Top StoriesТүүх соёл, уламжлал

Хөгжим судлаач Д.Ганпүрэв: Алтайн ятгыг ҮЛДЭЭХ юмсан гэсэн зорилго минь ахуйн тухай бодлоос онхи ондоо

Соёлыг бид тээж, өвлөн уламжилж буйгаа хэрхэн ойлгож, хүлээж авдаг билээ...Харин Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, Хөгжмийн зохиолч, Хөгжим, соёл судлаач Д.Ганпүрэв Ховд аймгийн Жаргалант хайрханы агуйгаас олдсон археологийн олдворыг 2013 онд урлаж, амьдруулж, ая хөг оруулан, хөгжим судлалын салбарт төдийгүй угсаатан зүйд нэгэн түүхийг өөрийн гараар бүтээж, бичсэн нь Алтайн ятга. Энэ хөгжмийн ард ямар түүх, цаг хугацаа, мөн чанар буйг түүнээс хөвөрдөн асуулаа.

-Таныг Алтайн ятга хөгжмөөс салгаж ярих боломжгүй болжээ. Археологийн олдвороос нь авхуулаад биежүүлэн, бүтээж, хөг аялгуу оруулан амьшуулсан тэр цаг мөчөөс хойш энэ үйл хэрэг тань замынхаа хаана явна?

-2011 оноос эхлээд энэ хөгжмийн анхны ойлголтыг олж авчээ. Энэ бол Алтайн ятга хөгжмийн археологийн олдворыг олсон үе л дээ. Алтайн ятгыг сэргээх үед бодогдож байсан тэр бодол өнөөдрийн энэ цаг үеийн бодол хоёрын хооронд нэг их хол зөрүү гарсангүй. Яагаад гээд харсан чинь хөгжмийн шинжлэх ухааны үүднээс нь судлаад явж байхдаа их зүйлийг ойлгосонтой ч холбоотой биз. Яг эргээд харахад, судалгааны арга зүйн хувьд би огт сонсож, харж байгаагүй хөгжмийнхөө арга зүй рүү орж, урьд нь огт хийгдэж байгаагүй архео-хөгжмийн судалгаа, архео-акустикийн судалгаа болон олон хавсрах судалгааны цөм дээр Алтайн ятгын шинжлэх ухааны суурь судалгааг хийсэн юм. Эдгээр судалгаануудыг хийсний араас уг хөгжмийн талаарх ойлголт арай өөр түвшинд хүрсэн гэж болно.

15 жилийн өмнө энэ хөгжмийг яаж эгшиглэх бол, юу тоглоход болох билээ гэдэг бодол дүүрч, бүүвэйн дуу тоглоход тохиромжтой, Алтайн магтаалын хөгөн дээр хөгөлгөөг нь гаргавал татлагын хувьд ч илүү их зохицолдлогоотой гэж бодож байж. Өнөөдөр харин 100 гаруй татлагын бүтээл, товшуурын 50 орчим савардан бүтээл, нийт монгол угсаатны хэмжээнд 80 орчим бүүвэйн дууны судалгаа болон хүүхдийн дууны судалгааг хийж Алтайн ятга дээр тоглоход зориулан хөрвүүлжээ. Нэг талаараа би энэ Алтайн ятга хөгжмийг өнгөрсөн жилүүдэд хийсэн энэ судалгаа, бүтээлүүдийнхээ үрээр илүү их ойлгосон гэвэл зохино.

-Алтайн ятгын аялгууг сайтар сонсвол ятгын төрөл гэж үзэж байгаа ч хэл хууртай ижил төсөөтэй хөг хэмнэл ч сонсогдож байна. Энэ шинжээр нь харахад үнэхээр энэ хөгжмийг таны саяын хэлснээр таньж, ойлгох учиртай юм байна гэж бодогдлоо?

-Монголчууд хэвтээ ятгыг сайн мэднэ. Ятга гээд хэлэхээр хэвтээ ятгатай ижил бүлгийн хөгжим гэж ойлгогдохоос ч аргагүй. Миний ярилцагынхаа эхэнд дурдсан архео-хөгжим судлалын хүрээнд архео-акустик болон ангилал зүйн судалгааг хийсний дараа би өөрийнхөө олж хараагүй зүйлийг олж харсан гэдэг нь аливаа зүйлийг ангилал зүй рүү оруулж, ангилах ёстой гэдгийг ойлгосон хэрэг. Ангилаад ирэхээр дэлхийн угсаатны хөгжим судлалын аль АЙ-д багтаж байгааг ойлгоход амархан болно гэсэн үг.

Морин хуур, ятга, ёочин, шанз, хуучир нь хайрцагт хөгжим гэгддэг байх нь. Яагаад би хөгжмийн нарийн үг хэллэг ашиглаад байна гэхээр Алтайн ятга нь хэвтээ ятгынхаа төрөлд шуудхан хамаарчихдаг уу гээд хараад, судлахаар бүл салдаг. Юув гэхээр хэвтээ ятга нь тэвхэн дээр чавхдас татчихдаг бол Алтайн ятга тэвхгүй. Шууд цуурай хайрцаг буюу царнаасаа чавхдасаа татдаг. Хүн нэршлийн хувьд сонсоод ятга гээд нэрлэчихсэн учраас ижил л гэж бодно. Аа харин нарийн ухагдахуунаар судлаад үзэхээр аль алийг нь ятга гэж нэрлэхээргүй ч шиг. Яагаад Алтайн ятгыг явж явж "ятга" гээд нэрлэв гэхээр арфа харп гэдэг төрөл рүү бүх төрлийн босоо ятгууд багтдаг учраас тэр. Тэвхгүй учраас Алтайн ятга энэ бүл рүү орж харп ятга гэж хамаарчихсан хэрэг. Үүнийг Алтай харп /Altai Нarp/ гэж нэрлээд Монголоороо ойлгохоор Алтайн ятга гээд ойлгочихож болж буй юм. Харин олон улсын хөгжмийн ангиллын бүл зэмсгийн хувьд цитарын төрөлд ордог. Манай угсаатны хөгжим судлалд бие даасан байдлаараа “төлөвшөөгүй” учраас хөгжмийн нэршлийн хувьд ижил төстэйгөөр нэрлэж. Үүний цаана юугаараа ижил төстэй юм бэ гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирдэг. Их хол зөрүүтэй хоёр хөгжим шүү дээ. 

