Ираны эсрэг хийж буй дайнд амь үрэгдсэн АНУ-ын цэргийн тоо долоо хүржээ
Пентагон мэдэгдэл хийснээр Ираны эсрэг явуулж буй дайнд амь үрэгдсэн АНУ-ын цэргийн тоо долоо хүрсэн байна. Гуравдугаар сарын 1-нд Иран Саудын Арабын Хунтайж Султан агаарын баазад өгсөн цохилтын улмаас 26 настай түрүүч Бенжамин Н.Пеннигтон хүнд бэртжээ. Тэр бэртлээ даалгүй ням гарагт /2026.03.08/ амьсгал хураасан гэж Пентагон даваа гарагт /2026.03.09/ мэдэгдсэн байна.
АНУ-ын Армийн сансар болно пуужингийн хамгаалалтын командлал (USASMDC) мэдэгдэл хийхдээ “Тэр хайртай эх орныхоо төлөө хамгийн дээд золиосыг гаргалаа. Хүмүүс үргэлж баатар хэмээн дурсах болно. Түүний гэр бүл, найз нөхдөд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлье” гэжээ.
Түрүүч Бенжамин амь үрэгдсэн гэх мэдээллээс өмнө нийтлэгдсэн ярилцлагад АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет хэлэхдээ, дайнд амиа алдагсдын тоо нэмэгдэнэ хэмээсэн байна. Тэр “Цэргүүд бэртэн гэмтэж, амь үрэгдэх тохиолдол гарна гэж ерөнхийлөгч хэлсэн нь учиртай. Иймэрхүү зүйл хохирогчгүйгээр өрнөдөггүй. Илүү олон хохирогч гарна” гэсэн юм.
Трамп дайн эхлэх үед хэлсэн үг нь хүмүүсийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн. Тэр ““Америкийн зоригт баатрууд амь насаа алдаж магадгүй. Дайнд тийм зүйл их тохиолддог” гэж хэлсэн юм. Түүний үгийг америкчууд “Shrek 1” дээр гардаг Фаркуаад хаан “Та бүхний зарим нь амь үрэгдэж магадгүй. Гэхдээ би энэ золиосыг гаргахад бэлэн байна” гэж хэлдэгтэй зүйрлэсэн билээ.
Эх сурвалж: The Guardian








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.