Аварга, арслангуудын зодгийг 50 жил оёж буй Л.Даваахүү: Мөнгө бус өв уламжлалаа авч үлдэхийн төлөө ажилладаг
Л.Даваахүү Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас 12 настай охин Улаанбаатар хотыг зорин ирж байжээ. Хожим тэрбээр Спортын төв ордонд санхүүчээр ажилд орж, тухайн үед бөхчүүдийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Дархан аварга Б.Түвдэндоржийн даалгавраар барилдахаар ирсэн цэргүүдэд зодог оёж өгдөг байж. Улмаар жанжин малгай оёж сурсан бөгөөд ажлынхаа завсар зайгаар танил ойр дотнын бөхчүүддээ зодог, шуудаг оёж өгдөг болжээ. Түүнчлэн Л.Даваахүү эгчээр үсээ засуулаагүй бөхчүүд цөөн аж.
Ингэж түүнд оёдолчин эсвэл үсчин болох сонголт гарч ирсэн байна. Улмаар Дархан аварга Б.Түвдэндорж "Даваахүү чи бөхчүүдийнхээ зодог шуудгийг нэхэж суусан дээр байхаа. Бөхчүүд чинь зодог, шуудаггүй барилдсанаас үс нь жаахан арзгар байсан дээр биз" гэж хэлснээр оёдолчин болсон түүхтэй аж. Өдгөө 70 нас хол давж яваа Л.Даваахүү 50 гаруй жил үндэсний бөхийн иж бүрэн өмсгөл оёсоор утас зүүнээс салалгүй хээ шаглаж сууна.
Хожим дархан аварга Х.Баянмөнхийн зөвлөгөөгөөр аж, ахуйн нэгж байгуулахаар шийдэж 1983 онд "Саран зодог" ББН /Бүрэн бус нөхөрлөл/ үүсгэн байгуулжээ. Одоо тэрбээр өөрийн нөхөр, хүүхдүүдийн хамт өв болсон үндэсний бөхийн иж бүрэн өмсгөлийг урлаж буй юм. Түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
-Монголын ууган үндэсний спортын өмсгөл оёдог аж ахуй нэгжийг одоогоос 30 гаруй жилийн өмнө та үүсгэн байгуулж байж. Анх зодог шуудаг оёхыг хэнээр заалгаж байсан талаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо?
-Миний оёдолчин болсон түүх Б.Түвдэндорж аваргатай холбоотой. Тухайн үед Спортын төв ордонд барилдахаар ирсэн цэргүүдэд шүхрийн материалаар далбаа оёж өгдөг байлаа. Одоогийнх шиг давуу материал ховор учир урагдаж хэрэглэхээ больсон шүхрийн материалаар оёж буй царай нь тэр. Гэхдээ тухайн үеийн шүхрийн материал үнэхээр сайн байсан шүү. "Саран зодог"-ийг үүсгэн байгуулах болсон нь Дархан аварга Х.Баянмөнхтэй холбоотой. Нэг удаа надад "Чи хэдэн цэргүүдэд зүгээр далбаа оёж суухаар аж ахуй нэгж байгуулж, өрх тусгаарлаач" гэж хэлсэн юм. Тэр үед одоогийн анхны гэх бүх ААН-үүд байгуулагдаж байсан л даа. Бөхийн зодог, шуудаг оёно гэдэг чинь их учиртай зүйл. Эрт үеэс уламжлагдан ирсэн бэлгэдлийн зүйлсийг буруу зөрүү оёж болохгүй. Надад дээхэн үеийн бөхчүүд зодог, шуудгийг яаж оёхыг заасан гэхэд хилсдэхгүй.
-Бөхийн хувцас хэрэглэлийг хэн дуртай нь оёдоггүй гэж та ярилаа. Жишээ дурдвал ямар ямар бэлгэдлийн болон түүхийн зүйлс байдаг юм бэ?
