БНХАУ ажиллах хүчин буурч буй асуудлыг роботоор шийднэ гэж найдаж байна
БНХАУ-ын төрөлтийн түвшин түүхэн доод хэмжээндээ хүрлээ. Үүнээс болж ирээдүйд эдийн засагт томоохон цохилт ирнэ гэсэн айдас төрж байна. Учир нь төрөлтийн түвшин буурснаар ажиллах хүч цөөрч, тэтгэврийн насныхны тоо эрс нэмэгдэж байгаа юм. Одоогийн байдлаар БНХАУ-ын хүн амын 23 орчим хувийг 60 болон түүнээс дээш насныхан бүрдүүлдэг. НҮБ-ын тооцооллоор энэ тоо 2100 он гэхэд 50 хувь давах төлөвтэй байгаа юм.
Хятадын эрх баригчид төрөлтийг нэмэгдүүлэх олон бодлого явуулж эхэлсэн. Бэлэн мөнгө олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх, гэрлэлтийг хялбарчлах зэрэг ажлууд багтсан. Гэвч нэгдүгээр сард гарсан тоо баримтаас харвал энэ арга хэмжээнүүд төрөлтийн түвшинд нөлөөлж чадаагүй байна.
Төрөлт буурсантай холбогдуулан ажиллах хүчин багасах асуудлыг шийдэхээр эрх баригчид авч үзэж буй зүйлсийн нэг нь робот болон автоматжуулалт юм. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин үйлдвэрлэлийн салбарыг шинэчилж, автоматжуулахыг зорьж ирсэн.
Ажиллах хүчний асуудлыг шийдэхгүй бол тэтгэврийн тогтолцоо нурж, эрүүл мэндийн даатгалын зардал нэмэгдэх аюултай. Ингэснээр төрийн байгууллагуудад итгэх итгэл болон эдийн засагт бүхэлд нь муугаар нөлөөлнө.
Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шинжээч Стюарт Гител-Бастен "Хэрвээ БНХАУ сүүлийн 20, 30 жилийнх шигээ хэвээрээ явдал маш том хямрал нүүрлэнэ. Учир нь хүн амын бүтэц болон эдийн засгийн тогтолцоо нь хоорондоо таарахгүй байна" гэжээ.

Хэрвээ эрх баригчид шилжилтийг зөв явуулж чадвал автоматжуулалт болон хиймэл оюун ухаан нь эдийн засгийн өсөлтийг хадгалахад тусална гэж шинжээчид үзэж байна.
Гэвч эдийн засгаа өндөр технологи руу шилжүүлэх нь амаргүй ажил. Автоматжуулалт богино хугацаанд ажлын байрны тоог буруулж, урт хугацаанд хөдөлмөрийн салбарыг шинж чанарыг өөрчилнө. 1.4 тэрбум хүн амтай, ажиллах хүчээрээ эдийн засгаа босгосон улсын хувьд энэ нь маш том сорилт болно.
Хятадын Коммунист намын хувьд энэ нь маш чухал асуудал. Учир нь тус нам эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахыг нэн түрүүний зорилго болгон ажилладаг.
Хонконгийн их сургуулийн эдийн засгийн профессор Хэ Гуожүн "Хэрвээ БНХАУ робот болон хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээмжээ нэмэгдүүлж чадвал цөөн ажилчинтай байсан ч үйлдвэрлэлийн хэмжээгээ хэвээр хадгалах, эсвэл бүр өсгөх боломжтой" гэжээ.
Үүний тусламжтайгаар ажиллах хүчний хомсдолыг зөөлрүүлж болох ч бүрмөсөн арилгаж чадахгүй. Автоматчилал нь салбар бүрт өөр өөрөөр нөлөөлнө. Тиймээс боловсрол, нийгмийн хамгаалал зэрэг олон төрлийн бодлогыг хамтад нь хэрэгжүүлэх шаардлагатай гэж Хэ Гуожүн нэмж хэлжээ.
