Э.Батмагнайг давсан сумын заан Б.Баасантогтох: Амьдралаа хойш тавиад сайн бөх болохын төлөө хичээнэ
Өнгөрсөн амралтын өдөр бөхийн өргөөнд болсон "Эх орончдын өдөр"-т зориулсан барилдааны нэгийн даваанд Улсын арслан Э.Батмагнайг давж шуугиан тарьсан Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат сумын заан Б.Баасантогтохтой ярилцлаа. Тэрбээр 2023 онд Чандмань сумандаа түрүүлж сумын заан цол хүртсэн бөгөөд дараа жил нь үзүүрлэж байсан юм.
Б.Баасантогтох Монгол бөхийн өргөөний хамгаалалтын ажилтнаар хоёр жил гаруй ажиллаж байгаа нэгэн. Түүний хувьд "Эх орончдын өдөр"-т зориулсан барилдаанд 290-т эрэмбэлэгдэж байсан бөгөөд тус барилдаанд 256 бөх барилдах ёстой байсан. Гэтэл түүний өмнөх бөхчүүд ирээгүй улмаас улсын арслан Э.Батмагнайтай учраа тааран барилдаж өвдөг шороодуулсан. Түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
-Анх хэрхэн бөхтэй холбогдов, яагаад бөх больё гэж шийдсэн тухай яриагаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо?
-Миний бага нас хөдөө, морины уяан дээр үеийн хүүхдүүдтэйгээ барилдаж, ноцолдож өссөн. Багийн л барилдах дуртай, бөхөд хайртай хүүхэд байсан. Хөдөө адуу, мал адгуулж өссөн учраас тэгж төлөвшсөн байх. Улмаар бөхөөр хичээллэхээр 2019 онд "Аварга" дээд сургуулийн лицей буюу ахлах ангид суралцахаар ирсэн. Яг 12-р ангиа төгсдөг жил цар тахлын үе таараад бөхийн спортоо завсарлаж их сургуульд суралцаж чадалгүй хөдөө малаа адгуулж хариулж аав, ээждээ дэм тус болж хоёр жилийг өнгөрөөсөн. Цар тахлын дараагаар буюу 2022 оноос эхлэн эргээд үндэсний бөхөөр идэвхтэй бэлтгэлээ хийж эхэлсэн. Багаасаа дурлаж байсан спорт учраас орхиж чадахгүй юм байна лээ.
-Эгэл жирийн хөдөөгийн хүүхдүүдийн адил адуу малаа адгуулж хүүхэд насаа өнгөрөөсөн байх нь. Эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Айлын хамгийн том хүү, нэг эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Тийм учраас адуу, мал хураах гэх мэт хүнд хүчир ажлыг багаасаа хийж сурсан л даа. Энэ нь бие бялдрын хөгжил зэрэгт нөлөө үзүүлсэн байх гэж боддог. Монгол хүн болж, тал нутагтаа мэндэлсэн учраас өмссөн дээлээ урагдтал үеийн залуустай барилдаж, ноцолдож л өссөн. Тиймээс малчин айлын ууган хүү болж мэндэлсэн хувь заяандаа талархаж явдаг.
-2022 оноос бөхийн бэлтгэлээ эрчимжүүлж, багийн хүсэл мөрөөдлөө орхиж чадалгүй эргэн ирсэн байна. Тухайн үед ямар багшийг зорин ирж байв?
-Дорнод аймгийн харьяат улсын заан Д.Анар, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат аймгийн начин Б.Улаалзгана гэж сайхан хүчтэн дээр ирж бэлтгэлээ базааж эхэлсэн.
-Анхны юм бүхэн хүний сэтгэлд том томруун үлддэг шүү дээ. Зодог өмсөж барилдаж байсан наадмынхаа тухай эргэн дурсаж яривал?