-Алтайн ятга яг хүүхэд шиг таны гар дээр бойжиж байна. Өөрөөр хэлбэл энэ хөгжмийн судлагдахууныг та өнөөдрийг хүртэл баяжуулж яваа. Морин хуур шиг бүх нийтийн хэрэглэгдэхүүн болох ёстой юу?

-2013 онд анхны чавхдасыг нь татаж, тэр жилийнхээ намар Алтайн ятгыг анх удаа дуугаргаж үзэхэд эхнэр минь (МУГЖ ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ) сонсоод ямар ер бусын, сонин содон дуутай юм бэ гэж хэлсэн. Өөрөө мэргэжлийн ятгачин хүн болохоор дуугаралтыг нь маш их сонирхож байсан. Өнөөдөр Алтайн ятга 13 настай гэхээр хөлд орчихсон, хэл нь зүгширчихсэн. Хүнээр бол юу ярихаа мэддэг хэмжээнд ирчихсэн гэсэн үг. Гол нь Алтайн ятга дээр урын санг нь баяжуулах тухайд л хичээж сууна. Алтайн ятга нь бусад хөгжмийн зэмсгүүд шиг зарагддаггүй. “Яагаад зардаггүй юм бэ, авмаар байна” гэдэг санал ирдэг л дээ.

Би яг үнэнийг л хэлье. Судалгаа бүрэн дуусаагүй үед олон нийтийн соёл болгочихоор магадгүй судалгаа алдаатай байвал алдаатай соёлыг олон нийтийн соёл болгочихож мэднэ. Соёлын судалгаа, археологийн хөгжмийн судалгаа гэдэг маш их цаг хугацааг туулах ёстой зүйл. Аялгуу хөг, хийц хэлбэрийн хувьд гоё авч энэ хөгжмийг судлахад цаг хугацаа багагүй шаардана. Яагаад гэхээр хөгжим гэдэг өөрөө ганц жилд л танигдаж, мэдэгдчихдэг юм биш шүү дээ. Хөгжим өвлөгддөг, амьтай. Хүний дотоод сэтгэлийг илэрхийлдэг учраас амьд энэ мөн чанараараа хэрэглэгдэж, цараа нь томсохын хэрээр танигдаж, мэдэгддэг. Түүнээс ширээ, сандал шиг ихэд гоё хийгээд утас татаад хөгжим гэж шууд хэлж, нэрлэчихэж болдоггүй. Таньж, ойлгож, амьд шинжийг нь ойлгоход хугацаа хэрэгтэй. Магад маш сайн судалгаануудаар баяжигдаж, ард түмний соёл болоод үлдлээ гэж бодоход энэ хэмжээнд хүрэхийн тулд зориулагдсан бүтээлүүд хэрэгтэй болно. Бүтээлгүй бол хэдий гоё хөгжим ч юу ч тоглож чадахгүй залж, хадгалах төдий л болох эрсдэлтэй.

-Өнөөдөр дэлхий дахинаа тоглогдож буй угсаатны хөгжмүүдийн нэгэн адилаар Алтайн ятга ч мөн өөрийн замыг туулах ёстой гэсэн үг байх нь?

-Тийм, өөрийн замыг туулах учиртай. Алтайн ятгын өвлөн уламжлалын тал дээр ажиллахаас аргагүй. Энэ ч утгаараа зориудаар Алтайн ятгын олон нийтэд сурталчлахгүй байгаа хэрэг. Тэр хугацаанд судалгааны ажлуудыг ахиулан, баяжуулж хөгжмийн зэмсгийнх нь хувьд хөгжүүлэх шаардлага дээрээ ажилладаг гэсэн үг. Баяд угсаатны татлагыг тогловол ийм байдаг юм байна. Захчин, Урианхай, Хотон, Дөрвөд угсаатны татлага бас ийм гээд л. Торгууд угсаатны товшуурын татлагууд нь ийм байдаг юм байна гэх зэргээр түмэн янзаар тоглож үзнэ. Нийт бүүвэйн дуунуудыг тоглож болж байна уу. Хөг хоорондын эгшиглэгээний бие биетэйгээ холбогддог холбоос гэж маш нарийн зүйл бий. Нийт угсаатны соёлын цөм, хөг эгшиглэгээний тогтолцооны талаар олохын тулд дахиад цаг хугацаа хэрэгтэй болсон.

