НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: “BABYBIO” сүүнд хордсон тохиолдол бүртгэгдээгүй, татан авах ажил ес дэх өдрөө үргэлжилж байна

Франц Улсын “Vitagermine” компанийн “BABYBIO” брэндийн Optima 1 нэр төрлийн нялхсын сүүн тэжээлийн гурван цувралын бүтээгдэхүүнд “Bacillus cereus” нянгийн хор илэрсэн байж болзошгүй гэдгийг АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA)-аас мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх бүтээгдэхүүнийг зах зээлээс буцаан болон татан авах тухай шийдвэр гаргасан байна.

Тиймээс Эрүүл мэндийн яамнаас тус бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулсан. Одоогоор дэлхийн улс орнуудад дээрх бүтээгдэхүүнтэй холбоотой хүнсний хордлогын тохиолдол бүртгэгдээгүй байгаа аж. Гэсэн хэдий ч “Vitagermine” компанийн өнгөрсөн сарын 25-ны өдрийн шийдвэрийн дагуу Монгол Улсын зах зээлд нийлүүлэгдсэн “BABYBIO” Optima 1 нэр төрлийн дараах хоёр цувралын бүтээгдэхүүнийг сайн дурын үндсэн дээр зах зээлээс буцаан болон татан авах арга хэмжээг хэрэгжүүлж буй.

Тэгвэл дээрх асуудлаар эрүүл мэндийн яамнаас тодруулахад "Нянгийн хор илэрч болзошгүй бүтээгдэхүүнүүдийг дотоодын зах зээлээс бүрэн татан авах ажил өнгөрсөн нэгдүгээр сарын 25-наас эхлэн явагдаж байна. Одоогоор тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой хордсон, шинж тэмдэг илэрсэн тохиодол бүртгэгдээгүй байгаа. Асран хамгаалагчид уг бүтээгдэхүүнийг өмнө нь худалдан авсан бол хүүхдэд өгөхөө нэн даруй зогсоох хэрэгтэй. Хэрэв дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэсний улмаас ямар нэгэн шинж тэмдэг илрэх юм бол Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100 дугаарын утсанд хандахыг зөвлөх байна. Удахгүй Эрүүл мэндийн яамнаас нэгдсэн мэдээлэл өгөх болно" гэлээ.

Буцаан болон татан авалтад хамрагдаж буй бүтээгдэхүүнүүд:

  • 1. “BABYBIO” Optima 1 – 800 гр
  • Цувралын дугаар: 894408
  • Хэрэглэж дуусах хугацаа: 2027.07.09
  • 2. BABYBIO” Optima 1 – 800 гр
  • Цувралын дугаар: 900035
  • Хэрэглэж дуусах хугацаа: 2027.08.12
  • 3. “BABYBIO” Optima 1 – 400 гр
  • Цувралын дугаар: 900932
  • Хэрэглэж дуусах хугацаа: 2027.08.18 зэрэг бүтээгдэхүүнүүд багтаж байгаа аж.

“BABYBIO” брэндийн нялхсын сүүнээс илэрч болзошгүй Бациллус Сереус бактери нь хөрс, ус, тоосонцорт байдаг нян аж. Тиймээс тус бактери хоол хүнсэнд орох магадлалтай байдаг байна. Хэрэв тус бактеритай хүнсийг хэрэглэвэл хоолны хордлого болдог болох өндөр магадлалтай.

Түүнчлэн Бациллус Сереус нь цереулид нэртэй хор ялгаруулдаг байна. Цереулид нь биед нэвтэрснээс хойш 30 минутаас зургаан цагийн дараа дотор муухайрах, бөөлжих, гэдэс өвдөх зэрэг шинж тэмдэг илрэх юм. Тэрчлэн энэ хор нь бага насны хүүхдийн биеийн давсны тэнцвэрийг алдагдуулж, шингэн алдах хүндрэлд хүргэдэг аж. Хүүхдийн наснаас хамаарч хорны эрүүл мэндэд үзүүлэх нөлөө хөнгөн эсвэл дунд зэргийн байдаг бөгөөд зургаагаас доош сартай нярай хүүхэд илүү хүндээр өвдөх эрсдэл их байдаг байна.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button