Facebook, Instagram, Youtube-ыг шүүхэд өгсөн эмэгтэй сошиал медиа сэтгэл зүйн эрүүл мэндэд нь нөлөөлсөн хэмээв
АНУ-ын Калифорни мужид Facebook, Instagram, Youtube зэрэг сошиал платформууд хүүхдүүдийг донтуулах дизайныг албаар ашигладаг эсэхийг шийдэх шүүх хурал явагдаж байгаа. Тэдгээр сошиал платформуудыг буруутган шүүхэд зарга үүсгэсэн эмэгтэй пүрэв гарагт /2026.02.26/ гэрчээр мэдүүлэг өгчээ. Тэр хэлэхдээ бага байхдаа сошиал медиад донтсоны улмаас сэтгэл гутрал, сэтгэл түгшилттэй болж, гадаад үзэмждээ сэтгэл хангалуун бус байдаг болсон гэсэн юм. Ийм сөрөг үр дагаврууд үүссэн ч гэсэн тэр утсаа ашиглахаа больж чадаагүй гэж хэлжээ.
Шүүхэд зарга үүсгэсэн Кэйли Ж.М нэртэй тэр нэмж хэлэхдээ зургаан настай байхдаа Youtube их хэмжээгээр үзэж эхэлж, есөн наснаасаа хойш Instagram ашиглах болсон гэсэн юм. Сошиал медиа их хэмжээгээр хэрэглэсэн нь сурлагад саад болж, нойргүйдэлд хүргэн, нийгмийн амьдрал болон гэр бүлийн харилцаанд нь сөргөөр нөлөөлсөн гэж тэр хэлжээ. “Google” болон ‘Meta” заргыг няцааж, баримт нотолгоонууд Кэйлигийн мэдэгдлийг дэмжихгүй гэх байр суурийг илэрхийлсэн юм. “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг өөрийн биеэр мэдүүлэг өгөхдөө Instagram, Facebook хүүхдүүдийг онилдоггүй гэсэн байна.
Лхагва гарагт /2026.02.25/ Кэйлийг 13 болон 14 настай байхад нь эмчилсэн сэтгэл засалч мэдүүлэг өгөхдөө, сошиал медиаг хэт их хэмжээгээр хэрэглэх нь сэтгэл зүйн асуудлыг нь даамжруулсан нэмэлт хүчин зүйл болсон гэжээ. “Meta” компанийн өмгөөлөгч шүүхийн нээлтийн үг дээрээ Кэйлигийн эцэг эхийн харилцаа муу байсан учир 3 настай байхад нь гэр бүл салж, эрүүл мэндийн түүхээс харахад тэр сэтгэл зүй болон бие махбодын хүчирхийлэлд өртдөг байсан гэжээ. Кэйли мэдүүлэг өгөхдөө ээж нь заримдаа түүнд гар хүрдэг байсан ч гурван хүүхдээ ихээхэн халамжилж өсгөсөн гэж хэлсэн байна. Мөн Кэйли ээжтэйгээ их ойр харилцаатай гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.