Европын холбоо Трампыг гэрээгээ хүндэтгэхийг шаардлаа
Европын комисс ням гарагт /2026.02.22/ мэдэгдэл хийхдээ АНУ-ыг өнгөрсөн жил хийсэн хоёр талын худалдааны гэрээгээ хүндэтгэхийг шаардсан байна. Өнгөрсөн баасан гарагт /2026.02.20/ АНУ-ын дээд шүүх Ерөнхийлөгч Доналд Трампыг улс орнуудад тариф оноох шийдвэрийг ганцаараа гаргахгүй хэмээсэн тогтоол гаргасан юм. Үүнд бухимдсан Трамп Худалдааны тухай хуулийн 122-р хэсэгт зааж өгсөн ерөнхийлөгчийн тусгай эрхийг ашиглан дэлхийн бүх улсад 10 хувийн нэмэлт тариф оноосон. Уг тарифаа тэр дараа нь 15 хувь болгож нэмэгдүүлсэн юм.
Тэгвэл Европын комисс мэдэгдэл хийхдээ Вашингтон дээд шүүхийн шийдвэрийн дараа авах гэж буй алхмаа тодорхой мэдээлэх ёстой гэжээ. Комисс “Одоо үүсээд буй нөхцөл байдал нь хоёр тал тохиролцсон шударга, тэнцвэртэй, харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхэд тохиромжгүй байна. Гэрээ бол гэрээ” хэмээсэн байна. Өнгөрсөн жилийн гэрээгээр бол АНУ Европын холбооны ихэнх бараануудад 15 хувийн гаалийн татвар онооно. Харин онгоц, сэлбэг гэх мэт зарим бүтээгдэхүүнд тариф оноохгүй юм. Европын холбооны худалдааны комиссар Марос Сефкович бямба гарагт /2026.02.21/ энэ асуудлаар АНУ-ын худалдааны төлөөлөгч Жеймисон Грир, Худалдааны сайд Ховард Лутник нартай хэлэлцжээ.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.