Гадаад мэдээДЭЛХИЙ

Африкийн орнууд зээлд авдгаасаа илүү мөнгө БНХАУ-д төлдөг болжээ

Өнгөрсөн арван жилийн хугацаанд БНХАУ хөгжиж буй орнуудын гол санхүүжүүлэгч байж ирсэн. Үүний хамгийн том жишээ нь Африкийн орнуудад БНХАУ-ын өгдөг зээл юм. Тэгвэл нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдгийг “ONE Data” компанийн хийсэн гаргасан дүн шинжилгээ харууллаа. Тус шинжилгээнээс харвал БНХАУ ядуу буурай орнуудад олгох шинэ зээлийн хэмжээ огцом буурчээ. Харин өмнө нь олгож байсан зээлүүдийн эргэн төлөлт улам нэмэгдсэн байна.

2024 онд БНХАУ Африкт олгосон зээл бараг хоёр дахин буурч, 2.1 тэрбум ам.доллар болсон байна. Энэ нь цар тахлаас хойш жилийн дүнгээр зээл олголт анх удаа буурсан үзүүлэлт юм. БНХАУ одоо стратегийн ач холбогдолтой төслүүдэд санхүүжилт олгохыг илүүд үзэж байгаа аж.

Африкт олгодог зээлийн хэмжээ нь 2016 оны 28.8 тэрбум ам.долларт хүрсэн оргил үеэсээ арав дахин буурав. Бостоны их сургуулийн Олон улсын хөгжлийн бодлогын төвийн мэдээлснээр, БНХАУ төмөр зам, авто зам гэх мэт дэд бүтцийн томоохон төслүүдээс татгалзаж эхэлжээ. Үүний оронд арилжааны ашигтай, жижиг төслүүдэд анхаарлаа хандуулах болсон байна.

Цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлийн улмаас Замби, Гана, Этиоп зээлээ төлж чадахгүй болсон. Үүнээс болж Бээжин зарим зээл дээрээ алдагдал хүлээхээс өөр аргагүй байдалд хүрсэн юм.

Олон улсын хөгжлийн бодлогын төв "БНХАУ юаниар нэрлэсэн зээлийг олгох нь нэмэгдэж байна. Мөн Африкийн орнуудын дотоодын банкнуудаар дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэлийг санхүүжүүлж эхэллээ" гэж тайландаа бичжээ. Энэ нь санхүүжилтийг хөгжлийн зээлээр олгохоос илүү гадаадын шууд хөрөнгө оруулалт байдлаар олгож эхэлснийг харуулж байгаа аж.

2024 онд Кени улсад олгосон бүх дэд бүтцийн зээлээ БНХАУ юаниар өгсөн байна. Кени мөн өнгөрсөн аравдугаар сард Бээжингээс авсан 3.5 тэрбум ам.долларын зээлээ юань руу шилжүүлжээ. Этиоп ч мөн ийм алхам хийхээр төлөвлөж байгаа юм. Өнгөрсөн жил БНХАУ-ын Хөгжлийн банк болон Өмнөд Африкийн Хөгжлийн банк юанийн санхүүжилтийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм.

Зургийн эх сурвалж: Nikkei Asia

Африкийн орнууд зээлд авдгаасаа илүү мөнгө төлдөг болжээ

“ONE Data” компани тайландаа нэгэн чухал зүйлийг онцолжээ. Африкийн орнууд зэрэг бага болон дунд орлоготой орнууд БНХАУ-аас авч байгаа шинэ санхүүжилтээсээ илүү их мөнгийг өрийн төлбөрт буцааж төлөх болсон байна.

Энэхүү өөрчлөлттэй зэрэгцэн олон улсын байгууллагуудын олгодог санхүүжилт нэмэгдлээ. Өрийн төлбөрийг хасаж тооцвол эдгээр байгууллагууд дэлхийн хөгжлийн санхүүжилтийн гол эх үүсвэр болсон байна. Олон улсын зээлдүүлэгчид сүүлийн арван жилд санхүүжилтээ 124 хувиар нэмэгдүүлжээ. Тэд 2020-2024 оны хооронд 379 тэрбум ам.доллартой зээлийн урсгалыг бүрдүүлсэн аж.

“ONE Data”-гийн гүйцэтгэх захирал Дэвид МакНэйр "Шинээр зээл орж ирэх нь багассан ч өмнөх зээлийн төлбөрийг төлөх шаардлагатай хэвээр байгаа. Энэ нь мөнгө гадагшаа урсах гол шалтгаан болж байна" гэжээ.

2015-2019 онд Африк тивд 30 тэрбум ам.долларын цэвэр санхүүжилт орж ирдэг байсан бол 2020-2024 оны хооронд 22 тэрбум ам.доллар гадагшаа гарсан байна.

Энэхүү мэдээлэлд 2025 оны тоо баримт багтаагүй. Өнгөрсөн жил АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) хаагдсан. Мөн бусад хөгжингүй орнуудын тусламж багассан нь хөгжиж буй орнуудын эдийн засагт, ялангуяа Африкт хүндээр тусах болжээ.

Африкт сөргөөр нөлөөлж байна

2025 оны мэдээлэл гарахад улс орнуудын хөгжилд зориулсан тусламж их хэмжээгээр буурсан байх магадлалтай гэж МакНэйр хэлжээ. Энэ нь Африкийн орнуудад сөрөг нөлөө үзүүлж байгаа аж. Гэхдээ нөгөө талаар, Африкийн засгийн газрууд гаднын санхүүжилтээс хамааралгүй болсноор дотоодын хариуцлага нэмэгдэхэд тус болж магадгүй.

Тайлангаас харвал санхүүжилтийн урсгал болон хувийн компаниудын гадаад өрийн хэмжээ нийтдээ буурчээ. 2025 онд дэлхийн чинээлэг орнууд гадаад тусламжаа танаж эхэлсэн тул энэ бууралт улам даамжруулах төлөвтэй байна.

“Griffith Asia” хүрээлэнгээс гаргасан өөр нэг судалгаагаар, 2025 онд БНХАУ гаднын орнуудтай хийж буй тохиролцоонууд сэргэсэн гэх үр дүнг харуулжээ. Өнгөрсөн жил "Бүс ба Зам" санаачилгын (BRI) хүрээнд хийгдсэн хэлцлүүд 213.5 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосон байна. Үүний 128.4 тэрбум нь үл хөдлөх хөгжүүлэлтэд, 85.2 тэрбумыг хөрөнгө оруулалт байдлаар олгоно. Бүс нутгууд дундаас Африк тив хамгийн их хөрөнгө оруулалт авсан гэж тус судалгаа дүгнэжээ.

БНХАУ-ын "Бүс ба Зам" санаачилгыг "Шинэ Торгоны зам" гэж нэрлэдэг. Тус санаачилгыг 2013 онд Ерөнхийлөгч Ши Жиньпин эхлүүлсэн билээ. Анх Зүүн Ази болон Европыг дэд бүтцээр холбох зорилготой байсан бол одоо “Бүс ба Зам” Африк, Номхон далайн орнууд, Латин Америк руу хүрээгээ тэлж, сүүлийн арван жилд Бээжингийн эдийн засаг, улс төрийн нөлөөг өргөжүүлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button