-Ургийн баярт зориулсан барилдаанд гарч барилдаж байсан. Тухайн үедээ бөхөөр барилдвал цаашдаа болохоор юм шиг санагдаж, их урам авсан.
-Тухайн үед хэдэн настай байсан бэ?
-14, 15 настай байсан санагддаг.
-Яг үнэндээ арсланг давна гэж бодоогүй, удаан барилдахыг хичээж гарсан-

-Төрж өссөн сумынхаа буюу Говь-Алтай аймгийн Чандмань сумын наадамд түрүүлж заан цол хүртсэн, 2023 онд шүү дээ. Бөх хүнд цол авсан тухайн жилийн наадам мэдээж хамгийн сайхан нь байх. Тэр үеийн наадмын талаар яривал?
-Цол авсан наадам мэдээж сайхан байлгүй яах вэ, санаанаас одоо хэр нь гардаггүй. Тэр жилийн наадмаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат аймгийн начин Б.Улаалзгана багш дээрээ бэлтгэлээ базааж байгаад барилдсан. Миний хамгийн сайхан наадам гэвэл тэр жилийн наадмыг хэлнэ. Тухайн жил 20 гаруй сумын заанууд барилдсан байх тэдэн дундаас түрүүлж цолтон болсондоо баярладаг. Сумын заан н.Дашзэвэг гэж нутгийн ахтайгаа түрүү булаалдаж заан болсон. Монгол хүн болж төрснийх өөрийн төрж өссөн нутагтаа заан цол авах сайхан мэдрэмж байсан, бөөн баяр болсон доо.
-Дараа жил нь буюу 2024 оны наадмаар мөн сумынхаа наадамд үзүүрлэсэн байдаг?
-Ууг нь түрүүлж, цолоо батлах зорилготой очсон. Тухайн үед жаахан бэртэлтэй байж таарсан болоод ч тэр үү хүссэнээрээ барилдаж чадаагүй. 2024 онд нутгийн 100 жил тохиож байсан учраас бэлтгэлээ ч шамдаж хийсэн. Ер нь дажгүй сайн байсан л даа тэр зун. Харамсалтай нь үзүүр түрүүний барилдаанд хөлөө алдаж унасан.
-Энэ хүн шиг бөх болно гэж үлгэрлэсэн бөх байгаа байх?
-Улсын аварга П.Бүрэнтөгсийг хүүхэд байхаасаа дэмжиж, барилдаан бүрийг нь үзэж өссөн. Хувь хүний хувьд ч тэр, бөх аварга хүний хувьд ч үлгэрлэж, хүндэлмээр хүн. Бас үеийн арслан Э.Батмагнайг дэмжиж барилдаан, мэх бүрийг нь хардаг. Нэг ёсондоо шүтэн бишрэгч нь юм уу даа.
-Саяхан болсон "Эх орончдын өдөр"-т зориулсан барилдааны нэгийн даваанд үеийн том цолтон, дэмждэг хүнтэйгээ тааран барилдаж давж шуугиан тарьсан. Тус барилдааны тухай танаас асуухгүй байж болохгүй байх?
-Э.Батмагнай арслантай таарснаа мэдээд уналгүй тэсэж удаан барилдаан гаргая гэж бодсон. Яг үнэндээ арсланг давна, хаяна гэсэн бодол байгаагүй. Сумын заанууд чинь эрэмбэ бага учраас өргөөний 128 бөхийн барилдаанд багтаж чаддаггүй. 256 бөхийн барилдаанд ч тэр төдийлөн багтаад байдаггүй. Саяхан 256 бөхийн нэг болж барилдах боломж олдсон тэр тусмаа төрийн наадмын түрүү бөх, өмнөх хоёр өдөр нь дараалан түрүүлээд байсан арслантайгаа сайхан барилдаж хийморио сэргээх аз завшаан тохиолоо гээд баярласан. Нэг мэдсэн дээр нь унаж байсан.