Олон бүтээлийг хөрвүүлж, болж байгааг нь хараад үүндээ жаргаж амьдардаг хүн шүү дээ би. Монгол угсаатны туулиар дамжсан 22 бүүвэйн дуу, аж байдлын ойролцоогоор 40 гаруй бүүвэйн дууг Алтайн ятгаар дамжуулаад өгөх боломжтой хэмжээнд ажиллачихсан. Мөн бүх төрлийн татлагуудыг угсаатнаар нь ялгаад, тухайн угсаатнуудад нь алтайн ятгын бүтээлүүдийг өгөх бүрэн боломжийг бүрдүүлээд авлаа. Хүүхдийн дууны хувьд гэхэд л С.Батболд багштай хамтарч ажиллана. Хүүхдийн дуу бодлогоор явахгүй бол ая, үг маш нарийн зүйл л дээ. Хүүхэд төлөвшиж байх үе дээр нь хэт том хүний үг, ая оруулж ирж болдоггүй. Тиймээс хөгжмийн зохиолч Л.Галмандах ах, С.Батболд багшийн дуунуудыг гэрээгээр авч, Алтайн ятга руу хөрвүүлсэн. Нэг мэдэхэд 600 гаруй хөрвүүлгийн ард гарсны дараа нэг зүйл их бодогдсон.

-Юу тэр билээ?

-Соёлын биет бус өвийн өвлөн уламжлуулах холбоос дандаа амьд явагдаж байна. Өөрөөр хэлбэл шавь сургалтаар багшаас авдаг гэсэн үг. Тэгэхээр нотоор тэмдэглэхээр заавал хөгжмийн нотын мэдлэгтэй болох хэрэгтэй болдог. Монгол угсаатны маш олон дуунууд бий л дээ. "Монголын үндэстэн ястны ардын богино 1008 дуу" гээд МУГЖ Ш.Даваахүү эгчийн хоёр том боть ном байна. Гэхдээ олон нийт тэр дууг шууд хараад дуулж чадахгүй. Учир нь нотоор бичсэн. Тусгай тэмдэгтэй. Тэгэхээр хөгжмийн нотын тэмдэглэгээг хараад шууд дуулах боломжгүй учраас, биет бус өвийг ард түмэнд өвлүүлэхийн тулд тэдний мэддэг хэл, мэддэг тэмдэг тэмдэглэгээг нь судлах шаардлагатай болсон гэсэн үг.

Нүүдэлчдийн ахуй соёл дотор до, ре, ми, фа, соль, ля, си бусад диез бемолийн тэмдэглэгээ болон бусад альтернацийн асуудал байхгүй. Нүүдэлчид үүнийг мэдэхгүй учраас, орчин үед ч гэсэн оюун санааны хувьд байхгүй зүйлийг сурах нь шинэ хэлийг цээжилж байгаатай ижил зүйл болно. Тиймээс тоон ухаан, зурхайн ухааныг дагаж нүүдэлчид олон мянган жил өөрсдөө хэрэглэж ирснийг харгалзаж алтайн ятгын дээрх бүх бүтээлийг өөрийн гэсэн бие даасан тэмдэглэгээний хавтгайг бүтээж, тоогоор суралцаж тоглодог болгосон гэсэн үг. Хятад жишээ нь тоон тэмдэглэгээтэй. Гэхдээ Алтайн ятгын тоон тэмдэглэгээг дундад улсынхан шууд хараад тайлж чадахгүй. Тэд долоон нотыг дарааллын дагуу 1-7 хүртэл тэмдэглэдэг бол алтайн ятгын тоон тэмдэглэгээ нь өөр. Алтайн ятга өөрийн хөг эгшиглэгээний түлхүүртэй. Үүнийг шавь нартаа би ядах юмгүй заагаад өгчихдөг. Угсаатны соёлуудыг эргээд угсаатантай нь холбохын тулд Алтайн ятга өөрөө дуун түлхүүр юм.

-Алтайн ятгыг тань шиг нүдээр харж, лавшруулан судлах шавийг та олов уу?

-Олон шавь бий. Гэхдээ Алтайн ятгыг зүгээр ч нэг хэрхэн тоглохыг нь зааж өгөөд орхичихож болдоггүй. Байнгын холбоос, хөгжүүлэлт хэрэгтэй учраас "Чүрэ клуб"-ыг байгуулсан.

-Чүрэ нэрийн тухайд, МУИС-ийн Гадаад хэл соёл судлалын тэнхмийн эрхлэгч Доктор Профессор Ц.Баттулга “Агуйн олдвор хөгжмийн зэмсгийн хажуу бөөрөнд Руни бичгээр бичсэн бичээсийг эх бичиг судлалын үүднээс судлаад “Чүрэ би тууль хайлж хэв алдалгүй хэлж өгөв” гэж уншиж тайлсан байдаг?

-Тийм, хөгжмийн эзний нэр. Клубын маань нэр ийм. Манай клубын бүх Алтайн ятгатай, буган ятгатай шавь нар энэ клубын гишүүн болно. Клуб ямар нэг төлбөр авдаггүй.

Бүх юмыг мөнгөөр хэмжихгүй шүү дээ. Оюун санааны үйл хэргийн үнэ цэн гэж бий. Баасан гараг бүр клубын гишүүдээ дуудаад нэг ойлголт, сэтгэл зүрхтэй хүмүүс олуулаа хэмнэл үүсгээд тоглох ямар гээч. Бүгд аз жаргалыг мэдрээд гардаг. Тиймээс энэ хэмнэл рүү зуу зуун хүнийг оруулах сан гэж бодно. Орон нутаг руу, гадагшаа дэлхийн чинадад байгаа монгол угсаатнууд руу тэлэхийг хүсдэг. "Чүрэ клуб" Нидерландад, ОХУ-ын Калининградад бий. Удалгүй ирэх гуравдугаар сард Японы Окаямад салбар нээгдэнэ. Аравдугаар сард Канадын Торонтод мөн салбар клуб нээгдэх тов бий. Олон улсад амьдарч буй монголчуудын өмнө өнөөдөр өөрсдийн соёлын дархлааг хүүхдүүддээ хэрхэн өвлүүлэх вэ гэдэг асуудалтай тулгардаг. Тиймээс эх орныхоо тэр оюун санааны холбоосыг бодлогын хүрээнд олон улсад Алтайн ятгаар дамжуулан бүүвэйн дуу, хүүхдийн дуу, татлага, магтаалыг хөтөлбөр болгоод хүргэе, тэтгэе гэсэн зорилго минь юм.

