Хууль

Хувийн нэмэлт тэтгэвэрийн тухай: 5-10 жил, мөн насан туршдаа тэтгэвэр авах боломж бүрдэнэ

Монгол Улсын Засгийн газраас тэтгэврийн тогтолцоог олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх шинэчлэлийн хүрээнд "Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл"-ийг боловсруулан олон нийтээр хэлэлцүүлж байна.

Уг хууль батлагдсанаар иргэд зөвхөн улсын тэтгэврээс гадна ажил хөдөлмөр эрхлэх хугацаандаа нэмэлт хуримтлал үүсгэх эрх зүйн орчин бүрдэх юм.

Хувийн тэтгэврийн хуримтлалд хамрагдах иргэдийн оролцоо нэмэгдэж байгаа хэдий ч Монгол Улсад энэхүү харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Энэ нь хувийн тэтгэврийн тогтолцоонд хамрагдаж байгаа иргэдийн эрх зөрчигдөх эрсдэлтэй байна. Өнөөгийн байдлаар 135.7 мянган хүн тэтгэврийн хуримтлал санал болгож буй даатгалын болон тэтгэврийн санд хамрагдаж, нийт хуримтлал 63.4 тэрбум төгрөгийн хуримтлалыг бий болгоод байна.

Хүн амын насжилт, дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэй хөдөлмөр эрхлэх хугацаа уртсаж, иргэд хөдөлмөрлөн, цалин орлоготой байх үедээ бүрэн хуримтлал бүхий хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоонд сайн дурын үндсэн дээр хамрагдах, ирээдүйд зөвхөн улсын тэтгэврийн даатгалын сангаас гадна, олон эх үүсвэрээс тэтгэвэр авах сонирхолтой байна.

Иймд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг холбогдох талуудын оролцоог ханган боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. Ингэснээр Монгол Улс бусад улс орнуудын адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих юм.

Хууль батлагдсанаар,

  • Хувийн тэтгэврийн тухай хууль батлагдсанаар ажил олгогчид хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлж, ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
  • Түүнчлэн даатгал, тэтгэврийн сангуудын хөрөнгийн хэмжээ өсөж, урт хугацааны дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдсэнээр санхүүгийн зах зээлийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлнэ.
  • Иргэд хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлалаасаа өөрөө сонгож, нэг удаа, 5-10 жилийн хугацаанд, мөн насан туршдаа тэтгэвэр авах боломжтой болно.
  • Мөн иргэн тэтгэврийн наснаас өмнө хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэвэр тогтоолгох эрхтэй бөгөөд нас барсан бол тэтгэврийн хуримтлалаа өвлүүлэх боломжтой.

Өнөөгийн тэтгэврийн тогтолцоо нь "хуваарилалтын" (PAYG - Pay-As-You-Go) зарчим буюу "Эв санааны нэгдэл"-ийн зарчим дээр тулгуурлаж байгаа нь хүн ам зүйн өөрчлөлт болон санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж буй юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Насаараа ажил хийж үзээгүй, НДШ төлөөгүй хүнд халамжийн тэтгэвэр өгдөг нь маш буруу. Капиталист нийгэмд хэн шимтгэл төлсөн нь тэтгэвэр авах ёстой, төлөөгүй бол авах ёсгүй.

Back to top button