Тодруулга: Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалт 20 орчим хувьтай байна
Улаанбурхан өвчний дэгдэлт 355 дах өдрөө үргэлжилж байгаа бөгөөд нас баралт 13, нийт батлагдсан тохиолдол 14,123 болсон. Удахгүй сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор тус өвчний дэгдэлт ихсэх эрсдэлтэй байгаа юм. Тиймээс нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 16 өдөр хүртэл үргэлжлүүлэхээр болсон байна.
Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад "Нэмэлт дархлаажуулалтыг өнгөрсөн сарын 26-наас эхлэн энэ сарын 16 хүртэл үргэлжлүүлнэ. Дархлаажуулалт 26 хувьтай байгаа бөгөөд 10–15 настай 2011.01.01–2016.12.31 хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана. Учир улаанбурханы өвчлөл энэ насны хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгаа. Түүнчлэн өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэлтэй. Тиймээс дархлаажуулалтад хүүхдүүдээ идэвхтэй хамруулахыг асран хамгаалагчдаас хүсэж байна" гэлээ.
Нэмэлт дархлаажуулалтыг Төрийн болон хувийн хэвшлийн ЕБС, Сум, өрхийн эрүүл мэндийн төв, Салбар амбулатори, Дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет хийхээр болжээ. Нэмэлт дархлаажуулалтад Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Серум Институт”-д үйлдвэрлэгдсэн вакциныг ашиглаж байгаа аж.
Б.АЗЖАРГАЛ






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.