Ж.Батзандан: Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарт улсаа гэсэн сэтгэл, доор нь байгаа нөхдөд бүлэглэлээ гэсэн бодол байна лээ
Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаад ажлаа өгсөн Ж.Батзандантай ярилцлаа.
-“Ж.Батзанданг БЭТ-ийн ажлаас чөлөөлж өгөөч” гэж нөлөө бүхий бүлэглэл Засгийн газарт удаа дараа хандсан-
-Таныг 2025 оны хоёрдугаар сард Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилж байсан. Энэ оны нэгдүгээр сарын сүүлээр татан буулгачихлаа. Нэг жил гаруй хугацаанд ямар ажлууд амжуулав?
-2025.03.20-нд Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийн тамгыг хүлээж авч байлаа. 2025 оны арванхоёрдугаар сарын сүүлээр ажлаа хүлээлгэж өгсөн. Баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд стратегийн ордуудын төрд ногдох өгөөжийн тооцооллыг хувилбарыг боловсруулан Засгийн газарт танилцуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг есөн сар ахалсан. Таван судлаач болон ЗГХЭГ-ын даргын хамт ажиллалаа.
БЭТ-ийн ажлын төлөвлөгөөг Засгийн газраас баталж өгсөн. Эрдэнэтийн үүсмэл гурван орд, Нарийнсухайт ордын долоон ААН, Тавантолгойн гурван ААН, ураны гурван орд, бусад ордуудын тооцоолол гаргаж, саналын хувилбар оруулах үүрэгтэй. Нийт 26 ААН байгаагаас 13-14 дээр нь тооцоолол гаргаж, саналын хувилбар боловсруулан ажлаа албан ёсоор хүлээлгэн өглөө.
-Ажлын гүйцэтгэл 50 хувьтай явж байсан гэж ойлгогдлоо. Таны бүрэн эрхийн хугацааг сунгаж болох байсан биш үү?
-Нэг талд, улстөрийн нөхцөл байдал амаргүй байлаа. Нэг Засгийн газар огцорч, нөгөөг нь огцруулах оролдлого гарсан. Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх улстөрийн хүсэл зоригтой сайд нар ажлаа өгчихсөн. Нөгөө талд, Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн санаачилга, тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шийдвэрээр БЭТ-өөр томилогдож байсан тул чөлөөлөгдсөн.
Засгийн газрын тогтворгүй байдал буюу шуурган дунд найм, есөн сар ажиллахдаа ажлынхаа нэлээдгүй хувийг нугалж, тайлангаа ямартай ч хүргүүлж чадлаа. Бидний боловсруулсан саналыг Засгийн газар хянаж үзээд УИХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн холбогдох шийдвэрүүдийг хуулийн дагуу гаргана гэж найдаж байна. Хүлээж байна.
-Ажил дуусаагүй, үр дүн гараагүй байхад татан буулгаж буй шалтгаанаа юу гэж тайлбарласан бэ, Засгийн газар?
-“Ж.Батзанданг БЭТ-ийн ажлаас чөлөөлж өгөөч” гэж нөлөө бүхий бүлэглэл Засгийн газарт удаа дараа хандсан. Энэ тухай ЗГХЭГ-ын дарга надад өөрөө хэлсэн. “Таныг зайлуулж өгөөч гэж арваад хүн орж ирлээ” гэсэн.
-Одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт уу?
-Тийм ээ. Гэхдээ намайг тэр хүсэлт дээр үндэслэж чөлөөлсөн гэж бодохгүй байна. Өөрөөр хэлбэл бүлэглэлийн захиалгаар ЗГХЭГ-ын дарга Ж.Батзанданг чөлөөлөөгүй байх. БЭТ-ийг зургаагаас есөн сарын хугацаатай томилдог. Энэ утгаараа хугацаа ч дөхчихсөн байсан. Нөгөө талаар улстөрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Ардчилсан нам Засгийн газраас гарсан тул намынхантайга ярилцаж байгаад ажлаа дуусгалаа. Ардын нам ажлаа хийсэн шиг хийж, ачаагаа үүрсэн шиг үүрэх цаг ирсэн.
-Найм, есөн сарын хугацаанд өөрийгөө хэр сайн ажилласан гэж бодож байна вэ. Мэдээж дутуу үлдээсэн ажлууд бий байх?
