АНУ-ын Парис дахь элчин сайдыг Францын засгийн газартай уулзахыг хориглов
АНУ-аас Парист суугаа элчин сайд Чарльз Кушнерийг Францын засгийн газрын гишүүдтэй уулзахыг хориглосон байна. Кушнерийг Францын Гадаад хэргийн яам тайлбар авахаар дуудсан ч ирээгүй тул гишүүдтэй уулзахыг хориглосон аж. Парис дахь АНУ-ын элчин сайдын яам Францын барууны идэвхтэн Квентин Деранк зүүний үзэлтэй гэх масктай хүмүүст зодуулж нас барсан тухай нийтлэлийг хуваалцсан юм. Тэрхүү нийтлэлийг хуваалцахдаа элчин сайдын яам “Хүчирхийлэл бүхий радикал зүүний үзэл нэмэгдэж, олон нийтийн аюулгүй байдалд заналхийлж буйг Квентин Деранкийн үхэл харууллаа” гэж бичжээ.
Францын гадаад хэргийн яам энэ үгийг нь хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлого хэмээн үзэж Кушнерээс тайлбар авахаар дуудсан аж. Тус улсын Гадаад хэргийн сайд Жан Ноэл Барро “АНУ-ын элчин сайдын яам үндэстэнд хамаарах асуудал дээр мэдэгдэл гаргасан учир элчин сайдыг дуудаж байна. Энэ явдалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцнэ” гэсэн юм. Квентиний үхлийг АНУ-ын барууны идэвхтэн Чарли Киркийн аллагатай хүмүүс зүйрлэх болжээ. Киркийг хөнөөсөн гэж буруутгагдаж буй этгээд нь зүүний үзэлтэй хүн юм.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.