-Араар нь хашиж мордох мэхээр давсан харагдсан. Тухайн мэхийг өмнө давтаж байв уу, таны хийдэг мэх үү?
-Бэлтгэл дээр өрсөлдөгч бөх дутуу мэх хийвэл хариулах маягаар байнгын давтдаг. Тухайн үед миний аз ёондоо, арслангийн хөлийн гишгэгдэл таараад давсан. Тухайн барилдаанд 256 бөх барилдах ёстой байтал миний нэр 290 дээр эрэмбэтэй байсан. Энэ удаагийн барилдаанд багтаж чадахгүй юм байна гэж бодтол миний өмнө байсан бөхчүүд ирээгүй учраас гарч барилдах боломж олдсон.
-Хоёрын даваанд О.Хангай аваргатай барилдсан. Төрийн наадмын түрүү бөхийг өмнөх даваанд өвдөг шороодуулчихсан учир өөртэй итгэлтэй, шийдсэн мэх бодож гарсан уу. Өөр улсын цолтой ямар бөхчүүдтэй барилдаж байв?
-Улсын аварга О.Хангайтай хоёр дах удаагаа таарч барилдаж хийморио сэргээсэн. Азаар Э.Батмагнай арсланг давсан учир О.Хангай аваргыг хаях итгэлгүй байсан. Шийдсэн мэхээ хийж чадалгүй аваргын гарын үзүүрт унасан даа. Өмнө нь Говь-Алтай аймгийнхаа 100 жилийн ойн барилдааны нэгийн даваанд таарч барилдаж байсан. Мөн Архангай аймгийн харьяат улсын арслан Р.Пүрэвдагва, Хөвсгөл аймгийн харьяат улсын начин Ч.Батчулуун зэрэг сайхан бөхчүүдийн сэнжигнээс барьж үзсэн.
-Бөх бүхэн өөрийн биеийн онцлог, барилдаанд тохирсон дархан мэхтэй байдаг. Тань тухайд ямар мэхийг түлхүү хийдэг вэ?
-Багш нар намайг урт учраас "мордох" мэх хийж бай гэдэг. Ер нь бөхчүүдтэй тулж, золгосон барьцад хүрч барилдах дуртай. Хааяа боломж нь таарвал "шахаж татах" мэх хийдэг, заримдаа чадалгүй өөрөө уначихдаг юм. Залуу хүн учраас барилдааныхаа алдаан дээр өдөр бүр ажиллаж байгаа.
-Өдөрт хэдэн удаа бэлтгэл хийж байна. Үндэсний бөхөөс өөр спортын төрлөөр хичээллэж байна уу?
-Дийлэнхдээ өдөрт хоёр бэлтгэл хийж байна. Үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн бэлтгэлийг МУГД Б.Баяраа багшийн удирдлага дор "Аварга" дээд сургууль дээр хийдэг. Үндэсний бөхийн бэлтгэлээ Говь-Алтай аймгийн харьяат Улсын гарди Н.Ганбаатар багшийн удирдлага дор хийж байна. Чөлөөт бөхийн бэлтгэл хийснээр уян хатан чанар нэмэгддэг. Их спорт өөрөө олон талын ач тустай л даа. Миний хувьд бэртэлээс болоод цаг хугацаа алдсан учраас өөрийгөө шахаж ачаалалтай бэлтгэл хийдэг. Заримдаа бэлтгэл цөмөрч доогуур унах тохиолдол байдаг.
-Бөхийн өргөөнд болдог сумын заануудын барилдаанд та барилдаж байгаа харагддаг. Тогтмол хоёр давдаг шүү дээ?
- Сүүлийн барилдаанд хоёр даваад гурвын даваанд Увсын харьяат сумын заанд унасан. Ер нь тогтмол хоёр даваад гурвын даваанд унаад байгаа. Цаашдаа улам илүү хичээж сайн барилдана.
