Улаанбурханы тархалт 356 дахь өдрөө үргэлжилж, шинээр 21 тохиолдол бүртгэгдлээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Тус өвчний дэгдэлт 356 дах өдрөө үргэлжилж байгаа бөгөөд шинээр 21 тохиолдол батлагдсан байна. Үүний 18 нь нийслэлд, гурав нь орон нутагт бүртгэгджээ. Улмаар нийт батлагдсан тохиолдол 14,144 боллоо.
Улаанбурхан өвчнөөр 66 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн нөхцөлд 15 хүн хяналтад байгаа аж. Үүний 45 нь нийслэлд 21 нь орон нутагт байгаа юм. Харин нийт батлагдсан 14,144 хүний 11,535 нь нийслэлд байгаа бол 2604 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Мөн зөөвөрлөгдөн ирсэн таван тохиолдол байгаа бөгөөд нас баралт 13 байна.
Өвчлөл өндөр байгаа учир нэмэлт дархлаажуулалтыг Төрийн болон хувийн хэвшлийн ЕБС, Сум, өрхийн эрүүл мэндийн төв, Салбар амбулатори, Дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет хийхээр болжээ. Нэмэлт дархлаажуулалтад Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Серум Институт”-д үйлдвэрлэгдсэн вакциныг ашиглаж байгаа аж.
Б.АЗЖАРГАЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.