Зукерберг Instagram хүүхдүүдийг онилдоггүй гэж шүүхийн өмнө мэдэгдлээ
АНУ-ын Калифорни мужид технологийн томоохон компаниуд хүүхдүүдийг донтуулахаар аппликейшнээ загварчилдаг эсэхийг шийдэх томоохон шүүх хурал болж байгаа юм. Шүүх хурлын эхэнд заргалдагч эмэгтэйг төлөөлж буй өмгөөлөгч Марк Ланиер хэлэхдээ, тэдгээр компаниудын дотоод баримт бичгүүд хүүхдүүдийг донтуулах зориулалттай аппликейшн хийсэн гэдгийг харуулж байна гэжээ.
Тэгвэл Instagram, Facebook, WhatsApp зэрэг платформыг эзэмшдэг “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг лхагва гарагт /2026.02.18/ шүүхийн өмнө мэдүүлэг өгсөн байна. Тэрбээр Instagram, Facebook хоёр 13-аас доош насны хүүхдүүдийг платформыг ашиглахыг зөвшөөрдөггүй гэж хэлсэн юм. Түүнийг ингэж хэлсний дараа Ланиер 13-аас доош насны хүүхдүүд нь тус платформуудын гол хэрэглэгч гэдгийг харуулсан баримт дэлгэсэн байна. Тухайлбал 2018 оны үеийн Instagram-ийн дотоод бичиг баримтад “Өсвөр насныхныг хожихыг хүсэж байвал тэднийг тэр наснаас нь л хэрэглэгч болгох хэрэгтэй” гэж бичсэн байсан юм. Үүнд Зукерберг хариу өгөхдөө “Миний хэлсэн зүйлийг буруу тайлбарлаж байна. Meta хүүхэд аюулгүй ашиглаж болох өөр хувилбаруудыг бүтээхийг оролдохын тулд цаг хугацааны явцад янз бүрийн яриа өрнүүлсэн” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.