Гадаад мэдээДЭЛХИЙ

Засгийн газруудын төсвийн тэлэлтээс болж дэлхийн өр 348 их наяд ам.долларт хүрчээ

Дэлхийн өрийн хэмжээ 2025 оны эцэст 348 их наяд ам.долларт хүрч, шинэ дээд амжилт тогтоосон байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхийн өр 29 их наяд орчим ам.доллароор нэмэгджээ. Энэ нь цар тахлын үеэс хойших хамгийн хурдацтай өсөлт болов.

Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн (IIF) лхагва гарагт /2026.02.25/ нийтэлсэн тайлангаас харвал энэхүү өсөлтийн ихэнхийг засгийн газруудын тавьсан өр бүрдүүлжээ. Тодруулбал засгийн газруудын өр 10 их наяд гаруй ам.доллароор өсжээ. Энэ өсөлтийн дөрөвний гурвыг АНУ, БНХАУ болон Европын орнууд эзэлж байгаа юм.

Тус тоо баримт дэлхийн өрийн мөчлөгт өрх гэр эсвэл компаниудаас илүүтэйгээр томоохон улс орнуудын төсвийн алдагдал голлон нөлөөлж байгааг мэдээлэл харууллаа. 2026 оны эхээр бондын зах зээл дээр түүхэн өндөр хэмжээний арилжаа явагдсан байна.

Энэ жил дэлхийн эдийн засгийн өсөлт тогтвортой боловч удаан байх төлөвтэй байгаа. Иймд өрийн харьцааг дахин өсгөхгүйгээр болон бондын эрэлтийг бууруулахгүй байдлаар засгийн газрууд зээл авч чадах эсэх нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.

“IFF”-ийн тайлангаас харвал 2025 онд

Засгийн газрын өр: 106.7 их наяд ам.доллар (2024 онд 96.3 их наяд байсан).

Компаниудын өр: 100.6 их наяд ам.доллар.

Өрхүүдийн өр: 64.6 их наяд ам.доллар хүржээ.

Өрийн харьцаа ба бүтэц

2025 онд дэлхийн өр ДНБ-ий 308 хувьтай тэнцэж, өмнөхөөсөө бага зэрэг буурсан байна. Ийнхүү өр ДНБ-ий харьцаа буурсан нь өндөр хөгжилтэй орнуудын нөлөө юм. Гэвч хөгжиж буй орнуудын өрийн харьцаа өсөж, ДНБ-ий 235 хувьд хүрч, дээд амжилт тогтоожээ.

“IIF”-ээс анхааруулж буйгаар засгийн газрууд төсвөө тэлж, зөөлөн мөнгөний бодлого явуулж, хууль зохицуулалтын хялбаршуулсан нь өрийг нэмэгдүүлж байгаа аж. Эдгээр алхам нь зах зээлийн зарим хэсэгт эрсдэл нэмэгдүүлж, хэт халалт үүсгэх аюултай гэдгийг тэд анхааруулсан байна.

Өндөр хөгжсөн зах зээлтэй орнуудын нийт өр 231.7 их наяд ам.долларт хүрчээ. Харин хөгжиж буй орнуудын өр 116.6 их наяд ам.долларт хүрч, хоёул түүхэн дээд хэмжээнд очжээ.

Дэлхий даяар өрийн бүтэц өөрчлөгдөж байгаа нь шинжээчдийн анхаарлыг татаж байна. Хувийн компаниудын өр цар тахлын үеийнхээс буурсан бол улсын өр өссөөр байгаа аж. Засгийн газруудын өр нэмэгдсээр байгаа нь бодлогын хүүгийн өөрчлөлт болон хөрөнгө оруулагчдын итгэл эрсдэлийг бий болгож байна гэж “IIF” бичжээ.

Энэ оны нэгдүгээр сард засгийн газрууд төсвийн хэрэгцээгээ хангахын тулд бонд их хэмжээгээр гаргасан. Хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байсан тул нэгдүгээр сар бондын зах зээлийн түүхэн дэх хамгийн өндөр саруудын нэг болжээ. Компаниуд ч бас идэвхтэй бонд гарган, зээл авах болжээ. АНУ-ын технологи болон үйлдвэрлэлийн томоохон компаниуд бонд гаргаж, хиймэл оюун ухаан хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт татаж байна. Ийм учир 2026 онд компаниуд хүчтэй өсөлт үзүүлэх төлөвтэй байгаа юм.

Хэрвээ засгийн газруудын төсвийн алдагдал бууралгүй компаниуд бондын зах зээлээс хөрөнгө татсаар байвал 2026 онд дэлхийн өр үргэлжлэн өсөх хандлагатай байна.

Эдийн засгийн өсөлт ба өрийн дарамт

Олон улсын валютын сангийн 2026 оны нэгдүгээр сарын таамаглалаар, дэлхийн эдийн засаг энэ онд 3.3 хувиар өсөх төлөвтэй байгаа юм. Өндөр хөгжилтэй орнууд 1.8 хувиар, хөгжиж буй орнуудын ДНБ 4 гаруй хувиар өсөхөөр байна.

Өсөлт нь тогтвортой байгаа ч гэсэн өрийн харьцааг бууруулахад хангалтгүй байгаа юм. Гадаад өр нь өндөр байгаа хөгжиж буй орнуудад энэ нь илүү хүнд тусаж магадгүй. “IIF”-ийн тооцоолсноор,хөгжиж буй орнууд 2026 онд 9 их наяд ам.долларыг зээл төлөлтөд зарцуулах шаардлагатай юм. Ингэснээр зээл дахин санхүүжилтийн томоохон ачаалал орж ирнэ. Харин өндөр хөгжсөн орнуудын хувьд 20 их наяд гаруй ам.долларын бонд болон зээлийн төлбөрт өгнө.

Одоогоор бондын эрэлт сайн байгаа тул санхүүжилт хэвийн үргэлжилж байна. Цаашид улс орнуудын төсвийн бодлогын сонголт дэлхийн эдийн засгийн ерөнхий чиг хандлагыг шийдэхээр байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button