-Э.Батмагнай арслангаас өөр улсын цолтой бөх хаяж байв уу. Аймгийн цолтой бөхчүүдээс хэнийг давж байсан бэ?
-Анх удаа улсын цолтой бөх хаясан нь Э.Батмагнай арслан. Аймгийн цолтой гэвэл харцага С.Дамдин ахыг давж байсан. Заан цолоо аваад удаагүй байхдаа давж байсан шүү.
-Бэртэх байсан бол яах гэж бэлтгэл хийвээ гэж шантрах үе олон байсан-

-Залуус үндэсний бөхөөр хичээллэх нь ихэссэн байна. Энэ спортод бүхнээ зориулаад аж амьдралаа хойш тавьж бэлтгэлдээ цаг зарцуулж байгаа залууст хүндрэлтэй зүйлс цөөнгүй байдаг байх?
-Нэгэнт зорьсон бол аж, амьдралаа түр хойш тавиад хичээгээд үзье гэж шийдсэн. Олон залуус ч тэгж бодсон байх. Бэлтгэл таслалгүй, тууштай явахад ар амьдралын нөхцөл байдал мэдээж хүндрэлтэй.
-Бөхчүүдэд бэлтгэл хийх нөхцөлөөр нь хангаж туслах ААН-үүд чухал байдаг. Тэр тусмаа сумын цолтой болон залуу бөхчүүдэд. Таны хувьд ТЭЦ-4 нэр дээр барилддаг мэдээлэл байсан?
-Залуу бөхийн барилдаан болж байхад ТЭЦ-4 нэр дээр барилдах таван хүн хэрэгтэй байна гээд би гарч барилдаж байсан юм. Гарын даа дээр очоод хэлэхдээ ТЭЦ-4 гэсэн учраас тийм мэдээлэл гарсан байх. Албан ёсоор нэр дээр нь барилддаг зүйл байхгүй. Санаандгүй байдлаар тийм зүйл болсон. Ивээн тэтгэдэг ААН, хувь хүн байхгүй аав, ээжээсээ болгоод л явж байна.
-Бөхийн өргөөнд хамгаалагчын ажилтан гэж сонссон?
-Сумын заан учраас бэлтгэлийн хажуугаар орлого олж, ажил хийх хэрэгтэй. Тиймээс хийморь шингэсэн Монгол бөхийн өргөөнд хамгаалалтын ажилтан болоод хоёр жил гаран болж байгаа. МҮБХ-ноос зохион байгуулдаг бүх барилдааны аюулгүй байдлын ханган ажилладаг гэсэн үг. Бөхийн өргөөнд ажилладаг учир улсын цолтой бөхчүүдтэй их ойр. Тэднээс суралцах, өөртөө хэвшүүлэх олон зүйл бий. Боломжоороо өөрийн чадах зүйлээ л хийж байна даа. Ер нь ар гэртээ санаа зовох зүйлгүй, гэр бүл нь ойлгодог, ивээн тэтгэдэг ААН-үүд байж л амжилт гардаг гэж боддог.
-Үндэсний бөхөөр хичээллэхийн давуу тал олон байх. Бас шантармаар байсан уу?
-Наандаж эрүүл чийрэг, зөв бие галбиртай болно. Хувь хүний хүмүүжил, төлөвшил сайтай болох зэрэг олон давуу тал бий. Бэртэл гэмтэлээс болоод шантрах үеүд олон байсан. Бэртэх байсан бол яах гэж олон цагийн бэлтгэлийг өөрийгөө зовоож хийсэн юм бэ гэж бодох үеүд бий. Бэртэл гэмтэл бол тамирчин хүний том дайсан.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Батмагнайг давж чадаж байхад бусад нь юухан байх вэ бэлтгэлээ эрчимтэй хий улсын цолонд ойрхон байна даа.
