Судалгаа: Сансарт нисэх нь хүний тархины байрлалыг өөрчилдөг
Сансарт нисэх нь хүний биед маш хүнд тусдаг. Тэгвэл нэгэн шинэ судалгаа сансарт ниссэний дараа хүний тархи гавлын яс дотроо дээшээ болон хойшоо шилжиж, хэлбэр нь өөрчлөгддөг болохыг илрүүлжээ.
Сансарт удаан байх тусам энэ өөрчлөлт илүү их гардаг байна. Ирээдүйд “NASA” сансарт илүү урт зай, удаан хугацаанд хийх нислэгүүд төлөвлөж байгаа. Мөн мэргэжлийн бус хүмүүс ч сансарт аялах болсон. Тиймээс энэхүү судалгааны үр дүн цаашид ач холбогдол өндөртэй болж магадгүй юм.
Дэлхий дээр татах хүч хүний биеийн шингэн болон тархийг үргэлж доош нь татаж байдаг. Харин сансарт энэ хүч байхгүй. Үүний улмаас биеийн шингэн толгой руу шахагддаг учраас сансрын нисгэгчдийн нүүр хавдсан мэт харагддаг юм. Дэлхийн татах хүчний нөлөөгөөр тархи, тархины шингэн болон эргэн тойрны эдүүд тэнцвэртэй байдалд оршдог. Харин татах хүчгүй орчинд энэ тэнцвэр өөрчлөгддөг аж.
Татах хүч байхгүй үед тархи гавлын яс дотроо хөвж эхэлнэ. Өмнөх судалгаанууд сансарт ниссэний дараа тархи гавлын яс дотроо дээшилдэг гэдгийг харуулсан юм. Гэвч тэдгээр судалгаануудад тархины өөр өөр хэсэгт гарч буй чухал өөрчлөлтүүдийг анзааралгүй өнгөрөөсөн байх магадлалтай байжээ.
Энэхүү судалгааг хийсэн эрдэмтэд сансарт хэдэн долоо хоногоос нэг жил гаруй хугацаанд байсан 26 нисгэгчийн тархины MRI зургийг шинжилсэн аж. Тархины хөдөлгөөнийг нарийн харахын тулд хүн бүрийн нислэгээс өмнөх болон дараах зургуудыг хооронд нь харьцуулж үзсэн байна.
Ингэж харьцуулснаар тархи гавлын яс дотроо яг хэрхэн шилжсэнийг хэмжих боломжтой юм. Эрдэмтэд тархийг нэг бүхэл зүйл гэж үзэлгүйгээр 100 гаруй хэсэгт хувааж, хэсэг бүрийн шилжилтийг ажиглажээ. Ингэснээр тархийг бүхэлд нь харахад анзаарагддаггүй байсан шинэ өөрчлөлтүүдийг олж харсан аж.
Нислэгийн дараах болон өмнөх зургийг харьцуулахад тархи үргэлж дээшээ, хойшоо шилжсэн байв. Сансарт байх хугацаа уртсах тусам энэ шилжилт ихсэж байжээ.
Харин тархины тусдаа хэсгүүдийг судлах явцад нэгэн сонирхолтой зүйл ажиглагдсан аж. Олон улсын сансрын станцад нэг жил орчим байсан нисгэгчдийн тархины дээд хэсэг 2 миллиметрээс илүү дээшилжээ. Харин тархины бусад хэсэг бараг хөдлөөгүй байсан юм.
Хоёр миллиметр нь бага сонсогдож болох ч гавлын яс доторх маш давчуу зайд энэ нь маш том өөрчлөлт. Сансрын нисгэгчдийн тархины хөдөлгөөн болон мэдрэхүй хариуцсан хэсгүүдэд хамгийн их шилжилт гарсан байна. Mархины хоёр талд байдаг хөдөлгөөн, мэдрэхүйн хэсгүүд төв рүүгээ шахагдан хөдөлжээ. Тархийг бүхэлд нь дунджилж харахад энэ нь харагдахгүй. Тийм учраас өмнөх судалгаанууд үүнийг анзаараагүй байж магадгүй аж.
Эдгээр өөрчлөлтүүдийн ихэнх нь дэлхийд ирснээс хойш зургаан сарын дараа хэвийн байдалдаа оржээ. Харин хойшоо шилжсэн өөрчлөлт илүү удаан хугацаанд ажиглагдсан байна. Энэ нь дэлхийн татах хүч тархийг урагш нь биш, доош нь татдагтай холбоотой байж магадгүй юм.
Эх сурвалж: Science Alert








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.