Гадаад мэдээДЭЛХИЙ

Европ дэлхийн хамгийн том зэвсгийн импортлогч болжээ

Дэлхийн даяар нөхцөл байдал хурцдаж байгаа тул зэвсгийн худалдаа эрчимтэй өсөж байна. Стокхолмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн (SIPRI) шинэ тайланд дурдсанаар, сүүлийн таван жилд дэлхийн зэвсгийн нийлүүлэлт өмнөх таван жилтэй харьцуулахад 10 хувиар өсжээ.

1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр коммунизм нуран унаж, Хүйтэн дайн дууссаны дараа зэвсгийн худалдаа 30 орчим хувиар буурсан байдаг. Харин одоо зэвсгийн худалдааны хэмжээ буцаад 1989 оны үеийн түвшинд ирэв.

Тус тайлангаас харвал Европ зэвсгийн хамгийн том импортлогч бүс болжээ. Харин 2016-2020 оны хооронд Ази-Номхон далайн бүс нутаг (нийт импортын 42 хувь), Ойрхи Дорнод (32 хувь) тэргүүлж байсан юм. Тухайн үед Европ нийт зэвсгийн импортын 12 хувийг хийж гуравт жагсдаг байжээ.

Европ тэр үеэс хойш зэвсгийн импортоо гурав дахин нэмэгдүүлжээ. Тодруулбал 2025 онд Европын дэлхийн нийт зэвсгийн импортын 33 хувийг хийсэн байна. Европын араас Ази-Номхон далайн бүс (31 хувь), Ойрхи Дорнод (26 хувь) импортоороо жагссан юм.

“SIPRI”-ийн судалгааг хамтран бичсэн Мэтью Жорж "Европын орнууд руу чиглэсэн зэвсгийн урсгал огцом нэмэгдсэн нь дэлхийн зэр зэвсгийн худалдааг бараг 10 хувиар өсгөлөө" гэжээ.

2022 онд ОХУ Украин руу довтолж дайн эхлүүлсэн нь Европ зэвсгийн худалдан авалт нэмэгдүүлэх гол шалтгаан болсон. Жорж энэ талаар ярихдаа "Европын ихэнх улс орнууд ОХУ-аас ирж буй аюул заналхийллийн эсрэг цэргийн хүчин чадлаа бэхжүүлэхийн тулд зэвсэг ихээр импортолж эхэлсэн" гэсэн юм.

“SIPRI”-ийн мэдээлснээр, 2025 онд АНУ-аас Украинд нийлүүлсэн зэвсгийн хэмжээ өмнөх хоёр жилтэй харьцуулахад мэдэгдэхүйц буурчээ.

Зургийн эх сурвалж: Wilson Center

Доналд Трамп Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш Киевт үзүүлэх цэргийн тусламжаа багасгасан. Хэрэв Европын Холбооны орнууд, Австрали эсвэл Канад зэрэг Украины холбоотнууд АНУ-аас худалдан авсан зэвсгээ Украин руу илгээснийг “SIPRI” үүнийг АНУ-аас Украинд хийсэн экспорт гэж тооцдог. Гэсэн ч АНУ-аас Украин руу нийлүүлэх зэвсгийн хэмжээ буурсан гэх тооцоолол гарчээ.

Европ дахь зэвсгийн импортын өсөлтийн цорын ганц шалтгаан нь Украин байхаа больсон байна. ОХУ-аас үзүүлж буй аюул занал болон Трампын Европын орнуудад үзүүлж буй шахалтаас болж НАТО-гийн гишүүн орнуудын зэвсгийн эрэлт нэмэгджээ. “SIPRI”-ийн тайланд дурдсанаар, НАТО-гийн Европ дахь 29 гишүүний зэвсгийн импорт 2021-2025 оны хооронд өмнөх таван жилтэй (2016-2021) харьцуулахад 143 хувиар өссөн байна.

Украин болон Беларусьтай хиллэдэг Польш НАТО-гийн Европ дахь гишүүд дундаас хамгийн том зэвсэг импортлогч болжээ. Тус улс Европын зэвсгийн нийт импортын 17 хувийг эзэлж байна. Энэ нь дэлхийн нийт зэвсгийн импортын 3.6 хувь юм. Польшийн зэвсгийн импорт 2021-2025 оны хооронд өмнөх таван жилтэй харьцуулахад 852 хувиар өссөн байна.

2025 оноос хойш зэвсгийн нийлүүлэлт буурсан ч АНУ Украинд зэвсэг нийлүүлэгч хамгийн чухал орон хэвээр байна. Харин хоёр дахь хамгийн чухал нийлүүлэгч нь Өмнөд Солонгос байсан юм. Герман Украинд их хэмжээгээр зэвсэг нийлүүлж эхэлснээр дэлхийн дөрөв дэх том зэвсэг экспортлогч болж, БНХАУ-ыг гүйцжээ.

Эх сурвалж: DW

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button