Гадаад мэдээДЭЛХИЙ

Ойрх дорнодын дайн: Хойд Солонгос АНУ, Израилын Иранд өгсөн цохилтыг танхай явдал хэмээн шүүмжилжээ

НЭМЭЛТ: 2026.03.02, 15:48 минут

Хойд Солонгос АНУ, Израил нар хамтран Иранд өгсөн цохилтыг танхай явдал хэмээн шүүмжилсэн байна. БНАСАУ-ын төрийн өмчит “KCNA” телевиз мэдэгдэл гаргахдаа Израил АНУ-ын дэмжлэгтэй Иранд цохилт өгсөн нь хууль бус түрэмгийллээс гадна тусгаар улсын бүрэн эрхт байдлыг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг гэжээ.

“KCNA” телевиз энэхүү цохилт Вашингтоны ноёрхуу, танхай мөн чанарыг тодорхой харууллаа хэмээсэн байна. АНУ, Израилын цохилтын улмаас Ираны Дээд удирдагч Аяатолла Али Хамэнэй болон хэд хэдэн өндөр албан тушаалтан амь үрэгдсэн. Иран хариу цохилт өгөхдөө 14 орны эсрэг цэргийн арга хэмжээ аваад байгаа юм. Уг дайнаас болж газрын тосны үнэ өсөж, хөрөнгийн зах зээлүүд унаад байна.

НЭМЭЛТ: 2026.03.02, 11:58 минут

Ираны дайнд цэрэг нь амь үрэгдсэн гэдгийг АНУ мэдээллээ

АНУ-ын зэвсэгт хүчин ням гарагт /2026.03.01/ мэдэгдэл хийхдээ Ираны дайнд цэргүүд нь амь үрэгдсэн гэжээ. Мөргөлдөөн ням гарагт хоёр дахь өдрөө үргэлжилж, талууд агаарын цохилт өгсөөр байв. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэнээр Ираны мянга гаруй объектод цохилт өгч, эрх баригч 48 албан тушаалтан цохилтод амь үрэгджээ.

Бямба гарагийн /2026.02.28/ бөмбөгдөлтөөр АНУ-ын зэвсэгт хүчин хүн хүчний хохирол амссан талаар мэдээлэл гаргаагүй юм. Тэгвэл Ираны хариу цохилтуудаас АНУ мөн хохирол амсаж эхлэв. Ням гарагт АНУ-ын зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ Ираны эсрэг ажиллагаанд гурван цэрэг амь үрэгдэж, таван цэрэг ноцтой гэмтсэн гэжээ. Цэргүүд хаана, хэзээ амь насаа алдсан талаар мэдээлэл өгөөгүй байна.

Нэрээ нууцлахыг хүссэн АНУ-ын хоёр албан тушаалтан “Reuters” агентлагт хэлэхдээ Кувейт дэх баазад цэргүүд амь үрэгдсэн гэжээ. Трамп мэдэгдэл хийхдээ цэргүүд амь насаа алдсанд харамсаж буйгаа илэрхийлж, нэмж хүн хүчний хохирол амсах магадлалтай хэмээсэн байна.

Америкчуудын цөөн хувь нь Израилтай хамтран Иранд цохилт өгөхийг дэмжиж байгаа аж. “Reuters” болон “Ispos” хамтран явуулсан санал асуулгад насанд хүрэгчдийн 27 хувь нь цохилт өгөхийг дэмжсэн бол 43 хувь дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Үлдсэн 30 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна. Америкчуудын дургүйцэж буй хамгийн том шалтгаануудын нэг нь Трампын хүү болон Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн гэр бүл аюулгүй орчинд амар тайван байхад цэргүүд Иранд цохилт өгөхөөр амиа зольж буй явдал юм.

НЭМЭЛТ: 2026.03.02, 09:14 минут

Даваа гарагт арилжаа эхлэхэд газрын тосны үнэ өсөж, хөрөнгийн зах зээл уналаа

Ням гарагт /2026.03.01/ АНУ, Израил болон Ираны хооронд өрнөж буй дайн намдах шинж үзэгдсэнгүй хоёр дахь өдрөө мөргөлдөөн үргэлжлэв. Иран хариу цохилт болгон Ойрх дорнод дахь барууны орнуудын баазтай улсууд руу пуужин харваж, дрон нисгэсээр байна. Тус бүс нутагт үүсээд буй дайн олон долоо хоног үргэлжлэх магадлалтай болсон тул өнөөдөр /2026.03.02/ арилжаа эхлэхэд газрын тосны үнэ өсөж, хөрөнгийн зах зээл унав. Брент маркийн газрын тос хэсэг хугацаанд баррель нь 80 ам.доллар давсан бол одоогийн байдлаар баасан гарагийн хаалтын ханшаас 7.5 хувь өсөж 78 орчим ам.доллароор арилжиж байна. Харин АНУ-ын газрын тос 7.3 орчим хувиар өсөж баррель нь 72 ам.доллар орчим арилжиж байгаа юм.

