Канадад галт зэвсэгтэй эмэгтэй сургуульд халдсаны улмаас арван хүн амь үрэгджээ
Канад улсын Британийн Колумб мужид орших Тамблер Риж тосгонд галт зэвсэгтэй этгээд сургууль руу халдсаны улмаас арван хүн амь үрэгджээ. Хоёр хүн амь насанд аюултай гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэж, 25 хүн амь насанд аюулгүй гэмтлээр эмчлүүлж байгаа гэж цагдаа нар мэдэгдсэн байна. Хэрэгтэн эмэгтэй өөрийгөө буудаж амиа хорложээ.
Тамблер Риж нь Ванкуверээс зүүн хойд зүгт ойролцоогоор 1,155 км зайд оршдог 2,400 орчим хүн амтай тосгон юм. Канадын Ерөнхий сайд Марк Карни Х дээр мэдэгдэл хийхдээ “Тамблер Риж тосгонд өнөөдөр гарсан аймшигт хэргийг сонсоод цочирдлоо. Энэ аймшигт хэргийн улмаас хайртай хүмүүсээ алдсан гэр бүл, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье” гэсэн байна.
Уг хэрэг Канадын түүхэн дэх хамгийн хар бараан халдлагуудын нэг боллоо. 2020 оны дөрөвдүгээр сард Нова Скотиа мужид хуурамч цагдаагийн хувцас өмсөж, машин унаж явсан эрэгтэй 13 цагийн турш үргэлжилсэн халдлага үйлдэж 22 хүнийг хөнөөсөн.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.