Бэлэн мөнгө сар шинийн хамгийн зөв гарын бэлэг

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар тав хоногийн дараа болох гэж буй. Төрөл саднаараа зочилж амар мэндээ мэдэх тус баярт бэлдэх зүйл их. Монголчууд эртнээс ирсэн зочдын алгыг дээш харуулж гарын бэлэг өгдөг уламжлалтай билээ.
Жил бүрийн өдийд айл бүр баярын бэлтгэлээ базааж, зах худалдааны төвүүд хүн, хөл ихтэй байдаг. Түүнчлэн ирсэн зочдодоо ямар бэлэг өгч гарыг нь цайлгах талаар бодож толгойгоо гашилгах иргэд цөөнгүй.
Баяр дөхсөн эдгээр өдрүүдэд урд хөршөөс орж ирэх барааны урсгал нэмэгддэг. Улмаар Эрээнийг зорих иргэдийн тоо ч өсдөг. Үүнийг дагаад сар шинийн бэлгэдээ урд хөршийн бараа өгөх нь түгээмэл. Гэвч сүүлийн хэдэн жил энэ хандлага багассан нь анзаарагдаж байгаа. Энэ нь иргэд үнэ хямд, чанар муу импортын бараа сонгох бус дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж эх орон ч худалдан авалт хийж буйтай холбоотой юм. Тус сонголт нь наанадаж гадагш урсах валютын урсгалыг зогсоож, дотооддоо эргэлдэх мөнгөний урсгалыг нэмэгдүүлж эдийн засагт эерэг үр дүнтэй байдаг гэдгийг мэргэжилтнүүд онцолдог.
Харин дотоодын бүтээгдэхүүн хэт үнэтэй учир импортын бараа сонгож урд хөршийг зорьж буй иргэд цөөнгүй. Энэ нь дотоодын бүтээгдэхүүн өртөг өндөр байгаатай шууд холбоотой ч биз. Тиймээс сар шинийн бэлгэндээ бэлэн мөнгө өгөх нь зөв сонголт болоод байна. Учир нь бэлэн мөнгө дотооддоо үлдэж, эдийн засгийн эргэлтэд шууд ордог.
Тиймээс гадагш валют урсгах бус дотооддоо төгрөгөөрөө эргэлдүүлж эдийн засгаа дэмжих нь цөөхөн монголчууд бидэн тустай. Сар шинийн бэлгэдээ юу өгөх эсэхээ мэдэхгүй байгаа бол эргэлзэлгүй бэлэн мөнгө бэлэглэх нь сайн сонголт болоод буй. Бид "бэлэг бэлгийн дээд нь бэлэн мөнгө" гэцгээдэг билээ.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэтгэвэрийн хөгшинд боломжоороо мөнгө барьж золгоод сүрийг үзүүлэн чимхийг идээрэй.