Гадаад мэдээДЭЛХИЙ

Швейцар хүн амын тоогоо 10 саяас хэтрүүлэхгүй байх талаар авч үзнэ

Швейцар 2050 он гэхэд хүн амынхаа тоог 10 саяас хэтрүүлэхгүй байх асуудлаар бүх нийтийн санал асуулга зун явуулахаар боллоо. Уг санал асуулгыг барууны үзэлтэй Швейцарын Ардын Нам санаачилсан юм. Хүн амын тоонд хэмжээ тавихын гол зорилго нь цагаачлалыг хязгаарлах зорилготой.

Парламентад хамгийн олон суудалтай, консерватив үзэлтэй Швейцарын Ардын Намаар удирдуулсан хууль тогтоогчид шаардлагатай гарын үсгийг цуглуулж чадсан тул санал хураах болжээ. Ийм учир хүн амын тоог хязгаарлах эсэхийг зургаадугаар сарын 14-нд болох бүх нийтийн санал асуулгад оруулахаар болсон байна.

Тус улсын холбооны статистикийн газрын мэдээлснээр, 2025 оны гуравдугаар улирлын байдлаар Швейцарын хүн ам 9.1 саяд хүрчээ. Сүүлийн жилүүдэд Швейцарын хүн амын 30 орчим хувийг гадаадад төрсөн иргэд эзлэх болсон байна.

Уг санал хураалт нь дан ганц Швейцарын иргэдийн тоо бус оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийг оролцуулан хүн амын тоог 2050 он гэхэд 10 саяас хэтрүүлэхгүй байх тухай юм

Хэрэв хүн амын тоо заасан хугацаанаас өмнө 9.5 саяд хүрвэл засгийн газар хязгаарлах арга хэмжээ авч эхэлнэ. Үүнд орогнол олгох, гэр бүл нэгдэх, оршин суух зөвшөөрөл олгохыг хязгаарлах, мөн олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг дахин авч үзэх зэрэг арга хэмжээ багтах юм.

Уг санаачилгыг дэмжигчдийн үзэж буйгаар хязгаарлалт тавьснаар хүн амын өсөлтөөс үүдэлтэй ачааллаас байгаль орчин, байгалийн нөөц, дэд бүтэц болон нийгмийн хамгааллын тогтолцоог хамгаалахад тусална гэжээ.

Харин улс төрийн хүчнүүд, шүүмжлэгчид уг санаачилгыг нарийн төвөгтэй асуудлыг хэт хялбарчилсан алхам гэж үзэж байгаа юм. Тэдний хэлж буйгаар Швейцарын эмнэлэг, зочид буудал, барилгын салбар болон их сургуулиуд гадаад ажилчдаас ихээхэн хамааралтай байдаг. Тиймээс цагаачлал болон хүмүүсийн чөлөөтэй зорчих хөдөлгөөнийг хязгаарлах нь олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтыг зөрчинө гэж тэд анхааруулж байгаа юм.

Швейцарын Ардын Нам улс руу нь орж ирж буй цагаачдын урсгалыг хазаарлахыг олон жилийн турш оролдож ирсэн боловч төдийлөн амжилтад хүрч чадаагүй байна.

Жишээ нь, 2016 онд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн цагаачдыг шууд албадан гаргах санал асуулга явуулсан ч дэмжлэг авч чадаагүй. Мөн 2020 онд Европын Холбоотой байгуулсан чөлөөтэй зорчих хэлэлцээрийг цуцлах тухай санал нь газар аваагүй билээ.

Эх сурвалж: Euro News

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button