Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ Хятадын армиас тагнуулын мэдээлэл өгөх хүмүүсийг хайх шинэ ажиллагаа эхлүүллээ

БНХАУ зэвсэгт хүчнийхээ топ генерал Жан Юушиаг албан тушаалаас нь гэнэт татан буулгаснаас хэдэн долоо хоногийн АНУ-ын Тагнуулын төв газар (CIA) нэгэн сонирхолтой бичлэг гаргалаа. Хятадын армид дотоод хагарал, үл ойлголцол үүсээд буй үеийг ашиглан “CIA” мэдээлэл авч болох албан тушаалтнууд илрүүлэхийг зорьж байна.

Пүрэв гарагт /2026.02.12/ нийтлэгдсэн тэрхүү бичлэгт Хятадын армийн дунд шатны, сэтгэл дундуур яваа офицерын дүр гардаг байна. Вашингтоны гол дэлхийн тавцан дээрх гол өрсөлдөгч нь БНХАУ гэж үздэг. Сүүлийн жилүүдэд АНУ БНХАУ-аас тагнуулын мэдээлэл цуглуулах ажлыг эрчимжүүлэх болсон. Энэ хүчин чармайлтын нэг хэсэг нь тус бичлэг юм.

Үүнээс өмнө 2025 оны тавдугаар сард ижил бичлэг Тагнуулын төв газар нийтэлж байжээ. Тэр үед гаргасан бичлэгт Хятадын Коммунист намын зохиомол дүрүүд гардаг юм. Тэдгээр дүрүүд АНУ-ын тагнуулын байгууллагатай хэрхэн нууцаар холбогдох тухай зааврыг хятад хэлээр дэлгэрэнгүй тайлбарлажээ.

Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф хэлэхдээ, бичлэгүүд БНХАУ-ын олон иргэнд хүрсэн гэсэн байна. Мөн БНХАУ-ын засгийн газрын албан тушаалтнуудад хамтдаа гэрэлт ирээдүйн төлөө ажиллах боломжийг үргэлжлүүлэн олгоно гэж тэрбээр нэмж хэлсэн юм.

Өнгөрсөн сард БНХАУ-ын Батлан хамгаалах яам Жан Юушиаг шалгаж эхэлсэн гэдгээ мэдэгдсэн. Тэрээр Цэргийн төв зөвлөлийн дэд дарга бөгөөд зэвсэгт хүчиндээ Ши Жиньпиний дараа орох гол хүн байсан юм. Түүнийг татан буулгасан нь сүүлийн арван жилүүдэд БНХАУ-ын цэргийн удирдлагуудын дунд гарсан хамгийн дуулиант явдлуудын нэг болсон.

Батлан хамгаалах яам мэдээлэхдээ түүнийг сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр шалгаж байгаа гэсэн юм. Хятадын Батлан хамгаалах яам түүнийг ямар хэрэг үйлдсэн талаар мэдээлэл өгөөгүй. Хятадын армийн “PLA Daily” сонин Жан Юушиаг Ши Жиньпиний эрх мэдэлд халдсан гэж буруутгасан билээ. Түүнийг шалгаж эхэлсэн нь авлигын хэрэгтэй холбоотой бус харин Ши Жиньпиний эрх мэдлийг баталгаажуулах зорилготой гэдгийг тус сонины нийтлэл харуулсан юм.

“Wall Street Journal” түүнийг шалгаж эхэлсэн шалтгаан нь илүү ноцтой зүйл байсан гэж эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна. Тодруулбал Жан Юушиа Бээжингийн цөмийн зэвсгийн хөтөлбөрийн талаарх мэдээллийг АНУ-д өгсөн хэргээр шалгагдаж байгаа аж. Батлан хамгаалахын яам өндөр албан тушаалтнуудад товч мэдээлэл өгсөн уулзалтын талаар мэдээлэлтэй хүмүүс “Wall Street Journal”-д ингэж хэлжээ.

Зургийн эх сурвалж: AP News

БНХАУ-ын цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг “China National Nuclear Corp” компанийн ерөнхий менежер Гу Жун Жан Юушиагийн эсрэг зарим нотлох баримтыг гаргаж өгсөн гэгдэж буй.

Тагнуулын төв газар YouTube дээр цацсан тэрхүү богино хэмжээний бичлэг нь мэдээлэл өгөх хүн элсүүлэхээс гадна Хятадын армийн дотоод улс төрийн байдлыг ашиглах зорилготой гэж шинжээчид үзэж байна. Учир нь бичлэг дээрх офицерын дүрийг бүтээж буй жүжигчин хятад "Удирдах чадвартай хэн болгоныг л хардаж, өршөөлгүйгээр зайлуулж байна" гэж хэлдэг байна. Мөн тэр дүр дээд тушаалтнуудынхаа тухай "Тэдний эрх мэдэл тоолж баршгүй олон худал хуурмаг дээр тогтдог" гэж хэлжээ.

Энэхүү бичлэг нь БНХАУ улсдаа тавьдаг интернетын хязгаарлалтыг давж, зорилтот хүмүүстээ хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаа аж. Тэрхүү хязгаарлалтыг нь барууны орнууд Цагаан хэрмээс сэдэвлэн Галт хэрэм гэж нэрлэдэг. Тагнуулын нэгэн албан тушаалтан “Reuters” агентлагт хэлэхдээ "Өмнөх бичлэгүүд маань сая сая хүнд хүрч, бид шинэ мэдээлэгч нартай болсон" гэжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Тагнуулын төв газар БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаанд их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа аж. 2010-2012 оны хооронд Бээжин АНУ-д мэдээлэл өгдөг байсан олон хүнийг цаазаар авч, хорьсноос хойш Тагнуулын төв газар сүлжээгээ дахин сэргээхээр шаргуу ажиллаж байгаа юм.

АНУ-ын албаныхан мэдээлснээр Хятадын тагнуулын байгууллагууд төрийн алба хашиж байсан болон одоо ажиллаж буй америкчуудыг элсүүлэх гэж үргэлж оролддог байна. Сүүлийн жилүүдэд Бээжин улс дотор нь үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын тагнуулын бүлгүүдийн талаарх мэдээллийг олон нийтэд нийтлэх болсон.

Хоёр улс хоорондоо ийм өндөр эрсдэлтэй тагнуулын өрсөлдөөн явуулж буй нь тэдний цэрэг, технологийн тэмцэлдээний нэг хэсэг юм. Ажиглагчид үүнийг Хүйтэн дайны шинэ хэлбэр гэж тодорхойлж байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei b#####i nuh

Холбоотой мэдээ

Back to top button