Сар шинийн таваг засах өртөг ₮300 мянгаас эхэлж байна

Монгол түмний сар шинийн баяр болоход цөөхөн хоног үлдээд байна. Энэ үед иргэд баярын бэлтгэлээ базааж эхэлдэг. Ялангуяа цагаан идээний худалдан авалт эрс эрчимждэг билээ. Тиймээс энэ жил цагаан идээний үнэ ханш ямар байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.
Иргэд олноороо зорьж очиж үйлчлүүлдэг томоохон худалдааны төвүүд болон сар шинийн үзэсгэлэн худалдаануудад зарагдаж буй нэг кг ааруул 30,000-65,000 төгрөгийн хооронд байна. Тодруулбал, чихэртэй ааруул нэг кг нь 30 мянга, хорхой ааруул нэг кг нь 35 мянга, сүүн ааруул нэг кг 45 мянга, ямааны ааруул нэг кг нь 65 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.
Мөн тавгийн идээний таван үетэй 35 ширхэг ааруул хэдэн үе засахаас хамаараад 250,000-500,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм.
Харин цагаан идээний үнэ өнгөрсөн жилийнхээс их өсөөгүй, зарим ааруулын үнэ нэг кг тутамдаа 1000-2000 төгрөгөөр л өссөн дүн анзаарагдаж байна. Тогооны өрөм хэмжээнээсээ хамаарч 30,000-40,000 мянган төгрөг бол ээзгий 35,000 мянган төгрөгөөр зарагдаж байгаа аж.
Түүнчлэн 30 ширхэг сүүн ааруул, гурван ширхэг орой, нэг кг хорхой ааруул иж бүрдлээрээ 280 мянган төгрөг бол 75 ширхэгтэй сүүн ааруул, гурван ширхэг орой, нэг кг чимэглэлийн ааруул иж бүрдлээрээ 480-500,000 төгрөгөөр борлуулагдаж байна.
Цагаан идээний кг тутмын үнийн мэдээллийг хүргэвэл,
- Хорхой ааруул- ₮30,000-35,000
- Сүүн хурууд- ₮40,000
- Энгийн ааруул- ₮25,000-40,000
- Хэвлэсэн хайлмаг- 25,000
- Өрөм- ₮8,000-40,000
- Шингэн Сүү- ₮4500
- Шар тос- ₮45,000 тус тусын үнэтэй байна.
Жил ирэх тусам эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч тэр хэрээр иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа. Гэсэн ч иргэд дор бүрнээ идээ, шүүс бэлтгэж, орсон, гарсан хүний гар цайлгадаг хэвээр. Хэзээнээс ингэж сурсан иргэд хаана ямар боломжийн үнэтэй бэлэг сэлт, идээ ундаа бэлтгэх нөхцөл байгааг эрж, энд тэндэхийн дэлгүүр, хоршоог “нүхэлж” дуусдаг.
Э.БАЯНМӨНХ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.