Хэдий Алтайн ятга Жаргалант хайрханы хаадын булшнаас олдсон археологийн олдвор боловч угсаатан хамаарахгүй, монголын төдийгүй хилийн чинад дахь монгол угсаатны хэмжээнд Алтайн ятга түгэн дэлгэрэх гол боломж нь урын сантай холбоотой. Тиймээс урын сангаа баяжуулахын тулд Хөлөнбуйрын буриад, Илийн ойрдууд, Харчин, Хорчин, Дээд монгол, Ховог сайр, Бор талын торгуудуудтай шавь нараараа дамжуулан холбогдсон. Би үнэнхүү шуналтайгаар мэдэж судлах болох бүх зүйлийг татаж, орчуулж, судлаж, ажиллаж байгаа. Энэ судлаж, мэдсэнээ буцаагаад Алтайн ятгаар дамжуулан угсаатнуудад өгөх юм.

Алтайн ятга

-Архео-хөгжим судлалынхаа хувьд Алтайн ятгатай холбоотой сурвалжууд хэр элбэг бол. Судлагдаж байж л хэрэглэгдэнэ, илүү удаан оршино шүү дээ?

-1979 онд Music Archaeology Study буюу Хөгжмийн археологийн шинжлэх ухааны суурь дэлхийн хэмжээнд түгэн дэлгэрсэн гэдэг юм билээ. Хөгжмийн археологичид нь энэ цаг үеэс өмнөх түүхийн бүх орон зай дахь мартагдсан археологийн олдвортой ажилладаг, нэг бол мартагдсан тэмдэг тэмдэглээтэй ажилладаг хүмүүс.

Нэг жишээ хэлэхэд, хөгжмийн археологичдын нэг удаагийн хурлаар Герман, Швейцарь, Англи, Хятадын маш олон судлаачид чуулж эртний Грекийн хананы зураг дээрх хөгжим барьсан хүний олдвор дээр мэтгэлцэж л дээ. Тухайн үед археологийн хөгжим судлалыг төдийлөн авч үздэггүй байж. Ингээд тухайн үед мэтгэлцээний дараа эртний Грекийн өнөөх хананы зураг дээрх лийр ятгыг хөгжмийн археологич, уран бүтээлчид амилуулж, дуугаргасан. Ингэхдээ яг тэр эртний хэл, хэллэгээр нь дууллыг нь дуулсан байдаг. Тэгэхээр түүхийн ямар ч цаг үеийн хөгжмийг уран бүтээлчид, хөгжмийн археологичид, соёл суурьтай угсаатны хөгжим судлаачид судалгаа хийгээд сэргээн бүтээх бүрэн боломжтой гэдгийг нотлосон байх нь. Энэ цагаас хойш археологийн шинжлэх ухаанд архео-хөгжим бие даасан, байх ёстой зүйл гэж илүү хүлээн зөвшөөрөгдсөн.

Язгуур урлагт ч гэсэн угсаатны соёлыг тэтгэж болох цор ганц амин чанар нь архео-хөгжим судлал. Алтайн ятгын хувьд уламжлал 1500 жилээр тасарсан. Түүхийн энэ урт хугацаанд Монголын сурвалжууд дээр Алтайн ятгын тухай байхгүй.

-Тэгэхээр бидний түүхэн эх сурвалжуудад дурдагдаагүй атлаа Монголын газар нутгаас олдсон гэдэг ганцхан үндэслэл дээр тогтож байгаа. Та энэ хөгжмийг бүтээснээс гадна судлаж яваагийн хувьд Монголынх уу гэх эргэлзээнд юу гэж хариулах вэ?

-Хүмүүс ч гэсэн надаас ийм асуулт асууж, зарим нь Түрэгийн соёлыг сэргээгээд байгаа юм биш үү гэх үгсийг хэлдэг л дээ. Ингэж бодох эрх нь хүн бүрт бий. Гэхдээ хөгжмийн олдворыг олдоход давхар олдсон хоёр том соёлын ойлголтыг би хэлье л дээ. Нэг нь руни бичиг. Өнөөдөр руни бичиг тайлагддаг болчихсон нууц бичээс. Үүн дээр Германы эрдэмтэн Питер Циме, МУИС-ийн Гадаад хэл соёл судлалын тэнхмийн эрхлэгч Доктор Профессор Ц.Баттулга нар энэ түрэг бичээсийг тайлсан байдаг. Хөрвүүлэг нь монголоор буудаг бөгөөд "Газар тэнгэрийг аялгуулан дуулагч, аялагч хөвүүн Чүрэ" гэж. Эхнийх нь ийм байсан ч хоёр, гурав дахь удаагаа судлаад ирэхээр эхнийхээ агуулгаас тайлбар орчуулга нь бас дахин өөрчлөгдсөн л юм билээ.

