Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Японы Хоккайдо муж хэрчихэд нулимс гаргадаггүй сонгины ургацаа тав дахин нэмэхээр зорьж байна

Хэрчихэд нулимс гаргадаггүй, түүхийгээр нь идэхэд гашуун амтгүй, усанд хийлгүй шууд салатанд хэрэглэж болдог нэгэн төрлийн сонгиныг Японы Хоккайдо мужид тарьж байна.

Токиод төвтэй хүнсний том компани сонгины өнгө өөрчлөгдөх явцыг судалж байхдаа энэ сортын сонгиныг гаргаж авсан аж. Тус сонгины хэрэглээ Хоккайдод маш хурдацтай дэлгэрч байна. 2015 онд анх худалдаанд гарснаасаа хойш хүмүүст их таалагдсан тул Хоккайдо дахь фермерүүд 2029 он гэхэд ургацыг нь 1000 тоннд хүргэхээр төлөвлөж байгаа аж. Энэ нь одоогийн борлуулалтаас тав дахин их хэмжээ юм.

Смайл болл гэж фермерүүд нэрлэсэн энэхүү сортын сонгино "House Foods Group" компани 2012 онд бүтээжээ. Анх хэрчихэд нулимс гардаггүй сортын сонгины тухай санаа нь 1990-ээд онд гарсан байна. Карри хийх явцад сонгино болон саримсыг хамт хуурах үед ногоон өнгөтэй болдог. Яагаад ийм химийн урвал явагдаж, өнгө нь өөрчлөгдөж байгааг мэдэхийн тулд “House Foods Group” сонгиныг нарийн судалжээ. Судалгааны үеэр сонгиныг гашуун болгодог ферментийг шинээр нээсэн байна. Мэргэжилтнүүд тэрхүү эрдэм шинжилгээний ажлаа 2002 онд Их Британийн шинжлэх ухааны "Nature" сэтгүүлд нийтэлжээ.

Үүний дараа судалгаа үргэлжилж, сонгиныг гашуун болгодог химийн урвал хэрхэн явагддагийг тодорхойлсон аж. Хэрэв энэ урвалыг зогсоож чадвал гашуун биш сонгино гаргаж авч болно гэж мэргэжилтнүүд таамаглажээ. Тэгээд шинэ сорт гаргахаар ажиллаж, 2012 онд амжилтад хүрсэн байна. 2013 онд энэ судалгаагаараа тэд химийн салбарт “Ig Nobel” хүртжээ. “Ig Nobel” гэдэг нь олон нийтэд шинжлэх ухааны мэдлэгийг дэлгэрүүлэх зорилготой жил болгон хачирхалтай нээлтүүдэд өгдөг шагнал юм.

"House Foods Group"-ийн мэдээлснээр, Смайл Болл сонгины гашуун амтыг гаргах гэж усанд соох шаардлагагүй аж. Тийм болохоор ресторанууд энэхүү сортыг ашиглан бэлэн салат хийхэд маш амар байх юм. Мөн усанд хийж гашуун амтыг гаргах шаардлагагүй учраас усанд уусдаг шим тэжээлтэй бодисууд нь дотроо хадгалагдаж үлддэг давуу талтай.

Смайл Боллыг гаргаж багт 20 гаруй жил ажилласан Норияа Масамүра "Сонгиноо 5-аас 7 миллиметр зузаантай хэрчээд, бага зэрэг давс, хатаасан ургамал, оливын тосоор амтлаарай. Тэгвэл чихэрлэг амт нь мэдрэгдэнэ. Ингэж шараад цагаан дарстай хамт хэрэглэвэл төгс зохицно. Бас түүхийгээр нь зузаан хэрчиж идэхийг би хүмүүст зөвлөх дуртай" гэжээ

Смайл Болл сонгино нь зөвхөн хойд өргөргийн 41 хэмээс хойд зүгт ургадаг тул Хоккайдо арал гол тариалангийн бүс нь болжээ. “House Foods Group” компани Күрияама хот болон бусад газрын тариаланчидтай гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Тэд 2023 онд 48 тонн, 2024 онд 124 тонн сонгино борлуулжээ. Сүүлийн жилүүдэд “House Foods Group” халуун болон ган гачигт тэсвэртэй тариалангийн талбай хөгжүүлэх, сортыг улам сайжруулахад анхаарч байна. Энэ жил тэд ургацаа 180 тонн хүргэх зорилго тавьсан аж.

2015 оноос хойш Смайл Болл тарьж байгаа тариаланч Тамоцү Нишино "Хэрэглэгчид дахиад авмаар байна бас илүү ихийг авъя гэж хэлэх нь надад маш их урам өгдөг. Масамүра болон түүний багийнхан тариалалтын нарийн мэдээлэл, зөвлөгөө өгдөг нь надад их тус болсон" гэжээ.

Эх сурвалж: Mainichi Shimbun

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button