-Хэрэв, монголын улстөр тогтвортой байсан бол, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцроогүй байсан бол, Г.Занданшатарыг огцруулна гэж хажуу хавиргаас нь татаж чангаагаагүйсэн бол баялгийн сангийн чухал хуулиуд УИХ руу орох байсан. Харамсалтай нь, намайг БЭТ-өөр ажиллах хугацаанд Засгийн газрын асуудал л төрийн ордонд яригдлаа. Чухал хууль, тогтоолууд яригдсангүй. Юун баялгийн сан, улсын төсвөө ч баталж чадалгүй мунгинаж, самуурлаа. Баялгийн сангаа батлуулсан Ерөнхий сайдаа явуулчихсан улстөрийн нөхцөл байдал дунд БЭТ ганцаараа үр дүн гаргах ямар ч боломжгүй. Улстөрийн таатай нөхцөл байдал эргэн ирэх байх гэж найдахаас өөр арга алга.
-Г.Занданшатар баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа. Харин танхимынх нь гурван сайд эсрэг байгаа-

-Стратегийн 16 орд эзэмшигч 26 ААН-ийн хэдтэй нь хэлэлцээр хийгээд байсан юм бэ, хэлэлцээрийн үр дүн?
-2007 оны УИХ-ын тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий 16 ордыг жагсаан баталсан. 16 ордыг нийт 26 аж ахуй нэгж эзэмшиж байна. Тэдгээр ААН-үүдийг хоёр гурван шалгуураар ангилж үздэг. Нэгт, үйл ажиллагаа нь эхэлсэн стратегийн ордуудыг эзэмшигч ААН-үүд. Лицензтэй хэрнээ үйл ажиллагаа эхлүүлээгүй ААН-үүд бий. Тухайлбал, Дорнодын ураны гурван ордын үйл ажиллагаа эхлээгүй байгаа. Нарийнсухайтын ордыг долоон ААН эзэмшиж байгаагаас дөрөв нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн, гурав нь хайгуулын лиценз эзэмшиж байна. 2025 оны дөрөвдүгээр сарын сүүлээр стратегийн ордуудын хил заагийг тогтоох ажлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хийж дууссан. Энэ дагуу хил заагийг нь тогтоосон ордууд дээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдтэй хэлэлцээр хийж эхлүүллээ. Стратегийн ордыг гадны эсвэл дотоодын ААН эзэмшиж байна уу. Тэдгээр нь оффшорт бүртгэлтэй юу гэхчлэнг харгалзана. Эзэмшигч, лицензийн төрөл, үйл ажиллагаа эхэлсэн эсэх гэсэн ангиллууд чухал.
Эрдэнэтийн үүсмэл гурван ордоос эхлээд Нарийнсухайт, Тавантолгой гэхчлэн 13, 14 аж ахуй нэгжтэй хэлэлцээрийг эхлүүлж, тодорхой үр дүнд хүргэсэн. Хэлэлцээр хийх амар биш.
Засгийн газар огцорсны маргааш хэлэлцээр хийсэн ААН-үүд зугтаад алга болчихдог. "Дараагийн Засгийн газартай өөр хэлэлцээр хийнэ" гэдэг. ААН-үүдийг буруу биш. Учир нь Засгийн газар болгон хууль хэрэглээн дээр ялгаатай хандаж байгаа.
-Засгийн газар солигдох нь хэлэлцээр гацахаас эхлээд аз болчихдог бололтой?
-Өнөөдрийн Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа. Харин танхимынх нь гурван сайд нь эсрэг байгаа. Нэр цохоод яахав. Зарим нь сайд нь бүр баялгийн сангийн хуулийг бүр өөрчилнө гээд явж байгаа шүү. Гацаах чиглэл авчихсан.
Улстөрийн тогтворгүй байдлаас болоод ний нуугүй хэлэхэд төрийн захиргааны систем сүүлийн нэг жилийн хугацаанд гацлаа. Ордонд байгаа хүмүүст Засгийн газар огцрох нь сайхан байж магадгүй. Засгийн газар огцрохын өмнөх болон томилогдсоны дараах гурван сар төрийн ажил гацаж, амьдрал зогсдог юм шүү. Энийг мэддэг улстөрчид цөөхөн. Өнөөдөр намайг чөлөөлсөн нь асуудал биш. Хууль хэрэгжүүлэхгүй гацааж байгаа нь асуудал болоод байна.
-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсноор таны ажлын эрч саарсан, хэлэлцээр үр дүнгүй болсон, баялаг ашиглагчид баярласан гэдэгтэй санал нийлэх үү?
