Бангладеш Z үеийн хувьсгалын дараа анх удаа сонгууль явуулж байна
Өнгөрсөн жил Бангладешид Z үеийнхний удирдан явуулсан жагсаалын үр дүнд тус улсыг 15 жил удирдсан Шейх Хасина татан буугдаж, Энэтхэг рүү дүрвэсэн. Тэрхүү хувьсгалаас хойш бангладешчүүд анх удаа өнөөдөр /2026.02.12/ сонгууль өгч байна. Энэ санал хураалтыг Бангладешид тогтвортой байдал үүсгэхэд чухал ач холбогдолтой гэж хүмүүс үзэж байгаа юм.
Шинжээчдийн хэлж буйгаар сонгуулийн үр дүнд аль нэг нам илэрхий ялалт байгуулж байж 175 сая орчим хүн амтай тус улсад тогтвортой засаглал тогтох боломжтой. Хасинагийн Авами Лиг нам өнөөдрийн сонгуульд өрсөлдөхийг хориглосон. 2024 онд явагдаж Хасина дахин сонгогдсон сонгуулийг сөрөг хүчнийхэн бойкотлон эсэргүүцсэн байдаг. Харин энэ удаагийн парламентын сонгуульд 2 мянга орчим нэр дэвшигч 300 суудлын төлөө өрсөлдөж байгаа юм. Санал хураалтад 50 нам өрсөлдөж буй нь тус улсын хувьд түүхэн өндөр тоо болжээ.
Гэхдээ гол өрсөлдөөн Бангладешийн Үндэсний нам (BNP), Исламын үзэлтэй Жамаат-э-Ислами намын хооронд явагдана. Санал асуулгаар иргэд “BNP” намыг илүү дэмжиж байгаа аж. Гуравдугаар сард Непал улсад сонгууль явагдана. Тус улсад мөн Z үеийнхний удирдан явуулсан жагсаалын үр дүнд засгийн газар нь унасан билээ.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.