Хоёр дахь нь ан хоморго хийж байгааг хадны зургаар дүрслэх аргаар сийлж зурсан зураг бий. Дэлхийн археологийн салбарт утга, соёлын хосгүй үнэт олдвор гэж үздэг. Яг ийм утга соёлын хосгүй үнэт хөгжим дэлхий дээр одоогоор ганц гэсэн үг. Жаргалант Хайрханы босоо ятганы олдворын царны ар талд сийлмэл зураг байдаг. Энд 6 буга, 1 янгир, 5 нохой болон нум татаж харвах гэж байгаа нэгэн анчны дүрсийг сийлсэн бөгөөд ан хоморго хийж байгаа тэр зураг дээрх зан үйлийн байдал нь өдгөө Алтайд амьдарч байгаа манай угсаатнуудын зан үйлтэй яг ижил байх жишээтэй. Амьтдын дүрсэлсэн байдал, Алтайн ятгын өөрийн хийц зэргээс уялдуулан харвал монголчууд өвөр рүү орж байгаа мэт өөдөөс чиглэхийг бэлэгшээдэг дээ. Харин гарч байгааг муу гэцгээдэг. Гэх мэт бидний бэлгэдлийн ойлголттой нийцэх зүйлс бий.

Алтайн ятгын өөрийн хөг эгшиглэгээ нь экил хуур болон морин хуур хоёрын хавсарсан хөглөгөөг багтаадаг. Бүх хөг нь Алтайн ятгад бий. Цааш задрахаараа цуурын хөг, хөөмэй, хархираан хөг, язгуурын бүх хөг аялгууны цөм нь Алтайн ятгад бий. Монгол хүн монгол аялгууг сонсоод мэдэрнэ. Бидний хоолойны өнгө, монгол хөгийг олон аялгуу, өнгө дотроос яаж ийгээд л олоод сонсож чаддаг шиг Алтайн ятгын аялгуу яг л тийм юм. Хэн ч сонссон монгол хөг, аялгуу. Энэ онцлог нь бидний байгаль, ахуйн онцлогоос урган гарч ирсэн учраас яг монголынх гэдэг онцгой шинж нь шууд мэдрэгдэнэ.

-Ийм учир Алтайн ятгатай тууль гойд хоршдог байх нь ээ?

-Туультай гойд зохицоно. Манайхан товшуур тоглоод сурч. Тоглох гэхээсээ хэмнэл өгдөг буюу ашиглах аргачлал нь өөр. Магтаал туулийн өвүүд дээр товшуур тоглох гэхээсээ хэм өгөөд, хэмнэл дээрээ тууль хайлдаг. Жишээ хэлэхэд, Ховог сайр, Бор талын торгуудуудын товшуур дээр тоглох, Казахуудын домбор дээр тоглох, Халимагуудын товшуур дээр тоглох аргачлал шиг. Тэгэхээр Алтайн ятга хэм өгөхөөс гадна тоглох маш олон давуу тал, аргуудыг өнөөдрийн монгол угсаатны магтаалч, туульчдад өгөх бүрэн боложтой хөгжим. Хоёр гарын оролцоотой бэлэн, цэвэр хөгтэй учраас урлаж тоглоход товшуураас илүү баялаг байдаг.

Гэрэл зургийг: О.Улсболд

-Та 2014 онд ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид Алтайн ятгыг бэлэглэхдээ зүгээр ч нэг хаа нэгтээ залаарай гэсэн бэлгэдлийн утгаар өгөөгүй байх. Дэлхийд цор ганц энэ хөгжмийг хамгаалах, судлах, хөгжүүлэх үүргийг давхар ойлгуулахыг хүссэн юм болов уу?

-Яг тийм. Би хувийн цахим хаягтаа нэг шүүмжит бодлоо бичсэн. Энэ нь би хэн нэгнийг гутаан доромжлох гэсэн ойлголт ерөөс биш. Би тухайн үед ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Алтай хамтлагаараа, МУСГЗ, урлаач, П. Байгальжав ахын хамтаар уулзсан. Өөрөө Ховдын Зэрэг сумын хүн гэдгээрээ "Алтайн ятга манай Ховд нутгаас олдсон. Энэ бол бидний соёл" гэж хэлж байв. Гэхдээ уулзах үеэр Алтайн ятгыг цахилгаан хөгжим болгоод дэлхийд гаргаач. Залуус ч сонирхоно гэх утгатай үг хэлж билээ. Яг тэр мөчид миний тэр хүнтэй ярихыг хүссэн агуулга, ерөнхийлөгчийн Алтайн ятгыг хүлээж авч байгаа бодол хоёрын дунд асар хол зөрүү үүссэн.

Дэлхий дээр хөгжмийн олон зуун төрлийн урсгал, жанр бий. Моцартыг өнөөдрийн орчин үеийн хөгжмийн үндэс суурийг тавьсан гэж үздэг. Моцартаар дамжуулаад жазз хөгжмийн хармон, дуурьсал бүтээгдсэн гэж авч үзэх нь ч бий. Бие биенийгээ тэтгэдэг шалтгаантай л даа. Яг үүн шиг Монголын язгуур урлаг, археологийн хөгжим судлал бидний угсаатны соёлыг тэтгэх ёстой. Угсаатны соёл болж шингэсний дараа, хэрэглээнд орсны дараа "Энэ бидний юм" гэж ойлгодог. Гэтэл олон нийтэд ингэж хүрч эхлээ ч үгүй байхад цахилгаан болгох сэтгэл зүйтэй байхдаа яах вэ дээ гэж үнэндээ уур ч хүрсэн.