-Стратегийн ордуудыг хэдэн онд, хэн гэдэг дарга, ямар замаар, яаж өгснийг БЭТ-өөр ажилласан хүний хувьд маш сайн мэдэж байна. Энэ талын судалгааг хууль, хяналтын байгууллагуудтай хамтарч хийгээд Засгийн газарт хүргүүлсэн. Стратегийн ордуудыг хууль бусаар авч, татваргүйгээр ашиглаж ирсэн бүлэглэл, бүлэглэлээс санхүүждэг улстөрчид сандарч байгаа. Тиймээс ард түмэнд мэдэгдэхгүйгээр, хаалттайгаар ашиглахыг ямагт хүсэж байна.
-Өнгөрөгч долоо хоногт Г.Занданшатарын Засгийн газар баялгийн санг үргэлжлүүлэх сонирхолгүй гэдэг шүүмжлэлд өртсөн. Таныг татан буулгасан нь магадгүй үүнтэй холбоотой байж болох уу?
-Баялгийн сангийн хуулийг гацаах сонирхолтой цөөнгүй сайд нар, гишүүд бий. Стратегийн ордуудыг хууль бусаар авч ашиглагчид бүлэглэлийн түвшинд ажиллаж байна. Томилогдсон цагаасаа хойш мэдэрлээ. Монгол Улсын Үндсэн хуульд, “Стратегийн ордуудын өгөөжийн дийлэнх нь монголын ард түмэнд баялгийн сангаар дамжиж ногдох зарчмыг хэрэгжүүлнэ” гээд хуульчилчихсан. Засгийн газар энэ хуулийнхаа суурь зарчмыг хэрэгжүүлэх үүрэгтэй.
Итгэл хамгийн сүүлд бөхдөг гэж үг бий. Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх итгэл минь бөхөөгүй. Монголын ард түмэн баялгийн санг дэмжиж, баялагтаа эзэн болохыг хүлээж байгаа.
-Засгийн газар тогтворгүй байх шалтгаан нь стратегийн орд эзэмшигчид буюу баялаг ашиглагчид, тэдний бүлэглэл гэдэг хардлага ч үүсчихлээ?
-Шуудхан хэлэхэд Монгол Улсын эдийн засаг, улстөр цөөхөн тооны бүлэглэлийн гарт бүрэн орсон. Төрийн томоохон шийдвэрүүд УИХ, ЗГ дээр биш өндөр шилэн байшингуудад урьдчилж гардаг болсон. Ямар шийдвэрийн гацаах уу гэдгийг ч бас шийдэж байна. Стратегийн орд эзэмшиж байгаа нөхдүүдийн олж буй орлого хэдэн тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа. Ард түмний халаас хоосон байна.
-Баялгийн сангийн хуулийг зориуд гацаадаг. ҮАБЗ-ийн түвшинд авч хэлэлцэхгүй бол цаашид ч гацаана-

-Аж ахуй нэгжүүдтэй хийсэн уулзалт, хэлэлцээрүүдийн дараах таны дүгнэлт юу байв?
-Стратегийн орд эзэмшигч ААН-үүд төрөөс том бөгөөд хүчтэй. Лобби бүлэглэл. Тэд гурван нүүртэй. Засгийн газрын тэргүүнтэй уулзахаараа, ард түмэн болоод хэвлэлийн өмнө гарахаараа, хэлэлцээрийн ширээний ард суухаараа гурван өөр зүйл ярьдаг. Баялгийн сангийн хуулийг зориуд гацаадаг. ҮАБЗ-ийн түвшинд авч хэлэлцэхгүй бол цаашид ч гацаана. Сонгуулиар улстөрчдөд хэдэн халтар төгрөг өгдөг. Дараа нь түүгээрээ барьцаалдаг. Үе үеийн Ерөнхий сайдууд бүлэглэлийн барьцаанаас яаж гарах вэ гэж л толгойгоо гашилгадаг. Г.Занданшатар ч ялгаагүй.
-Ерөнхий сайдад хэчнээн хуудас материал цуглуулж, хүлээлгэж өгөв. Мөн хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар хандсан асуудал бий юу?
-Баялгийн талаарх нэгдсэн мэдээлэл дутуу дулимаг явж ирж. Цогцоор нь хардаг төрийн байгууллага, алба хаагч өнөөдрийг хүртэл байгаагүй. Стратегийн ордуудын талаарх хамгийн их мэдээлэлтэй хүн магадгүй Ж.Батзандан байх. Цуглуулсан баримт материал их бий. Нэгдсэн мэдээлэл цуглуулсан нь БЭТ-ийн хийсэн чухал ажил байж магадгүй. Мэдээлэл цуглуулна гэдэг нэг асуудал. Цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийнэ гэдэг түүнээс чухал.