Алтны үнэ 1.9 хувиар өсөж унц нь 5,333 ам.доллар хүржээ. Мөн мөнгөний ханш 1.61 хувиар нэмэгдэж унц нь 93.64 ам.доллароор арилжиж байна. Дайны улмаас дэлхий даяар хөрөнгийн зах зээлүүд унав. Тодруулбал Азийн арилжаа эхлэхэд Японы Nikkei 225 2.3 хувиар унажээ. Харин Өмнөд Солонгосын KOSPI индекс 1 хувиар буурсан байна.

Европын EUROSTOXX 50 индексийн фьючерс 1.9 хувь, Германы DAX индексийн фьючерс 1.8 хувь, АНУ-ын S&P 500 болон Nasdaq индексийн фьючерс тус тус 1.1 хувиар буурчээ.

Одоо дэлхий дахин Ормузын хоолойд анхаарлаа хандуулж байна. Тэрхүү хоолойгоор дэлхийн газрын тосны 29 хувь, шингэрүүлсэн байгалийн хийн 23 хувь дамжин өнгөрдөг. Хэдийгээр тэрхүү хоолойг Иран цэргийн хүчээр хаагаагүй байгаа ч тээвэрлэгч онгоцнууд хоолойг гатлахаас эргэлзсэн байдалтай хоёр талд бөөгнөрсөн байгаа юм.

Бямба гарагаас /2026.02.28/ ням гарагийн хооронд Иран 14 улсын эсрэг цэргийн ажиллаа явуулжээ. Үүнд АНУ-ын Ойрх дорнод дахь баазууд, АНЭУ, Саудын Араб, Катар, Кувейт, Иордан, Ирак, Бахрейн, Израил, Оман, Сири, Кипр, Франц (АНЭУ дахь бааз), Итали (Кувейт дахь Али Аль-Салем бааз), Их Британи (Кипр дэх Акротири бааз) багтаж байна.

ЭХЛЭЛ: 2026.03.01

Ираны дээд удирдагч амь үрэгдсэн тул шашны засаглал нь үргэлжилж чадах уу

Бямба гарагт /2026.02.28/ АНУ болон Израил хамтарч Иранд өгсөн агаарын цохилтод Дээд удирдагч Аятолла Али Хамэнэй амиа алдсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон бусад эх сурвалжууд мэдээлж байна. Эхэндээ Иран түүнийг амьд гэж мэдээлж байсан юм. Тэгвэл Али (Аяатолла гэдэг нь шашны цол хэргэм. Түүний нэр биш) амь үрэгдсэн гэдгийг Ираны төрийн өмчит хэвлэл мэдээллийн агентлаг баталжээ. Одоо Иран дахь Исламын шашны засаглал цаашид үргэлжлэх эсэх нь эргэлзээнд орлоо.

Алиг залгамжилж болох хүн бий юу?

Ираны хуульд Вилаяат-э факих гэгддэг ойлголт бий. Тэрхүү ойлголтоор бол дээд удирдагч нь шашны зүтгэлтэн байх ёстой. Вилаяат-э факихын онолд есдүгээр зуунд зуунд алга болсон Исламын шийт урсгалын 12 дахь имам эргэж ирэх хүртэл дэлхий дээрх эрх мэдлийг нэр хүндтэй шашны зүтгэлтэн барих ёстой гэж үздэг. Тэр нэр хүндтай зүтгэлтэн нь Ираны дээд удирдагч юм.

Алигийн өмнө тус улсыг үндэслэгч Аяатолла Рухолла Хомэйни төр засгийн асуудал дээр эцсийн шийдвэрийг гаргадаг байсан. Гэхдээ Ираны шашны засаглал одоо үүсээд буй нөхцөл байдалтай адил ийм том сорилттой урьд нь тулгарч байсангүй. Али ихэвчлэн ойрын зөвлөхүүдээрээ дамжуулан эрх мэдлээ хэрэгжүүлдэг байжээ. Гэвч бямба гарагийн цохилтын дараа тэдгээр өндөр албан тушаалтнуудаас хэд амьд үлдсэн нь тодорхойгүй байна.

Зургийн эх сурвалж: WSJ

Тэр залгамжлагчаа хэн болохыг албан ёсоор зарлаж байгаагүй. Тиймээс хэн түүнийг залгамжлах нь тодорхойгүй байна. Зарим хүн түүний хүү Можтаба Хамэнэйг шашны засгийг залгамжлах боломжтой хүн гэж үздэг. Гэхдээ Можтаба цохилтоос амьд үлдсэн эсэх нь мөн тодорхойгүй байгаа юм. Өмнөх удирдагч Рухоллагийн ач хүү Хассан Хомэйни болон зарим шашны ахмад зүтгэлтнүүдийг Алиг залгамжлах боломжтой хүмүүст багтдаг.