Яг учиртаа, олон улсад язгуурыг юутай ч хольдоггүй. Энэ бол царцанги, өөрчилж болохгүй язгуурын үндэс, архив юм. Та өвлөн уламжлагч байлаа гэхэд өвлөн уламжилж авсан язгуурыг аль нэг орчин үеийн хамтлагтай шууд холиод, дуулаад явчихаж болохгүй гэсэн үг байхгүй юу. Яагаад гэвэл эх сурвалжийг хамаагүй хольж, хутгаж болдоггүй. Агуулга нь алдагдчихдаг. Тиймээс өвлөн уламжлагчид цэвэр язгуураа заавал барих ёстой. Алтайн ятга анх археологийн олдвороос ангилал зүй, архео-хөгжим судлал хийгдээд бүрэн гүйцэд биежиж байгаа үед хамаагүй хөгжүүлж байна гээд цахилгаан болгож орчин үеийн хөгжим рүү оруулж болохгүй гэсэн үг. Хүмүүс дэлхийд танигдаж байж Монголыг мэдрүүлнэ гэдэг л юм. The Hu хамтлагт өгөөд тоглуулаач, харамлаад байх юм гэх нь ч бий. Алтайн ятга хөгжсөний дараа The Hu хамтлаг аваад тоглох эсэх нь тэдний хүсэл мэдэх хэрэг. Аа харин би өөрөө Алтайн ятгыг тэдэнд өгөөд дэлхийн хөгжим болгоод аль гэж оролцож явах ёсгүй юм. Өвлөн уламжлагчийн минь үүрэг өөрөө язгуурыг язгуураар нь байлгах.

Өнөөдөр Монголын ямар ч хамтлаг Алтайн ятгыг төрөл, урсгалдаа тааруулаад яаж ч тоглож болно. Аяндаа салбарлаад хөгжиж болох зүйл. Гагц, Ганпүрэв бүгдэд оролцох ёстой биш юм. Би судалгаа хийж, урын сангаа баяжуулах ёстой. Намайг энэ хорвоогоос явсны дараа нураад уначихаж болохгүй учраас би Алтайн ятгын бүх холбоосуудыг бөхлөх ёстой. Түүнээс дэлхийнх болгох гээд зүтгээд олон юм руу үсчих шаардлагагүй.

-Алтайн ятга бол хөгжим судлалд шинэ зүйл. Энэ нь алдаршуулах гэхээс илүү гүнзгий зүйлийг энэ хөгжимд бүтээж өгөх учиртай мэт санагдлаа?

-Магад Алтайн ятгыг ангилал зүйн хувьд ямар ангилалд хамаарах вэ гэдгийг заавал олж тогтоох. Бүл хөгжмийнхөө хүрээнд бусад хөгжмүүдтэй харьцуулан судалгааг хийхдээ түүхийн үечлэлийн судалгааг заавал гаргаж ирэх ёстой. Хэдий үеийн, газар зүйн онцлогоороо монгол угсаатанд анхнаасаа байсан уу эсвэл Торгоны замаар орж ирсэн үү гэдгийг сайтар судлах хэрэг бий.

Нэг сонин юм хэлье л дээ. 1957 онд Горный Алтайгаас Пазырыкийн ятга олдсон байдаг. Энэ ятгыг өнөөдөр Чингис хааны музейн Хаан найрал хөгжим дээр сэргээгээд тоглож байна л даа. Скифийн соёл гэдэг утгаар нь. Их хааны Үндэсний төв музейн Хаан найрал хөгжимд Скифийн ятга тоглогдоод ирэхээр судлаачийн хувьд бас бодож л байгаа юм. Энэ үнэхээр энд тоглогдох ёстой хөгжим мөн үү гэж. Пазырыкийн ятганы эх олдвор нь үргэлжилсэн урт цартай байдаг. Урт цартай ийм ятгын төрлүүд нь голдуу эртний Грек, Мэссопотам, Вавилоноос Торгоны замаар орж ирсэн. Ольбиягаар дамжиж Хар тэнгис рүү орж ирсэн Пазырыкийн соёл юм. Олон чавхдастай учраас цар нь ийм урт байдаг. Нүүдэлчдийн хувьд соёлын онцлогтоо нийцүүлж, таваас зургаан чавхдастаа тааруулаад тал цартай байсан. Нүүдэлчид суурин соёлтой газрынх шиг олон чавхдастай, том цартай хөгжим дээр дуу хуур тоглодог байгаагүй. Байгаль, тэнгэртэйгээ харьцдаг байсан болохоор тийм том цартай олон чавхдаст том хөгжим тоглох шаарлагагүй байж л дээ. Тэгэхээр Хаан найралд байгаа Скифийн соёл бол Монголын соёл биш. Хэдий эртний сурвалжит нүүдэлчдийн соёл гэгддэг ч Европоос орж ирсэн, эртний Грекээс үүдэлтэй. Тиймээс бодох л зүйл.

