Хэргийн оролцогчид бусдыг зодож, бичлэгээр нь сүрдүүлж, мөнгө нэхдэг байжээ
Цахим орчинд насанд хүрээгүй буюу өсвөр насны хүүхдүүд эмэгтэй сурагчийг зодож, тохуурхаж байгаа видео бичлэг цацагдсан. Тус асуудалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгахад Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын ....-р сургуулийн 11-р ангийн сурагчид тус сургуулийн эмэгтэй сурагчийн биед нь халдаж, зодож улмаар бичлэг хийсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Тухайн үйл явдал энэ сарын 6-ны өдөр болсон бөгөөд хэрэгт холбогдуулан хувийн болон улсын сургуулийн найман сурагчийг шалгаж байгаа аж.
Тухайн хэрэгт холбогдсон сурагчид нь урд өмнө нь дээрхлэлтийн хэрэгт холбогдож байсан бөгөөд гол зохион байгуулсан гэх хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй сурагч байгаа нь илэрчээ. Тэдгээр сурагчид өмнө нь энэ төрлийн буюу бусдыг зодож буй бичлэгийг нь хийж түүгээрээ сүрдүүлж, мөнгө болон бусад төрлийн эд зүйлсийг нэхэн сүрдүүлдэг байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Харин тухайн хэргийн видео бичлэг өчигдөр буюу энэ сарын 9-ны шөнө цахим сүлжээнд тарснаар олон нийтийн анхаарлын төвд орсон юм. Түүнчлэн цахим орчинд тухайн зодуулсан эмэгтэй сурагчийг өсвөр насны хөвгүүдээр хүчирхийлүүлсэн гэх мэдээлэл яваад буй. Тэгвэл "уг мэдээлэл нь худал бөгөөд шалгалтын явцад хүчирхийлсэн болох нь тогтоогдоогүй" гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө.
Өсвөр насны эрэгтэй сурагчийг бахиар хавчиж буй бичлэг нь өөр цаг хугацаанд, өөр газар үйлдэгдсэн бөгөөд нэг бүлэг хүүхдүүд үйлдсэн болох нь тогтоогджээ. Дээрх бүлэг сурагчдын хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн зөрчлийн хуулиар 30 хүртэлх хоног баривчлах шийтгэл оногдуулна. Хэрэв бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан бол гурав хүртэлх жилээр хорих ялтай юм. Харин амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан бол 5-12 жилийн хорих ялаар шийтгэх хуультай.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.