-Бөхийн жанжин малгайн түүхийг судалж байхдаа уншиж мэдсэн зүйлээ яръя. Заавал таван талтай байдаг шавь таван аймгийг илэрхийлдэг юм. Малгайны орой дээр зангидсан сампин нь дайн самуунаас эх орноо хамгаалж явахын бэлгэдэл болдог. Урд байгаа нарийн урагш харсан зураас нь эр хүний магнай тэгш, зам шулуун байхыг бэлгэддэг утгатай. Эмэгтэй нь хүний малгайн тоорцгийг урагш харуулдаг нь ар гэрээ сахиж үлдэг гэж үүд тал руу чиглүүлсэн нь тэр. Мөн хоёр бөх барилдахад засуул малгайг нь гар дээрээ өргөдөг нь эх орноо өргөж буй гэж хүндэлдэг байх жишээний. Энэ мэтчилэн түүхийн зүйлсийг гээж орхигдуулж хэрхэвч болохгүй.
Жанжин малгайг маш олон загвараар хийж байгаа нь буруу

-Орчин үед трендээ дагаад ч юм уу жанжин малгайг маш олон загвараар хийдэг болж. Энэ нь буруу, ирээдүйд хортой зүйл байх нь. Харин бөхчүүд өөрсдийнхөө барилдаанд тохирсон эсвэл биед эвтэйхэн байхаар зодог, шуудгаа хийлгэж байна уу?
-Жанжин малгайн маш олон загвар бий болж буй нь буруу. Өвлөгдөж ирсэн утга санаа, ондоошил, түүхийг хадгалсан үнэт зүйл маань үгүй болох эрсдэлтэй. Тиймээс манайх жанжин малгайны загварыг хэзээ ч өөрчилж байгаагүй. Хүүхдүүдээ ч захиж хэлдэг юм. Харин бөхийн өмсгөлийн тухайд тухайн хүнд нь тохирсон, аль болох чөлөөтэй байлгахыг эрмэлздэг. Бөхчүүд бүхэн хоорондоо харилцан адилгүй бие, булчингийн онцлогтой.
-Бөхийн зодог, шуудгийн бүх хэсгийг гар оёдлоор оёдог гэж сонссон. Ингээд бодохоор нэлээн хүнд хөдөлмөр санагддаг. Нэг зодог оёход хэр хугацаа зарцуулах вэ?
-Хээ бүрийг нь гараар оёно. Нүд, гар чилэх, нуруу, бөгс өвдөх наад захын асуудал. Биеийн амарыг бодоод хээ зэргийг нь орхивол орхино шүү дээ. Гэвч уламжлагдаж ирсэн түүхийн зүйлийг гээж орхигдуулж огтоос болохгүй. Нэг далбааг 10 гаруй хоног оёж байж дуусна. Анх оёж байгаа хүн бол сар гаран болно.
-10 гаруй хоног тасралтгүй сууж байж нэг далбаа оёдог юм байна. Хүнд хөдөлмөр байх нь, үнэлгээний хувьд хэр байдаг бол?
-Бөхөд хайртай, дуртай хүний л хийх ажил. Цалин хөлс тааруу шүү дээ. 10 гаруй хоног биеэ чилээн байж ганцхан далбаа оёно. Мөнгө төгрөгөө бодвол өөр ажил хийсэн нь хавь илүү. Дээхэн үеийн бөхчүүдийн даалгавараар анхлан эхэлсэн учраас хаяж чадалгүй 50 гаруй жил болж.
-Мэдээж анхдагч болж эхэлсэн юм бүхэн амар биш байдаг шүү дээ. Анх ганцаараа эхлэхэд хэцүү зүйл их тулгарч байв уу. Одоо хэдүүлээ ажиллаж байна?