Олон асуудлаар хууль хяналтын байгууллагад хандлаа. Ялангуяа лиценз олголт, гааль татварын мэдээлэл, лабораторийн хулгайтай холбоотой асуудлуудаар. Шударгаар шалгана гэж итгэж байна. Надтай хамт ажилласан таван шинжээч олон ажил нугалсан. Тэдний хүч, оролцоогоор ард нь гарлаа.
-Дарамт ирж байв уу?
-Улстөрийн тэмцэл хийж гудманд гарч, олон хавар намар даарч үзсэн хүн. Баргийн зүйлийг сүрдүүлэг, дарамт гэж үздэггүй зантай. Мэдээж Нарийнсухайтыг ярихаар далд эзэн нь босч ирээд л доромжилно. "Ачит ихт"-ийг ярихаар гарч ирээд л дайрна. Ард түмний эрх ашиг ярьсан болгоныг поп гэж цоллодог. Намайг ч бас тэглээ. Шоронд хийхээс холгүй байгаа. Айх, эмээх, ухрах асуудал байхгүй ээ.
-Та бүхний цуглуулсан, дүн шинжилгээ хийсэн дата мэдээллүүдийг Засгийн газар ашиглаж, үр дүн гаргана гэдэг итгэл байна уу?
-За даа, энэ Засгийн газар юу л бол. Баялгийн сангийн хуулиа явуулъя гэсэн итгэл Г.Занданшатар Ерөнхий сайдаас бусдад нь байхгүй гэж түрүүн хэлсэн. Аргалъя, хууръя, бүлэглэлүүдтэй тохиръё, хувийн эрх ашгаа шургуулъя гэсэн шуналтай сайд нар цөөнгүй харагдана лээ.
-Стратегийн орд гээд ярихаар П.Цагаан, Ж.Оджаргал, Б.Нямтайшир гэхчлэн тодорхой хэдэн дүр л яригддаг болчихлоо. Тэднийг Ерөнхийлөгчийн түвшинд тохирчихлоо, гар барьчихлаа гэсэн мэдээлэл түгсэн?
-Уул уурхайн ассоциаци түүн дотроо нүүрсний ассоциаци нэртэй мангас шиг том бүлэглэлээс болгоомжлох шаардлагатай. Улстөрчдийн санхүүжүүлдэг. Төрийн гурван өндөрлөгт нөлөөлдөг, олон тэрбум ам.доллар эргэлдүүлдэг, монголын баялгийг сордог. Энэ бүлэглэл хүссэн хуулиа батлуулдаг болоод удаж байна.
-Б.Нямтайшир гуай хэзээ бичиг шидэх үү, яаж лобби хийлгэх үү, хэнийг хэрхэн дарамтлах гэж оролдох вэ гэдгийг нь мэднэ. Яг л зангаа харуулж байна лээ-

-Тодорхой зүйл яръя?
-Б.Нямтайшир гэдэг хүн монголын төртэй гурван удаа тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Алтны болон Нарийнсухайтын орд дээр. Засгийн газрын баталгаа гэсэн үг. Түүгээрээ гадаадын банкнаас дуртай хэмжээгээрээ зээл авч чаддаг. Стратегийн орд авахдаа хайгуулын биш ашиглалтын лиценз авч чаддаг. Ганцхан гэр бүлд монголын төр өртэй юм шиг өгдөг. Шаардсан бичиг баримт байтугай орд өгдөг. Цагаансуварга дээрээ УИХ-ын тогтоолтой. Ийм л хүн.
Хэрэв хууль эрх тэгш үйлчилдэг юм бол лиценз эзэмшиж байгаа бүх хүнтэй тогтвортой байдлын гэрээ байгуул. Хэдхэн гэр бүлд Засгийн газрын тогтвортой байдлын гэрээ нэртэй баталгаа гаргаж өгдгөө одоо боль. Сүүлийн 30 жил хэдхэн гэр бүлийг бодлогоор дэмжиж ирлээ. Тэдгээр гэр бүлүүдийг орлого 500-гаас тэрбум ам.доллар, их наядаар хэмжигдэж байна. Баяжиж болно. Хуулийн хүрээнд баяж. Стратегийн орд эзэмшиж болно. Ард түмэнд ногдох хувиа өг.