Гэхдээ дээрх хүмүүсээс хэн нь ч Хамэнэй шиг нэр хүнд, нөлөөтэй биш. Тиймээс дараагийн удирдагч нь Хувьсгалт гвард (Ираны зэвсэгт хүчний гол салбар) эсвэл шашны дээд зөвлөл зэрэг хүчирхэг бүлэглэлүүдийг удирдахад хүндрэлтэй тулгарч магадгүй.

Шашны засаглал үргэлжлэх үү?

Ираны шашны элитүүд улс төрийн тогтолцоонд нөлөөлдөг хүчирхэг байгууллагуудыг хянадаг. Найман жил тутамд сонгогддог ахмад аяатолла (Шийт урсгалын өндөр цол хэргэм) нараас бүрдсэн Шинжээчдийн зөвлөл нь Ираны дээд удирдагчийг томилдог байна. Тус хуулийн үндсэн хуулиар тэрхүү зөвлөл удирдагчаас асуулт асуух, албан тушаалаас нь огцруулах эрхтэй. Гэхдээ Шинжээчдийн зөвлөл дээд удирдагчийг татан буулгаж байсан тохиолдол үгүй.

Онолын хувьд Шинжээчдийн зөвлөл дээд удирдагчийг сонгох ёстой ч Иран дахь хамгийн нөлөө бүхий хүмүүс шийдвэрийг гаргаж, дараа нь зөвлөлөөр батлуулдаг. Гэвч Хувьсгалт гвардын зарим удирдагчид амиа алдсан нь батлагдсан тул шийдвэрт хэн нөлөөлөх нь тодорхойгүй байна. Ийм тодорхойгүй нөхцөл байдал үүссэн учир Ираны Исламын дэглэм нуран унах магадлал өндөр байгаа юм. Иранчууд Исламын дэглэмийг эсэргүүцэн нэгдүгээр сард томоохон жагсаал өрнүүлсэн билээ. Али амь үрэгдсэн учир Иранд хувьсгал эхлэх магадлал өндөр байна.

Шашны засаглалтай ч Иран сонгууль явуулдаг

Иранчууд ерөнхийлөгч болон парламентаа дөрвөн жилийн хугацаатай сонгодог. Ерөнхийлөгч нь дээд удирдагчийн зөвшөөрсөн хүрээнд өдөр тутмын бодлогыг хэрэгжүүлэх засгийн газрыг томилдог юм.

Ираны Исламын Бүгд Найрамдах Улс байгуулагдсан эхний жилүүдэд иргэд сонгуульд идэвхтэй оролцдог байсан. Гэвч Харуулын зөвлөл нэр дэвшигчдийг хязгаарлаж, 2009 онд сонгуулийн үр дүн маргаан дагуулж, мөн сонгогдоогүй албан тушаалтнуудын эрх мэдэл хэт ихэссэн зэрэг асуудлаас болж иранчууд сонгуулийн тогтолцоонд итгэх итгэл нь буурчээ.

Ираны 2024 онд сонгуулиар төвийг сахигч гэгддэг Ерөнхийлөгч Масуд Пезешкиан ялалт байгуулсан. Израил мэдэгдэл хийхдээ бямба гарагийн цохилтоор Пезешкианыг ч мөн онилсон гэсэн юм. Одоогийн байдлын талаар тэр цохилтод өртсөн эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монгол дахь америкийн элчинг дуудаж загнаач. Иранд халдан довтолж буй Америкийн цэргийг дайнаа зогсоохгүй бол Монголд байгаа америкийн элчин сайдын яамыг хаах хэрэгтэй.

Зочин
Зочин

Ираны сургуулийн хэдэн зуун хүүхэдийг алсан мэдээг бас тэнцвэртэй явуулах ёстой. Америкаас бусад хүмүүсийн амь ч гэсэн үнэтэй.

Зочин
Зочин

Цөмийн зэвсэгтэй хойд солонгост довтолж чадахгүй Америк. Цаашид бүх улс цөмийн зэвсэгтэй болох гэж зүтгэхээс өөр замгүй боллоо. Улаанбаатарт байгаа монголын удирдагч нэртэй Хүрэлсүх мэтэд үүнийг ойлгох хугацаа бага болжээ.

Бат
Бат

Бандгар бацаан бас цор цор хийгээд /Орос ахын хормой дороос/, Анкл Сэм авгаасаа алган боов хүртэх гээд бөгс нь загатнаад бна уу да.

Холбоотой мэдээ

Back to top button