НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг Меланиа Трамп даргалж явуулна
АНУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг даваа гарагаас /2026.03.02/ эхлэн сарын хугацаатай даргална. Үүнтэй зэрэгцэн Меланиа Трамп даваа гарагт болох Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг удирдахаар болжээ.
Цагаан ордон мэдэгдэл хийхдээ, Тэргүүн хатагтай Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болох Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг удирдан явуулж, боловсролын асуудлыг голчлон хөндөнө гэсэн байна. Дэлхий дахинд хүлээцтэй байдлыг төлөвшүүлж, энх тайвныг тогтооход боловсрол чухал үүрэгтэй гэж Меланиа үздэг хэмээн Цагаан ордон мэдэгдэлдээ дурдсан юм.
Даваа гарагийн хуралдаан “Мөргөлдөөний бүс дэх хүүхдүүд, технологи ба боловсрол” сэдэвтэй явагдана. Энэ нь АНУ-ын түүхэнд тэргүүн хатагтай 15 гишүүнтэй Аюулгүйн зөвлөлийн хурлыг даргалж буй анхны тохиолдол болно.
Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд “Зөвлөлийн гишүүд боловсрол, технологи, энх тайван болон аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ. Тэрхүү хурлыг хатагтай Меланиа даргалах нь АНУ-ын тэргүүн хатагтай уулзалтыг удирдан явуулсан анхны тохиолдол болж, түүхэнд бичигдэнэ” гэжээ.
Тус уулзалтад АНУ-аас НҮБ-д суугаа элчин сайд Майк Уолтс, Аюулгүй байдлын зөвлөлийн бусад гишүүн орнуудын төлөөлөгчид болон олон улсын төлөөлөл оролцох төлөвтэй байна. Уолтс өөрийн сошиал хуудас дээрээ “Тэргүүн хатагтай удирдах алхыг цохиж, хуралдааныг нээх гэж байгаад бид маш их баяртай байна” гэж бичсэн юм.
Меланиа сүүлийн үед Украины дайн эхэлснээс хойш ОХУ руу албадан авч явсан гэх украин хүүхдүүдийг буцаах асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа аж. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард мэдэгдэл хийхдээ зарим украин хүүхдүүд гэр бүлтэйгээ эргэн нэгдсэн гэсэн байна.
Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг даргалагч улсын НҮБ-д суугаа элчин сайд эсвэл засгийн газрын өндөр албан тушаалтан удирддаг уламжлалтай. Өмнө нь Элеонор Рузвельт зэрэг тэргүүн хатагтай нар НҮБ-д нөлөө бүхий байр суурьтай байсан. Гэхдээ тэргүүн хатагтай байх хугацаандаа Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг удирдан явуулсан тохиолдол огт байхгүй.
Ерөнхийлөгч Доналд Трамп НҮБ-ыг шүүмжлэх нь нэмэгдэж буй үед Меланиа уулзалтыг даргалах болсон нь зарим хүний сонирхлыг татаж байна. Трамп НҮБ-ыг хэд хэдэн удаа ямар ч үр дүнгүй байгууллага хэмээн шүүмжилж, томоохон шинэчлэл хийхийг шаардсан. Мөн тэр АНУ-ыг ДЭМБ болон Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC) зэрэг олон улсын байгууллага, гэрээнүүдээс гаргасан билээ.
Эх сурвалж: The Guardian








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.