Алтайн ятга Жаргалант хайрханы эх олдвор мөн. Гэхдээ цор ганц биш. Алтайгаас урагш Шинжаан-Уйгурын нутаг Дакамаклагийн элсэн цөлд Баянгол Монголын өөртөө засах тойрог гэж бий. Тэнд Торгоны замын Хүннүчүүдийн хамгийн том стратегийн газар байсан юм. Шинжааны хэт хуурай, бараг бороо огт ордоггүй Турфаны хотгорын Янхай ба Таримын хотгорын Жаганлукын булшнаас Алтайн ятгатай ижил төстэй хөгжмийн зэмсгүүд гарсан байдаг. Тэгэхээр Алтайн ятга бүл хөгжмийн зэмсгийнхээ судалгааны хувьд энэ хөгжмийн өөрийнх нь түүхэн орон зай нь 3000 жилээр яригдана. Тухайн цаг үе, газар нутагтай харьцуулан бодвол Хүннүгийн бүх цаг үед, бүх газарт нутагт энэ хөгжим байсан гэсэн үг. Энэ хөгжим яалт ч үгүй зан үйлийн шинжтэй, тууль хайлах зориулалттай хийгдсэн гэмээр. Памирын өндөрлөг дээрх 2500 жилийн өмнөх яг Алтайн ятга шиг цартай, шулуун хүзүүтэй ятга олдсон нь мөн л нэг бүл хөгжим юм.

Өөр археологийн олдвор гэхээр, 1998 онд ШУА-ийн археологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор Д.Цэвээндорж гуайн олж олж, тэмдэглэсэн Төв аймгийн Алтанбулаг сумын Морин толгойн булшнаас олдсон Хүннүгийн ясан хэл хуур. Ганцхан ясан хэл хуур гэж бид ойлгоод байдаг ч ясан хэл хуураас урагш яг Алтайн ятга шиг дахиад МЭӨ 13-р зуунд хамаарах ясан хэл хуурууд Ванчинбалын Инжинашийн төрсөн нутгийн уулын цогцолбороос олдож байсан юм. Дараа нь Морин толгой, Сагил Тувагийн соёл, Уралын дээд доод Камагийн соёл гээд НТ-ын 10-р зуун хүртэлх асар том хэл хуурын соёл дөрвөлжин булшийг дагаж олдсон байдаг. Нүүдэлчид хэл хуурыг бүтээсэн гэдгийг угсаатны болон архео-хөгжмийн хэмжээнд дэлхий дахин 100 хувь хүлээн зөвшөөрдөг. Хэл хуур нь идеофон ангилал буюу угсаатны хөгжмийн ангилал зүй нь нэг гэдэг утгаараа хамаардаг. Алтайн ятга нь буган соёлыг дагаж илүүтэй хөгжсөн.

Мөн Увс аймагт мөн эртний булшнаас олдсон шовшуурга буюу цуур хөгжим. Насжилтын хувьд мөн л 3300 жилээр яригддаг. Шовшуурга бол анчдын шүгэл буюу дохио өгөх, амьтан шиг дуугарах зэрэг үүрэгтэй байж. Тэгэхээр бүхэл бүтэн хөгжмийн гурван төрлийг төлөөлөх том олдворууд Монголоос олдож байсан гэхээр Алтайн ятгын хувьд ч нүүдэлчдийн соёлын нэг үзэх үндэслэл бий.

-Та түрүүн яриандаа хэллээ, "Надаас хойш Алтайн ятгынхаа бүх холбоосыг бөхлөж үлдээх шаардлагатай гэж". Энэ хариултын тань цаад утгыг лавшруулж болох уу?

-ҮЛДЭЭХ сэтгэл зүй л дээ. Зарим хүнд амьдрал л юм чинь аливаад мөнгө олох, бизнес хийх сэтгэл зүй давамгайлдаг байх л даа. Гэтэл надад Алтайн ятгыг мөн чанараар нь харахаар яагаад ч юм хувь хүний минь хувьд ч ийм сэтгэл зүй давамгайлж байсангүй. Үлдээх юмсан гэсэн зорилго минь ахуйн тухай бодлуудаас онхи ондоо л доо. Тийм болохоор нэг ажилд ихэд шамдаж сууна. Ерөнхий боловсролын 184-р сургууль дээр Алтайн ятгын хөтөлбөр орж ирж байна. Би яг хөтөлбөрөө боловсруулж байгаа. Энэ хөтөлбөр гараад, хэрэгжээд эхэлбэл маш олон сургуулийн 7-р ангийн сурагчдад Алтайн ятгаар дамжуулан биет бус өвийн соёл, язгуурын соёл, ардын дуу, үндэсний хөгжмийн бүх холбоосыг хүүхдүүд өөрийн оролцоотойгоор мэдэж авах боломжтой болно гэсэн үг.

Манайд нэг анзаарагддаг зүйл нь юмыг харах, сонсох, алга таших. Мэргэжлийн урлагийн байгууллагууд өнөөдөр Монголд бий хэрнээ яагаад соён гэгээрэл ийм хөшингө, хоцрогдмол байна гэхээр ард түмний хэрэглэгдэхүүн доторх соёл эргэлтэд орохгүй, ард түмэн хэрэглэхгүй байгаатай холбоотой. Угсаатан дамжсан соёлууд тухайн түүхээ тээж явдаг. Тийм ч утгаараа угсаатан болгон хоорондоо соёлоо холиод, уусгаад, нэгтгэчихэж болдоггүй. Урианхай соёл Урианхайгаараа байгаа нь тэдний түүх, соёл, газар нутаг, байгалийн онцлогтойгоо холбоотой шиг угсаатан болгоны соёл яг л ийм. Энэ соёлын хэрэглэгдэхүүнийг угсаатан дотор нь байнга эргэлтэд оруулахын тулд судлаж, таниулж, ойлгуулах үүрэг нь бас төрд ч ирж байдаг. Тэгэж эргэлтэд оруулахад нь, хамгаалахад нь бодлогоор туслахгүй юм бол Өвөр Монголыг жишээг хар. Хэл соёлын хувьд өнөөдөр ямар болж байна. Дэлхийн чинад дахь монгол угсаатнуудын соёлын хэрэглэгдэхүүнийг яагаад судлаж, таниулж, мэдүүлж, хамгаалах үүргийг төр жишээ нь үл ажирдаг вэ гэж бодогддог. Тиймээс наад зах нь хүүхдүүдэд хөтөлбөрөөр нь дамжуулж ойлгуулахад тэнд угсаатны соёл эргэлтэд орж байдаг л гэсэн үг. Нөгөө талд Соёлын яам дээр гэхэд Алтайн ятга өнөөдөр 13 жилийн дотор ямар түвшинд хүрчихсэн байгаа юм гэдгийг шинэчилсэн мэдээлэл ч алга. Төдийд олдоод ингэж, тэгэж гэдэг хэдэн он цагийн дарааллаас өөр юмгүй.

