АНУ-ын Иерусалим дахь элчин сайд Израил Ойрх дорнодыг эзэлсэн ч хамаагүй гэсэн нь шүүмжлэл дагууллаа
АНУ-аас Израил улсад суугаа элчин сайд Майк Хакаби Ойрхи дорнодын ихэнх нутаг дэвсгэрийг Израил улс эзэмших библийн эрхтэй гэж хэлсэн юм. Түүний энэ үгийг бүс нутгийн орнууд аюултай, өдөөн хатгасан шинжтэй гэж шүүмжилжээ.
Хакаби лхагва гарагт /2026.02.18/ Израилд АНУ-ын алдарт сэтгүүлч Такер Карлсонтой хийсэн ярилцлага нь баасан гарагт цацагдсан байна. Ярилцлагын үеэр Карлсон Хакабигаас Израилын оршин тогтнох эрх болон эртний Левант дахь еврейчүүдийн язгуур үндэсний талаар асуусан юм.
Карлсон библийн "Эхлэл" номоос эш татан асуужээ. Ертөнцийн эзнээс Абрахамд амласнаар Евфрат мөрнөөс Нил мөрөн хүртэл үргэлжлэх Ойрхи Дорнодын ихэнх нутгийг өнөөгийн Израил улс эзэмших эрхтэй эсэхийг асуужээ. Үүнд Хакаби "Хэрэв тэд энэ нутгийг бүхэлд нь эзэлсэн ч хамаагүй. Гэхдээ өнөөдөр бид энэ тухай яриагүй байна" гэж хариулсан юм. Хакаби нэмж "Бид одоо Израил улсын оршин тогтнох, энх тайвнаар амьдрахыг хүсэж буй энэ газар нутгийн тухай ярьж байна. Тэд Иордан, Сири, Ирак эсвэл өөр ямар нэгэн газрыг эзлэх гээгүй. Зөвхөн ард түмнээ хамгаалахыг хүсэж байна" гэжээ.
Хакаби бол Евангелийн христийн шашинтай хүн. Тэрбээр улс төрийн замналынхаа туршид Израилыг тууштай дэмжиж ирсэн. Мөн тэр Израилын хяналтад байдаг Иордан голын Баруун эрэг дэх еврейчүүдийн шүүмжлэл дагуулсан суурингуудыг дэмждэг. Палестинчууд Иордан голын Баруун эргийг өөрсдийн улсаа байгуулах нутаг гэж үздэг билээ.
1967 оны дайны үеэр Израил Иордан голын Баруун эргийн хэсэг нутгийг эзэлж авсан. Дэлхийн ихэнх улс тус нутагт Израил суурин барьж буй явдлыг хууль бус хэмээн үздэг. Харин Израил үүнийг эсэргүүцэж тус нутагтай библийн болон түүхэн холбоотой гэж тайлбарладаг юм.
Хакабигийн хэлсэн зүйлийн хариуд Палестин болон Ойрхи Дорнодын бусад орнууд хамтарсан мэдэгдэл гаргахдаа зэмлэн буруушаасан байна. Нэгдсэн мэдэгдэлд Иордан, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Египет, Турк, Индонез, Пакистан зэрэг улсууд багтжээ.
Тэдгээр орнууд "Олон улсын эрх зүйн зарчмууд болон НҮБ-ын дүрмийг илэрхий зөрчсөн, аюултай бөгөөд өдөөн хатгасан мэдэгдэл гаргалаа" гэж Хакабиг шүүмжилсэн юм. Мөн түүний хэлсэн үг бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдалд ноцтой аюул учрууллаа гэж үзсэн байна.
АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгч энэ талаар мэдэгдэл хийхдээ Хакабигийн хэлсэн үг АНУ-ын бодлого өөрчлөгдсөнийг илтгэхгүй гэжээ. Мөн түүний хэлсэн үгийг бүхэлд нь авч үзвэл Израил улс одоогийн хил хязгаараа өөрчлөх хүсэлгүй байгаа нь тодорхой харагдана хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Лалрын жүүдүүдийг бүгдийг нь устгах хэрэгтэй