Олон улсын роботын холбооны мэдээлснээр БНХАУ аль хэдийн дэлхийн хамгийн том роботын зах зээл болсон байна. 2024 онд дэлхий даяар суурилуулсан нийт роботын талаас илүү хувь нь Хятадад байсан юм.
БНХАУ-д роботууд үйлдвэрт гагнуур хийх, будах, бараа угсрах ажлыг автоматаар гүйцэтгэх болжээ. Автоматжуулалтын түвшин өндөр байгаа тул Хятадын үйлдвэрүүд цахилгаан машин, нарны хавтанг хямд үнээр, их хэмжээгээр үйлдвэрлэж байгаа байна.
Үйлдвэрийн роботуудаас гадна Бээжин хүн дүрст роботод ихээхэн анхаарал хандуулах болжээ. БНХАУ-д ийм төрлийн робот хөгжүүлэх 140 гаруй компани ажиллаж байгаа бөгөөд засгийн газраас нь их хэмжээний татаас авдаг.
Одоогоор эдгээр хүн дүрст роботуудыг бүжиглүүлэх эсвэл боксын тэмцээнд оролцуулах зэргээр технологийн амжилтаа гайхуулж, маркетинг хийх байдлаар ашиглаж байна. Гэхдээ зарим хүн дүрст роботыг үйлдвэрийн угсрах шугам, агуулах болон лабораторид туршиж эхэлжээ. Хөгжүүлэгч компаниуд нь тэдгээр роботууд удахгүй бараа зөөх, ангилах, чанар шалгах тал дээр хүнтэй адил бүтээмжтэй ажилладаг болно гэж үзэж байгаа юм. Гэхдээ хүн дүрст роботуудыг хийх үйлдэлд нь зориулж маш нарийн программчилдаг тул хүн шиг өргөн хүрээтэй зүйлсийг бүтээмжтэй хийж чаддаг болно гэдэгт зарим мэргэжилтнүүд эргэлздэг байна.
Автоматчилал руу шилжиж, робот хөгжүүлж буй нь өсөлдөх чадвараа хадгалах зорилготой "Хятадад үйлдвэрлэв 2025" төлөвлөгөөний нэг хэсэг юм. Сонирхолтой нь энэхүү төлөвлөгөөг 2015 онд буюу нэг хүүхдийн бодлогыг цуцалсан жил анх зарлаж байжээ.
Сингапурын их сургуулийн профессор Берт Хофман энэ шилжилтийн талаар "Хятадын хүн амын тоо цөөрч эхэлсэн тул одоо автоматжуулалт, хиймэл оюун ухааны тухай их ярих боллоо. 'Роботын үр дүнд бүтээмж маш их нэмэгдэх учраас хүн ам цөөрөх нь хамаагүй' гэсэн ойлголт түгээмэл болж байна" гэсэн юм. Гэхдээ энэхүү шилжилтийг маш болгоомжтой явуулж, нийгмийн халамжийн бодлого гэх мэт зүйлстэй хавсран явуулахгүй бол нийгмийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
Эх сурвалж: CNN








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамгийн гоё,хамгийн сонирхолтой цаг үе эхэллээ.Биокиборг роботууд хамгийн их ажил илүү цагаар хийгээд хамгийн бага цалин авах буюу зардал гарч, бүх юм-бүх тогтолцоо орвонгоороо эргэн ЭДИЙН ЗАСАГ ГЭЖ БҮГД ОРИЛДОГ БАЙСАН эдийн эрх,хууль зүйт ЭДЭЭР ЗАСАГЛАХ ТОГТОЛЦОО нуран унаж,альтернатив буюу НҮҮДЭЛЧ МОНГОЛ УЛАМЖЛАЛТ,ХАМТЫН ХАРИУЦЛАГАТ, ОЮУНААР ЗАЛАХ,ХҮНИЙ ЭРХ-ЁС ЗҮЙТ ТӨВШИН САЙХАНЫ ТОГТОЛЦОО даяаршин буй болох авай.....!!!!