-Нарийнсухайт ордоос олж буй орлого, төлж буй татвар асар харьцангуй юм билээ. Нэмээд тогтвортой байдлын гэрээ хийчихжээ.
-Нарийнсухайтын судалгааг хийсэн. Хэдэн онд, хэн гэдэг сайд өгсөн нь тодорхой харагдаж байгаа юм. Нэг гэр бүл сүүлийн 22 жил хэдэн тэрбум ам.долларын ашиг олсон гааль, татварын мэдээлэл ч бий. 22 жил ухчхаад байхад 10 хувь нь ашиглагдаад байна. Б.Нямтайшир гуайн гэр бүл тасартлаа баяжсан. Ашиглаж буй аж ахуй нэгжийг муу, сайн гэж хэлэхээс илүүтэй баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээ гэдэг зарчим яригдах ёстой. Энэ бол Ж.Батзандангийн шаардлага биш хуулийн шаардлага. Засгийн газрын биш Үндсэн хуулийн шаардлага.
Хэдий чинээ баялгийн сангийн хуулийг гацаана төдий чинээ баялгийн хулгайч нарт ашигтай. Баялгийн сангийн хуулийг яаралтай хэрэгжүүлж, урагшлах шаардлагатай байна.
-"Цагаансуварга"-ыг УИХ-ын тогтоолоор авчихсан. Тань руу "Нарийнсухайт ордоос "Хангалттай татвар төлж байгаа, төртэй хэлцэл хийх шаардлагагүй" гэсэн бичиг илгээсэн удаатай. Уулзалт хийсэн үү?
-Б.Нямтайшир гуайг мэднэ л дээ. Хэзээ бичиг шидэх үү, яаж лобби хийлгэх үү, хэнийг хэрхэн дарамтлах гэж оролдох вэ гэдгийг нь мэднэ. Яг л зангаа харуулж байна лээ.
"Цагаансуварга"-ын ордыг 2012-2016 оны хооронд тухайн үеийн Ерөнхийлөгчөөр лоббидуулж байгаад УИХ дээр тогтоол гаргуулаад авчихсан. Одоо дахиад л лобби хийж яваа. Зэсийн болон зэсийн баяжмалын АМНАТ-өө бууруулах зорилготой. Б.Нямтайшир гуайн хөдөлмөрч зан чанарыг ойлгож байгаа. Гэхдээ хуулиа хэрэгжүүл. Стратегийн ордын 10-аас доошгүй хувь нь Хөрөнгийн бирж дээр гарах ёстой. 34-ээс дээш хувийг нэг гэр бүл дангаараа эзэмшиж болохгүй.
Хүний амьдрал хугацаатай шүү. Амьдарч байх хугацаандаа ард түмэнд буянаа өг.
-МАК Нарийнсухайт ордоос хэдэн төгрөгийн орлого олж, хэдэн төгрөгийн татвар улсад төлж байгаа юм бэ?
-Нүүрсний ордын олборлолтын зардал харьцангуй өндөр. Нарийнсухайт ордоо МАК 560 сая орчим тоннын нөөц бүхий Ч6 ангиллын кокс нүүрсний талбайг эзэмшдэг. 22 жил кокс нүүрс зарсан хүмүүс. Хэзээ ч үнс, хог болдоггүй. Жилээс жилд үнэ өсөн нэмэгдэж байгаа.
SGS гэх гаднын хөрөнгө оруулалттай компани болон "Өсөх зоос" ХХК лиценз эзэмшдэг. "Өсөх зоос" ХХК нь Засгийн газрын гишүүний аавынх. Хэлэлцээрт ирдэггүй, зугтдаг. Охиноо урдаа барьдаг. Засгийн газарт буруу мэдээлэл дамжуулж, хэлэлцээрийг гацаах гэж хамгийн их гүйдэг хүмүүсийн нэг.
-Ч.Ундрам сайдын аавыг хэлж байна уу?
-Ч.Чинбат ахыг хувь хүнийх нь хувьд хүндэтгэж явдаг аа. Бид хоёрын ах дүү, найз нөхөд байх хэнд ч хамаагүй. Олон жил нүүрс экспортлохдоо татвараас зугатлаа. Маш бага татвартай. Энэ бүхнийг ярих цаг болсон. Хууль хэрэгжүүлэх цаг ирж л таарна.
