ЭДИЙН ЗАСАГ

"Рио Тинто" найр тавьж Г.Занданшатар гэдийв

“Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Саймон Тротт Ерөнхий сайд Г.Занданшатарт захидал илгээжээ. Уг захидалдаа "Оюу Толгой"-н үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой байлгах тал дээр байр сууриа нэгтгэе гэх утгыг илэрхийлсэн байна.

Өөрөөр хэлбэл 2026 оноос “Рио Тинто” групп зэсийн олборлолтоо нэмэгдүүлэх зорилтынхоо хүрээнд энэ салбартаа илүү төвлөрнө гэдгээ өнгөрсөн онд зарласан учраас Монголын Засгийн газартай учраа олъё гэж буй.

2026 оны 1-р сарын 31-нд талуудын хэлэлцээний хугацаа дуссан хэдий ч оны эхний хагас хүртэл талууд хүүгийн зардлыг бууруулах, Монголын эзэмшлийн хувийг нэмэгдүүлэх зэрэг дээр бүрэн санал нэгдэж, шийдэлд хүрэх хүртлээ хэлэлцээ хийнэ гэдгээ мэдэгдсэн.

Сүүлийн хагас жилд “Рио Тинто”-гийн зүгээс “Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар монгол хүн томилж, С.Мөнхсүхийг УИХ-аас байгуулсан Хянан шалгах хорооны хуралд тодорхой байр сууриудыг илэрхийлүүлсэн нь нэг талдаа нөхцөл байдлыг зөөлрүүлсэн гэж болно.

Харин саяхан “Оюу Толгой” компанийн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэнг “Рио Тинто”-гийн Зэсийн группын Монголыг хариуцсан Ерөнхий захирлаар томилсон бөгөөд монгол хүнтэй монгол хүн нь л учраа олно хэмээснийх биз.

Гэхдээ тэдний энэ хандлага нь хоосон горьдлого төдий ч байж болох. “Рио Тинто”-гийн төлөөллүүд буюу Зэсийн группийн захирал Кейти Жаксон Ерөнхий сайдтай уулзах үеэрээ хэлэлцээний гол асуудлаар хэд хэдэн тодорхой саналыг танилцуулсан боловч Монголын талын сонирхлыг бүрэн хангаагүй учир хүлээн авахаас татгалзав.

Хэлэлцээ дунд “Онтрэ” компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор Монголын талын хувь эзэмшил яригдаж буй бөгөөд үүнд “Рио Тинто” одоог хүртэл дорвитой шийдэл танилцуулаагүй гэгдэж буй. “Рио Тинто”-гийн хувьд Гвиней дэх төмрийн хүдрийн уурхайд нь осол гарсны дараа үйл ажиллагаагаа түр зогсоосон зэрэг нөхцөл байдлуудаас үүдэж зэсийн томоохон орд дээрээ хүч хаяхаар төлөвлөж буй энэ үед Монголын талтай боломжит хэлцлийг хийхийн тулд илүү хичээхээс өөр аргагүйд хүрч байна.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Рио тинто гийнхон хүн -мангас Эпштейны тавиулууд. Бүгдийг хөөж гарга,эсвэл монгол хүнээр соль

Батсайхан
Батсайхан

Эх орныхоо эзэн ёсоор шийдэж, говийн усыг маш өндөр үнээр үнэлэх хэрэгтэй байна. Усгүй бол алтаар ч яах билээ. Усныхаа асуудлыг бүрэн шийдээрэй. амжилт

Холбоотой мэдээ

Back to top button