-Анх эхлэхэд өөр зүйл хийе, үсээ засах дээр байж гэж шантрах үе зөндөө байсан. Тэр бүхэнд дээхэн үеийн бөхчүүд "чи оёхоо больчих юм бол энэ хэдэн бөхчүүд яах болж байна. Миний дүү шантарч болохгүй шүү" гэх мэт сэтгэлийн дэмээр л өдийг хүрлээ. Одоо нийтдээ зургаан хүн ажиллаж байна. Манай хань малгай оёно, охин маань зодог оёно, хүү маань эхнэртэйгээ монгол гутал оёдог. Бусад ажилчид маань хамаатан садан, найз нөхөд маань л байна.
Манайх чинь албан ёсны ААН учраас татварт их мөнгө төлнө. Цалин үнэлэмж бага учраас хүн тогтохгүй л дээ, ойр дотнын хүмүүс л үлдэнэ. Энэ бүхнээ бодоод өөр ажил хийе болье гэж их бодсон ч надаас өөр энэ өвийг тээж авч явах хүн байхгүй учраас орхиж чаддаггүй юм. Манай хамгийн том охин маань манай нягтлангаар ажиллаж байх жишээтэй. Мөнгөний төлөө биш өв уламжлалаа авч үлдэхийн төлөө яваарай гэж үр хүүхдүүддээ захиж сууна.
-Бөхийн холбооноос зодог, шуудгийн стандартыг хянаж шалгадаг болчихсон. Тэгэхээр стандартад нийцэх өмсгөл оёж таарах нь?
-Энгийн хувцас оёж байгаа шиг яг нэг стандартаар зодог оёх боломжгүй. Учир нь бөхчүүдийн биеийн онцлог өөр өөр байдаг. Аль болох өрсөлдөгч бөхийн гар хурууг нь зүсэж бэртээхгүй байхыг зорьж хийнэ.
-Одоо үед барилдаж байгаа ямар бөхчүүд танайхаар зодог, шуудгаа хийлгэж байна?
-Надаар бөхчүүд гурван үеэрээ зодог хийлгэж байна. Улсын харцага Г.Намсрайжав надаар зодгоо хийлгэж байсан бол түүний хүү дархан аварга Н.Батсуурь бас хийлгэж байна. Д.Хадбаатар аваргаас эхлээд хуурнин шуугигчийн зодог шуудгийг хийсэн дээ.
-Бөхчүүд зодог, шуудгийн өнгө дээр ач холбогдол өгдөг санагддаг?
-Тэгэлгүй яах вэ. Дээхэн үед ногоон Дарь эх бурхан шүтдэг аймгуудын бөхчүүд ногоон далбаа хийлгэдэг байлаа. Улаан бурхан шүтлэгтэй аймгийн бөхчүүд улаан далбаа, тэнгэр шүтлэгтэй нутгийнхан цэнхэр гэх мэт хийлгэдэг байсан юм. Сүүлдээ төрийн далбааны өнгийг бэлгэдэж цэнхэр шуудаг, улаан зодог хийлгэх нь олонтоо.

"Саран зодог" ББН бол Л.Даваахүүгийн гэр бүлийн бизнес. Тэд цалин бага хэдий ч өв уламжлалаа хадгалж, өвлүүлэхийн тулд өдөржин зүү сөвлөж сууцгаана. Х.Жумарт Л.Даваахүүгийн гарын шавь бөгөөд хань нь. Анх ханьтайнгаа танилцаснаас өдийг хүртэл 30 гаруй жил бөхийн малгай оёж буй аж. Мөн учачдын, сур харваачдын, мөсөн шагай харвааны малгай оёдог байна. Энэ тухай Х.Жумарт "Ханьхаа гарын шавь нарын нэг, одоо 30 гаруй жил малгай оёж байна. Эхэндээ эв дүй муухан гараа хатгах зэрэг хэцүү зүйлс цөөнгүй тулгарна. Одоо бол гарт орсон. Шинэ цол аваад бөөн баяр болсон хүмүүс тэмдэгээ бариад гүйгээд ороод ирнэ шүү дээ. Түүнийг нь хараад урамтай ажилладаг юм. Миний хийсэн малгайг насан туршдаа хүндэлж, гэрийнхээ хойморь зална гэж бодохоор сайхан санагддаг" гэж ярилаа.