Юутай ч надтай, надгүй Алтайн ятга унахааргүй болсон. Яагаад гэхээр Алтайн ятга, буган ятгын "Хатан ятга" чуулга үүссэн байна. Говь-Алтай аймагт "Чүрэ Алтайн ятга" чуулга, 21 хүний бүрэлдэхүүнтэй "Дуун оньс" чуулга, "Чүрэгийн домог" нэртэй калиграф арт хослосон чуулга, Ховд аймгийн Манхан суманд "Жаргалант Алтай" чуулга, Алтай хамтлаг маань гээд зөвхөн Алтайн ятга дээр суурилсан арав хол давсан чуулга үүсээд явж байна. Мөн Италийн угсаатны хөгжим судлаач Лука над дээр Алтайн ятга сурч байна. Францын монголч эрдэмтэн, билиг зүй судлаач Стив Морел мөн л Алтайн ятга сурч байна. Олон угсаатны судлаачид "Чүрэ клуб"-ээр дамжуулаад Алтайн ятгаар холбогдож байгаа болохоор тийм ч амар унахгүй байх аа...

Алтайн ятга өөрийн гэсэн бүтээлүүдтэй. Анхны бүтээл нь Дөшийн Бодонгуудын найраглалаар "Домогт нүүдэлчид" гэх бэсрэг туулийг бүтээсэн. Хамгийн анхны мэргэжлийн хөгжмийн бүтээл болох "Хос Алтайн цуурай"-г Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл хийсэн. Алтайн ятгатай холбоотой багагүй бүтээлүүдтэй болсон байна.

-Та бол Алтайн ятгын өв тээгч, энэ соёлыг түгээгч мөнхүү өвлүүлэн үлдээгчийн үүргийг давхар үүрч байна. Алс хэтийн үйл хэргийг тань асуувал?

-Өнөөдөр язгуур урлаг, ардын урлаг, угсаатны урлаг дахь Алтайн ятгын холболтын орон зай байх уу байхгүй юу гэдэг асуудал дандаа урд яригдана. Хэрэв байхгүй бол хөгжихгүй. Илүүдэл болоод л явчихна. Алтайн ятга өөрөө товшуур болон өөр бусад баяжмал хөгжмийн яг дундын хөгжим буюу хэмнэл давамгайлдаг учраас дуу, дуурьсал нь олон улсын угсаатны фестивалиуд дээр сонсохыг хүсдэг тэр үнэхээр гоё саунд дуугаралт бий. Ширэн цартай хөгжмөөс голдуу гардаг. Африкийн кора, инанга гээд ширэн цартай гоё дуугаралттай хөгжмүүд бий. Дэлхий бол тэр чигтээ л нэг хармони. Дэлхийг чимдэг угсаатны онцгой өвүүд олон. Алтайн ятга яг л энэ дэлхийн угсаатны онцгой өвийн нэг. Алтайн ятга хөг аялгууны, тоглох аргачлал, хөглөгөө эгшиглэгээний хувьд ч тогтчихсон. Алтайн ятгаар тууль, магтаал хайлж үзлээ. Үнэхээр гайхалтай, баавартай. Татлага татаж үзэхэд экил хууртай маш гоё нийцнэ. Өөр хөгжмүүдтэй ч нийцнэ гэдгийг бүрэн харуулах боломжтой.

2014 онд Алтайн ятгын судалгаа дөнгөж эхэлж байсан үе. Түүнээс хойш Алтайн ятгын урлахуйн тухайд тодорхой өөрчлөлтүүд орсон. Дуугаралт нь стандарт болсон. Тухайн үед ЮНЕСКО-д бүртгүүлэх гэж зүтгэсэн ч бүртгээгүй юм. Яагаад гэхээр 1500 жил уламжлал тасарчихсан учраас бүртгэх боломжгүй гэдэг хариу өгсөн. Би ч ойлгож л байсан л даа. Уламжлалыг бүтээчихвэл яах вэ гэтэл, ард түмний соёлын эргэлтэд орчихсон бүтээлийг бүртгэдэг гэж хариулсан. Тэгэхээр 13 жил Алтайн ятга тоглогдлоо. Энэ хугацаанд өвлөн уламжлал, тоглох арга зүй болон сургалтад оруулж чадлаа. Ард түмний соёлын нэг хэсэг болоод хөгжих боломж нь бий болчихсон учраас 2028 онд Жаргалант хайрханы хөгжмийн эх олдвор олдсоны 20 жилийн ойгоор ЮНЕСКО-д дахин бүртгүүлэх зорилго бий. Мөн 2028 онд "Алтайн ятгын фестиваль" зохион байгуулна.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Кена

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийг төгссөн. Еguur.mn сайтын Ерөнхий редактор. Сэтгүүлзүйн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button