-Өмнөх болон одоогийн Засгийн газар Эрдэнэтийн үүсмэл гурван орд дээрх төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээрээ хийсэн. Гэвч одоо ч гацсаар байна шүү дээ. "Ачит ихт" гэхэд л төртэй хэлэлцээ хийх ажлын хэсгээ татан буулгачихсан?
-Хэлэлцээр хийсэн. Төрийн эзэмшлийг 50-иас дээш 70 хувьд хүргэх бололцоо байгаа. Засгийн газар эцсийн шийдвэр гаргаж, төслөө УИХ-д оруулах ёстой.
-Та бол хэлэлцээрээ хийчихсэн үү?
-Хэлцэл хийсэн. БЭТ-ийн ажлын алба суурь судалгаагаа, өгөөжийн тооцооллоо ч хийгээд хүлээлгээд өгчихсөн. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шинжээч томилоод дүгнэлтээ гаргачихсан. Одоо ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хариуцаж байгаа. Урагшлуулах ёстой. Үүсмэл гурван орд дээр гацаад байх зүйл байхгүй.
-Стратегийн 16 ордын алдагдсан боломжийн өртөг олон их наядаар яригдана-

-Стратегийн 16 ордоос монголчууд хэчнээн төгрөгийн өгөөж хүртэх ёстой байв. Алдагдсан боломжийн өртөгийн тооцоолол гаргах боломжтой юу?
-Алдагдсан боломжийн өртөг олон их наядаар яригдана. Алдагдсан шалтгаан нь юу юм бэ гэдэг асуудал. Хувьчлалын үед хулгайн замаар гадаад, дотоодын хэдхэн хүнд өгчихсөн. Орон нутгийн Тавантолгойг "Ажнай" Д.Бат-Эрдэнийн бүлэглэл хангалттай цусаллаа. Манай намын хүн юм. Орд бүр дээр гажуудал, зөрчил, хууль бус зүйлүүд байна.
Намайг БЭТ-өөр томилж, есөн сар ажиллуулсан Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарт баярлалаа. Та хоёрт улс орноо гэсэн сэтгэл байх шиг байна. Доор чинь байгаа нөхдөд бол бүлэглэлээ гэсэн бодол байна лээ шүү.
-34-51 хувиа төр авна, авахгүй гэдэг маргаан олон жил үргэлжиллээ. Үргэлжлэх ч шинжтэй. Гэтэл стратегийн 16 ордоос нөөц нь дуусах дөхөж байгаа орд бий юу. Таны тооцоолол?
-Зарим ордуудаа идэж уугаад дуусаж байна. "Бороо гоулд" алтны гайхамшигтай том орд байсан. Нэг гэр бүлд тогтвортой байдлын гэрээ байгуулаад өгчихсөн. Түрүүн хэлсэн дээ. Бүх төрлийн татвараас чөлөөлөх гэрээ буюу Засгийн газрын баталгаа юм. Гаднын банкнаас зээл аваад гадныхантай нийлж алтаа гадагш гаргаад дууссан. Мөн стратегийн том ордуудын нэг "Цайртминерал" дуусаж байна. Нарийнсухайт 1.4 тэрбум тоннын нөөцтэй гайхамшигтай том орд. Одоогийн байдлаар нийт нөөцийнхөө 10 орчим хувийг экспортод гаргачхаад байна. Тавантолгой ордыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас гадна гурван компани эзэмшиж байгаа. Орон нутгийн Тавантолгой, Баруун наран, Ухаа худаг. Гуравхан хувийн хэвшилд 1.2 тэрбум тоннын нөөц бүртгэлтэй байна. "Баруун наран", "Ухаа худаг" компаниуд MCS-д хамааралтай.
Стратегийн ордыг тасдаж аваад хулгайлдаг явдал сүүлийн 20 гаруй жил үргэлжилж байна. Хувийн хэвшилд өгч болно. Гэхдээ өгөөжийн тодорхой хувиа тохирох ёстой. Өгөөжийн хувиа буруу тохироод байвал 3.5 сая иргэн ядуурсаар, баялгаа хулгайд алдсаар байх болно.
-Бүлэглэл гэж их ярилаа, та. Ордуудыг хууль бусаар олгосон, хамт идэж уусан гэхчлэн тооцвол хэчнээн тооны улстөрч болохоор байна вэ?