Түүнчлэн Л.Даваахүүгийн дунд охин М.Бямбажав ээждээ хань бараа болж энэ их ажлыг нь өвлөж авчээ. Тэрбээр "Саран зодог"-ийн оёдолчин, нягтлан, менежер гээд бүх ажлыг нугалдаг нэгэн. Хүүхэд ахуй насандаа чөлөөтийн тамирчин байсан бөгөөд улсын аварга хүртэл болж байжээ. Хожим спортоо орхиж ээжийнхээ ажлыг өвлөн авсан нь энэ аж.
Мөнгөний төлөө биш өв уламжлалаа тээж авч үлдэхийн төлөө бид ажилладаг

-Танайд хэмжээгээ өгөөд захилгаа өгсөн бөхчүүдийн нэрсийг харлаа. Ер нь бүгд танайхаар зодог, шуудгаа хийлгэдэг юм байна?
-Бүгд ээжийг минь зорьж ирдэг. Улсын арслан Б.Орхонбаяр бол хүүхэд байхаасаа манайхаар зодог, шуудгаа хийлгэж байсан. Ер нь бүгд өсвөрийн бүх байхаасаа л манай үүдэнд дараалалж байсан хэд. Одоогоор манайд Улсын арслан Э.Батмагнай, харцага Н.Золбоо, Б.Мөнхбаяр гэх мэт нэлээн олон бөхчүүд хэмжээгээ өгчхөөд явсан. Дархан аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс гээд манайхаар зодгоо хийлгэдэггүй бөхчүүл цөөн.
-Наадам, цагаан сар дөхөхөөр ачаалал их байдаг уу?
-Монгол түмний уламжлалт баяр болох наадам, цагаан сар хоёроор ачаалал их. Манай үүдээр дарааллаад л зогсоно шүү дээ. Баяраар өнөө хэдээ өмсөх юмтай байлгачих гээд л өдөр шөнөгүй л оёно.
-Л.Даваахүү эгч энэ бүхнээ танд өвлүүлж үлдээнэ гэж ярьж байсан?
-Ээж маань нас 70 гарч яваа хүн. Та амар одоо боль гэхээр үгэнд ордоггүй юм. Зүүгээ бариад зодгоо нэхээд суучихна. Олон жил хийсэн болохоор орхиж чаддаггүй байх л даа. Ээжээсээ хойш энэ газрыг авч явах ачаа над дээр буусан. Би бас цааш нь үр хүүхдэдээ өвлүүлэх учиртай. Тиймээс том охиндоо ганц нэг оёдол зааж өгөөд л байгаа.
-Сая ярьж байсан татвар өндөр, үнэлэмж бага гээд. Олон цагаар суусны хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй байна гэхээр харамсалтай санагдаж байна л даа?
-Мөнгөний төлөө биш үндэсний энэ их өвийг тээж авч үлдэхийн төлөө бид ажилладаг. Ээж маань ч тэгж захисан, үүнийг л хүсэж байгаа. Татварын тухайд жаахан уян хатан бодлого хэрэгтэй л байна.
Анх 2004 оноос эхэлж монгол бөхийн зодог шуудаг оёж, улмаар 2014 оноос монгол гутал урлаж сурсан түүнийг Б.Ариунжаргалын ярилцлагыг дараах линкээс унших боломжтой.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
eniigee oyoj amidardag ajil hiidgui
amaaraa ow ulamjlal gej ih yridag dee
Oyox ajil bishu? Amaaraa bish garaaraa naad xumuus chne uw ulamjlalaa xadgalchix gd l xicheegeed bgaa yum bishu
Улаан хөх өнгөнөөс өөр өнгө энэ эмгэнд бдаггүйм бхдаа. Хуучны бөхчүүдийн зодог шуулгийг хархад шар, хүрэн, хар, ногоон гээл бүх өнгө бдг