"УНТЭ-ийн удирдлагыг долоо хоногт гурав сольж, эмнэлгийн хэрэгсэл, тариур ч үгүй болголоо"

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар тус эмнэлгийн удирдлага, эмч нар мэдээлэл хийлээ.
Тус эмнэлэг нь амбулаториор өдөрт 1,200 гаруй хүнд үзлэг оношилгоо хийж, 24 цагаар тасралтгүй тусламж үйлчилгээг үзүүлж, хоногт 60 гаруй өндөр түвшний мэс засал хийдэг лавлагаа шатлалын томоохон эмнэлэг юм. Гэтэл эрүүл мэндийн 20 гаруй төрлийн лавлагаа тусламж үзүүлдэг уг эмнэлэг нь богино хугацааны удирдлагын халаа сэлгээ, хэт улстөржилтөөс болж хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломж хомс байгааг УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал М.Адилсайхан хэллээ.
Мөн "Улс төр ороод байгаа учраас өөрсдийн дураар, хамт олны эсрэг шийдвэр гаргадаг нөхцөл байдал үүссэн. Яагаад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нь өөрийнхөө харьяалж ажилладаг эмнэлгийн ТУЗ-ийн дарга болоод ирц нь хүрээгүй хурал дээр нэг хүний шийдвэр гарган захирлыг нь долоо хоногийн дотор гурван янзаар сольдог юм бэ. Энэ нь эмнэлгийн үйл ажиллагаа хямрах нөхцөлийг бий болгосон. Эм, эмнэлгийн хэрэгсэлгүй болсон шалтгаан нь өмнөх удирдлага 2025 оны сүүлээр ажлын хэсэг байгуулаад дараагийн тендер зарлагдах хүртэл шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нэр төрөл, тоог аваад худалдан авах шийдвэр гаргасан ч дараагийн удирдлага ирэнгүүтээ түүнийг нь болиулсан. Төд удалгүй дараагийн удирдлага ирснээ энэ худалдан авалтыг хийхгүй гэсэн. Үүнээс болоод дурангаар хийх хагалгааг хүний хэвлийг зүсэж хийхэд хүрсэн. Өнөөдөр улсын төв эмнэлэг байж компьютер томограф нь ажиллахгүй л сууж байна. Тархины цус харвалт, зүрхний шигдээстэй хүмүүс ирж байхад оношлох үндсэн төхөөрөмж нь алга" гэлээ.
Харин УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Ц.Ганбат "Эрчимт эмчилгээний тасаг маань 24 ортой ажиллах байх ёстой ч 12 ортойгоор ажиллаж байна. Нэгдүгээр давхарт байрладаг 12 ортой эрчимт эмчилгээний тасаг засварт ороод найман сар өнгөрсөн. Гэвч ажиллаж байсан компаниуд нь ажлаа бүрэн дуусгаагүй, хүлээж авах боломжгүй байсаар байна. Мөн дарга нарын халаа сэлгээний хооронд эмнэлгийн хэрэгсэл тасалдсанаар хүнд өвчтэй хүмүүст тусламж үзүүлэхэд төвөгтэй болсон. Нэг удаагийн ариун хэрэгслүүд, тариур зэргийн дутагдалд орлоо.
Дарга солигдох үйл явцтай холбоотойгоор манай эмнэлгийн дотоод уур амьсгалд ойлгомжгүй байдал бий болсон. Гэхдээ эмч, эмнэлгийн ажилчид бид хэвийн ажиллаж байгаа. Эрүүл мэндийн яам бус ТУЗ эмнэлгийн даргыг томилогдон болсон байна. Тэр ТУЗ-д байгаа есөн гишүүний гурав нь л эмнэлгийн төлөөлөл байдаг. Төлөөлөл нь цөөхөн байгаатай холбоотойгоор энэ талаар мэдээлэл хомс, мөн юу болоод байгаа нь тодорхойгүй байдал үүсэж, хамт олны санал санаачилга дутагдах байдал үүссэн.
Нэг үгээр хэлбэл, эмнэлгийн дарга ТУЗ-өөс сонгогдож байгаа нь ТУЗ-ийн гишүүний бүрэлдэхүүн хэт тэнцвэргүй байгаатай холбоотой гэж үзэж байна" хэмээсэн юм.
Мөн Нэгдүгээр төв эмнэлгийн төлөөлөл: Эм тариа эмнэлгийн хэрэгсэл яагаад тасалдаж байна вэ. Улс төсвөө баталж, төсвийн тухай хуулиараа төсвийн дээд хязгаараа аваад ТУЗ-өөрөө төсвөө батлуулсны дараа худалдан авах үйл ажиллагаагаа явуулдаг. ТУЗ-д төсвийг батлахтай холбоотойгоор хуралдсан. Бид саналаа хүргүүлсэн. Гэтэл үүний дараа дарга нар солигдож эхэлсэн. Бүх зүйлээ төлөвлөдөг, худалдан авалтаа хийдэг энэ үед даргын сэлгээ явагдсан нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад саад бэрхшээл болж байна.
ТУЗ-ийн есөн гишүүнд үндсэн эмнэлгийн төлөөлөл нь илүү багтвал цаашид эмнэлгийг авч явах хүмүүс нь эмнэлгийн ажилтнууд учраас илүү тогтвортой байх болов уу хэмээсэн юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За угаасаа өвчтөнүүд өөрсдөө эм тариагаа авч ирж байгаа худлаа шаах юм