-Зарим орд оффшорт байна. Зарим нь дотоодод байна. Улстөрчдийн авгай, хүүхэд ч эзэмшиж байна. Өнгөрсөн 30 жилийн завхралыг засах нь бидний үүрэг болохоос хэн нэгнийг яллах нь чухал биш. Орд бүр дээрх асуудлыг нээлттэй ярих хэлэлцүүлэг УИХ дээр өрнүүлээсэй. Зохион байгуулах байх. Ордон орж гишүүдтэй уулзана. Эрүүл саруул ухаантай, үндэсний үзэлтэй гишүүд цөөнгүй байх гэсэн итгэл бий.
-Шийдэл нь юу байх вэ?
-Лиценз олгохдоо, ТЭЗҮ-ийг нь батлахдаа өгөөжийн хувиа шуу тохирдог болох нь илүү зөв шийдэл гэж бодож байна. Орд бүр дээрх нарийн ширийн мэдээллийг мэднэ. Төрийн нууц, байгууллагын нууцтай холбоотой мэдээллийг ярих нь дэмий. УИХ, Засгийн газар орд бүрээр нээлттэй хэлэлцүүлэг хийвэл миний бие очиж мэдээлэл өгөхөд бэлэн. УИХ-ын 126 гишүүн мэдээлэлгүй байгаа. Намайг УИХ-ын байх үед ч эдгээр мэдээллүүд хаалттай байлаа. Стратегийн ордын мэдээллийг сонирхдог ч хүн байсангүй. 2019 онд хуулийг нь батлаад өгчихсөн. Одоо хууль хэрэгжилтийг шаардах ёстой.
Дараагийн БЭТ-өө томилоод орд бүр дээрх дата материал дээр ажиллуул. Ингэж байж баялагтаа эзэн монгол болно.
-Хууль хэрэгжилтийн талаар та олон удаа ярилаа. Стратегийн ордуудаас төр хувиа авах хууль хангалттай бий. Хэрэгжилт л явахгүй байна гээд байна уу?
-Баялгийн тэгш хуваарилалт хийхгүй бол баян, хоосны ялгаа өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд уг нь баялгийн санг байгуулсан. 2019 онд 50 мянган хүн жагсаж байгаад Үндсэн хуулийн 6.2-ыг Үндсэн хуулийн 6.2-ыг батлуулсан. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гурван том реформыг хийсэн байдаг юм. Нэгт, баялгийн зөв хуваарилалтын тогтолцоог бий болгох. Хоёрт, шүүх засаглалын реформ. ШЕЗ-өөр дамжуулж парламентын хяналтад оруулсан. Гуравт, ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэг хуулиар зохицуулах. Өнөөдрийн институц хоорондын тулааныг зогсоохын тулд хийсэн өөрчлөлт. Бүтэн зургаан жил болчхоод байхад хэрэгжихгүй байна.
Гурван суурь реформыг хэрэгжүүлэхгүй бол 2019 оны тэмцэл утгаа алдлаа. 2023 онд парламентыг 126 гишүүнтэй болгох том өөрчлөлт орсон. Төрийн ордон, УИХ-ыг залуучуудаар цус сэлбэх том өөрчлөлт хийсэн. Харамсалтай нь бодитоор хэрэгжихгүй байна. Хууль батлах нэг хэрэг. Хэрэгжүүлнэ гэдэг том асуудал. Монгол Улс хууль хэрэглээний хямралд орчихлоо.
Ард түмэнд ашигтай бүх заалт гацаж байна. Авлигач, хулгайч, бүлэглэлд ашигтай заалтууд хэрэгжиж байна. Энэ маягаар монгол урагшлахгүй. Ганцхан жишээ хэлье. Ашигт малтмалын тухай хуульд иргэдэд хэрэгтэй дөрөв, таван заалт бий. Нэгийг нь ч хэрэглэхгүй байна. Тухайлбал, стратегийн ордуудын 10-аас доошгүй хувийг хөрөнгийн биржид гаргах ёстой. Баялгийн сангаар дамжуулан өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртээх ёстой. Стратегийн нэг ордын 34 хувийг нэг гэр бүл, нэгдмэл сонирхолтой этгээдүүд эзэмшихийг хориглох заалт бий. Харамсалтай нь хэрэгжүүлэхгүй байна. Үүнийг selective justice гэдэг. Шударга ёсыг сонгож хэрэглэдэг. Хууль, шүүх дээр ч энэ хэрэгжиж байна. Хууль хэрэглээндээ анхаарах цаг болсон. Хэрэгжүүлж чадахгүй бол сайн хуультай байгаад яах юм бэ.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Видео:








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Батзандан ямар байх нь хамаагүй. Ярьсан зүйл нь бол үнэн л байна, Энэ Нямтайшир гуай 8 Оджаргал мэтийн хүмүүс үнэн шударга байж болдоггүй юм байх даа, Үнэхэээр цусалж ханалаа ш дээ. Одоо улсаа бодоод татвараа шударга төлж болдоггүй юм байх даа.
