүд бол дээддээ 45 размерын гутал хийлгэдэг. Улсын арслан Э.Батмагнай, заан Д.Хүдэрбулга нар 45 размерын гутал хийлгэж байх жишээний.
-Бөхчүүдийн гутал бүгд адилгүй байдаг юм байна лээ. Та түрүү ярьсан хээний тоо зэрэг нь өөр өөр гээд. Өөрийн хэв маяг онцлогийг шингээсэн гуталтай бөхчүүд бий юу?
-Сүүлийн үед улсын арслан Э.Батмагнай, Б.Орхонбаяр нарын гуталууд трэнд болж байна. Залуу бөхчүүд болон Тува, Өвөр монголоос хүмүүс захиалга их өгнө. "Яг Э.Батмагнай арслангийнх шиг гутал хийгээд өгөөч" гэх мэт хүсэлт олон ирж байна. Б.Орхонбаярын гутал ч ялгаагүй. Хүндэлж, дэмждэг бөхчүүдийнх нь гутал нь оё харагддаг байх. Бас Улсын аварга П.Бүрэнтөгсийн гуталын хээ их гоё чамин өвөрмөц санагддаг.
-Удахгүй цагаан сар болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор ажлын ачаалал их байх шиг байна?
-Улсын баяр наадам, цагаан сар гэх үндэсний хоёр баяраар л ачаалал ихэснэ. Том барилдаан дөхөхөөр бөхчүүд өдөрт хоёр удаа бэлтгэл хийгээд эхэлнэ. Энэ үеэр нь зодог, шуудаг, гутал хувцас нь урагдаж муудаж таарна. Заримдаа "эгчээ өмсөх юмгүй боллоо, хурдан оёод өг" гээд ороод ирнэ. Тиймээс аль болох хурдан хугацаанд чанартай оёж өгөхийг л хичээдэг.
-Бөхчүүдтэй ойр хүн учир мэдээж бөх сонирхдог, үздэг байх. Ямар бөх дэмждэг вэ?
-Өөрийнхөө оёсон гутлыг л дэмждэг дээ /инээв/. Гутал оёж өгсөн бөх маань түрүүлчихвэл бөөн баяр. Миний гутал оёж өгсөн хоёр бөх хоорондоо барилдах хэцүү байдаг. Сүүлийн барилдаанаар Улсын харцага Б.Зоригтбаатарыг маш их дэмжлээ. Ер нь миний гутал түрүүлээсэй гээд сууж байдаг даа.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар сайхан гутлууд урлаа вэ. Уран бүсгүйд улам их авъяас нь ундарч их зүйл бүтээхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье
Соёлоо хадгалж үлдээх нэг хэлбэр. Хужаад бөөнөөр нь оёсон гутлууд ороод ирвэл хэцүү болно. Гааль ч гэсэн үндэсний онцлогтой барааг дуурайлгасан хуурамч бүтээгдэхүүнийг оруулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.
Амжилт хүсьё манай арслан гоё харагдаж байсан шүү баярлалаа үйл улам өргөн байг
Ямар хөөрхөн юм бэ? “Миний гутал түрүүлээсэй” ????
Баяр хүргэе. Гутал захилбал яаж холбогдох вэ утсаа өгөх үү
Байршил хаана вэ
Гоё гоё зээ хүүдээ цоллуулах юмсан...таны утас хэд бол 99008641д мeс явуулах уу
АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ. МАШ ИХ ТЭВЧЭЭР, ШАРГУУ ХӨДӨЛМӨР, ЧИН СЭТГЭЛ, ХАЙР ШИНГЭЭСЭН АГУУ ИХ ХӨДӨЛМӨР ЮМ АА. ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ.
Фэтийшаа