Алдаатай бичих нь энэ жэнзи үеийн бараг нэг онцлог нь юм биш үү
Говь-Алтай аймгийн Чандмань сумын Сумын заан Б.Баасантогтоход улам их амжилт хүсье! Гэхдээ бичээч Б.Лувсанпэрэнлэйд хэлэхгүй өнгөрч боломгүй үг үсгийн алдаа энэ ярилцлагад чинь байна. Жишээ нь: ... "морины УЯА дээр" гэснийг морины УЯАН дээр, "тиймээс МАЛЧИД айлын ууган хүү" гэснийг МАЛЧИН айлын ууган хүү, "түрүү БӨХИЙН өмнөх даваанд өвдөг шороодуулчихсан" гэснийг түрүү БӨХИЙГ өмнөх даваанд өвдөг шороодуулчихсан, "ӨМНӨ Говь-Алтай аймгийнхаа 100 жилийн ойн барилдааны нэгийн даваанд таарч барилдаж байсан" гэснийг ӨМНӨ нь ... , " ... барилдааныхаа АЛДАА НЬ дээр" гэснийг барилдааныхаа АЛДААН дээр, "аюулгүй БАЙДЛЫН ханган ажилладаг" гэснийг аюулгүй БАЙДЛЫГ ханган ажилладаг, "Бөхийн ӨРГӨӨН ажилладаг учир" гэснийг Бөхийн ӨРГӨӨНД ажилладаг учир хэмээн тус тус залруулж уншлаа. Бичсэн зүйлээ эргэн нягтлан харж алдаа мадаггүй бичдэг болох шаардлагатай байна. Уншихад төвөгтэй юм.
Ene Baasantogtoh gej zaluu uneheer sonirholtoi tuuhtei yum baina shu hamgaalalt hiideg hun baij baigaad ulsiin arslang davna gedeg bol mongol buhiin hamgiin goyo tal ene bh zarimdaa tom tsoltoi bish zurh setgeltei hun yalna
Оюутны гудамжинд байх Big Mall каргоны газрын дэргэд өглөө бүр 4883УБО дугаартай машинтай эр зогсож байх бөгөөд сургуульдаа ирж байгаа оюутан, сурагч охидыг ажиглаж суугаа мэт сэжигтэй харагддаг. Шалгадаг хүмүүс нь шалгаарай даа.
хөдөлмөрч айлын хүүхэд юм байна гэж бодогдлоо мал маллаж өссөн хүүхдүүд бие бялдар тэсвэр хатуужлаараа үнэхээр өөр байдаг нь бөх дээр хүртэл харагддаг юм байна
Ene chin harin jinhene mongol buh shig sanagdaj bn tom sponsor baihgui aav eejeesee bolgood yavj bga geheer uneheer hudulmurch hun yum shig haragdaj bn iim humuusiig l demjih heregtei
Хамгаалалтын ажил хийдэг залуу барилдаанд орж арсланг давсан гэдэг бол кино шиг түүх байна даа үнэхээр сонин санагдлаа иймэрхүү зүйл л бөхийн барилдааныг сонирхолтой болгодог
Зэрэгцүүлж явсан нь дээр дээ.
Цаанаа маш том артай эм си эсийн допингтой гарыг давжээ. Маш сайн байна.
Гэнэн бна даа, барилдах бол мэргэжил биш, орчин цагийн хэллэгээр зүгээр л хобби. Та гэр бүл, үр хүүхдээ бөхийн шагналаар тэжээнэ гэж бодож бгаа бол эндүүрэл шүү! Нас явж, зүс буурхаар яахын? Сур, боловсролтой бол, бяраар биш, мэдлэг оюунаараа өсч хөгж!
Яг л үнэн дээ, боловсрол хэрэгтэй шүү!
Za yun surjin yum bileedee !? AZ taarch ulsiin arsalang ungaa l biz teglee geed yah ve dee ? Batmagnai dandaa unaad bhgui l bhdaa surjignej suid bolchih yumaa !!!?