Зөв юм ярьсан байна монголын төр шүүх ард түмний биш бүлэглэл мөнгөтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй болсон нь үнэн шүү
Жаахан ханатай баймаар даа,манай баячууд!Баяжих ёстой, гэхдээ одоо ард түмэндээ ээлтэй байцгаавал ямар вэ,худгийн ус хүний буян хоёрт хязгаар бий гэдэг үнэн шүү
Зөв сайн асуудлыг хөндөж тавилаа. Батзандангаас айсан хулгайчууд хатгасаар байгаад зайлуулсан. Дэмжиж байгаа шүү
Монголын баялаг иргэдииин боломжооор хагартлааа баяжсан өлөн бузруууд улныхан чацга нэр зүүгчд нь энэ гаригааас бүгдл явна харин ямар тус буянлаг байсан бэ гэдэгл тамруу явах үгүйгээ шииднэ
Үнэн, хулгайчид л ОЭ-ийн ЗГ-ыг огцруулсан, хэнд ч тодорхой. Одоо Баялгийн сангийн хуулийг ЗШ хэрэгжүүл.
БАТЗАНДАН БОЛОН ТҮҮНИЙ АХ ДҮҮС МОНГОЛ ТӨРИЙН ПАРАЗИТУУД !!! ТЭДНЭЭС НЭГ УДААГИЙН ТУУЛГААР САЛЖ ЧАДАХГҮЙ МАШИД ГҮН ШИГДСЭН ХУВАЛЗНУУД ШҮҮ !
Шаана биз
Энэ эргүү дагзад одоо квот өгч солирдогоо болих хэрэгтэй. С.Эрдэнэ гэж фсда байна Баянголын 3 квотыг яав...
батзандан хулгайчаа чи хүүкийн засгийг авч үлдэр кноп дарсныхаа авлигад татвар төгөдчийн мөнгөнөөс 12 тэрбум төргөр хулгайлж авснаас төлчөөд олон долоон юм ярь чиний хулгайчийг бүгд мэдэж байгаа
Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud
Батзандангын ярьж байгаа асуудлуудыг хэрэгжүүлэхийн тулд Төр засагт салхи оруулах цаг нь болсон юм шиг байна!!!
Ард түмэнд ашигтай бүх заалт гацаж байна. Авлигач, хулгайч, бүлэглэлд ашигтай заалтууд хэрэгжиж байна. Энэ маягаар монгол урагшлахгүй. Ганцхан жишээ хэлье. Ашигт малтмалын тухай хуульд иргэдэд хэрэгтэй дөрөв, таван заалт бий. Нэгийг нь ч хэрэглэхгүй байна. Тухайлбал, стратегийн ордуудын 10-аас доошгүй хувийг хөрөнгийн биржид гаргах ёстой. энэ маш чухал заалт шүү, уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр зарах нь маш чухал
Chi hol z##l toroo’s hulgai hiij
Amia zogoogch shvv
Batzandan heseg shou hiigeed l alga bolchihdog ,
Монголыг хорлогчид, зайл улс төрөөс!!
Хуульч мэргэжилтэй, төрөлхийн шударга зантай болохоор нь баялгийн хулгайч нар айгаад матаас хийгээд л яваад байсан. Гэхдээ шинжээч ажлын албатайгаа хийх ёстой ажлаа хийгээд ЗГ-т хүлээлгээд өгчихсөн юм байна. Шийдвэр гарахыг нь хүлээхээс.
Энэ хүний сэтгэцийн эрүүл мэндийг мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй дээ!! Удвал хүндрэнэ шүү!!! Тэр нүдний харц нтр-ийг нь хараарай?!
Чи ч байгалийн баялгийг ганцаараа гутрах санаатай үйлийн үр яг дэргэд чинь
Энэ гэж жинхэнэ долдой пялдага хар лалар дандаа энд тэнд шантааж хийж явдаг хийж гийсэн юм байхгүй
Өөрийгөө л хичээ. Чи биднээс бол хэдэн 100 1000 хувь илүү бусдын төлөө явдаг хүн бна.