Трамп харь гарагийнхны талаарх бичгүүдийг нийтлэхийг үүрэг болгоно
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт харь гарагийнхан болон үл мэдэгдэх нисдэг биеттэй холбоотой засгийн газрын нууц материалуудыг олон нийтэд ил болгохыг холбооны агентлагуудад үүрэг болгоно гэдгээ мэдэгдсэн. Энэ асуудлыг хүмүүс маш их сонирхож байгаа учраас ийм шийдвэр гаргаж байгаа гэж тэр хэлсэн юм.
Трамп сошиал хуудас дээрээ бичихдээ Пентагоны тэргүүн Пит Хэгсет болон бусад байгууллагуудад мэдээллийг ил болгох тушаал өгнө гэдгээ хэлэв. Тэрбээр энэ асуудлыг маш сонирхолтой, чухал гэж тодорхойлсон байна.
Пүрэв гарагийн өглөө Трамп ямар нэгэн баримт дурдалгүйгээр Ерөнхийлөгч асан Барак Обамаг нууц материалыг задруулсан гэж буруутгажээ. Трамп "Обама маш том алдаа хийсэн. Тэр нууц мэдээллийг задруулсан. Ингэх ёсгүй байсан юм" гэж хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт /2026.02.14/ нийтлэгдсэн подкаст дээр хөтлөгч Брайан Тайлер Коэн Обамагаас харь гарагийнхан үнэхээр байдаг эсэхийг асуусан юм. Обама "Харь гарагийнхан байдаг. Гэхдээ би харж байгаагүй. Тэднийг нөгөө 51-р бүсэд нуугаагүй. Хэрэв АНУ-ын ерөнхийлөгчөөс нуусан асар том хуйвалдаан байхгүй л бол тэнд газар доорх байгууламж гэж байхгүй" гэж хариулсан юм.
51-р бүс бол бол АНУ-ын Невада мужид байдаг Агаарын цэргийн хүчний нууц байгууламж. Тэнд харь гарагийнхны цогцос болон сүйрсэн үл мэдэгдэх нисдэг биет байдаг гэж зарим хүмүүс таамагладаг. Харин 2013 онд ил болсон Тагнуулын төв газрын (CIA) бичигт үүнийг маш нууц тагнуулын онгоцнуудыг туршдаг газар гэж бичсэн байсан билээ.
Обама харь гарагийнхан байдаг гэж хэлсэн нь олны анхаарлыг ихээхэн татсан тул ням гарагт /2026.02.15/ өөрийн Instagram хуудсандаа "Намайг ерөнхийлөгч байх хугацаанд харь гарагийнхан бидэнтэй холбоо тогтоосон гэх ямар ч баримт байгаагүй. Энэ үнэн шүү" гэж бичжээ.
Ертөнц асар том учраас дэлхийгээс өөр гараг дээр амьдрал байх магадлал маш өндөр хэмээн үздэг гэдгээ тайлбарласан юм. Гэхдээ хоорондын зай дэндүү хол учраас тэд дэлхий дээр ирэх магадлал бага гэдгийг нэмж хэлжээ.
Трамп ч мөн харь гарагийнхан байдаг гэх баримт хараагүй гэдгээ хэллээ. Тэр "Тэд үнэхээр байдаг эсэхийг би мэдэхгүй" гэсэн байна. Сүүлийн жилүүдэд Пентагон үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаарх мэдээллүүдийг шалгах болсон. Цэргийн өндөр албан тушаалтнууд 2022 онд хэлэхдээ харь гарагийнхан дэлхий дээр ирсэн эсвэл онгоцны сэг олдсон гэх ямар ч баримт олдоогүй гэсэн юм.
Пентагоны 2024 оны тайлан Дэлхийн II дайнаас хойш хийсэн шалгалтуудаар дэлхий дээр ямар нэгэн харь гарагийн технологи олдоогүй байна. Хүмүүсийн харсан зүйлсийн ихэнх нь жирийн биетүүд эсвэл байгалийн үзэгдлүүдийг буруу таньсан тохиолдол байсан гэж дүгнэжээ.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.