Биологич, ландшафтын экологич Торстен Хардер: Хэрэв Монгол цэвдгээ алдвал ой модны нөөцийнхөө бараг 50 хувийг алдана
“Германы олон улсын хамтын ажиллагаа нийгэмлэг“-ийн Биологийн олон янз байдлын ахлах зөвлөх,биологич ландшафтын экологич Торстен Хардер-тай уулзаж, ярилцлаа.
-Та 2024 онд “Монголын эко системд нүүрлэж буй сүйрлийн аюул” нэртэй судалгааны материалаа нийтлүүлсэн нь багагүй шуугиан тарьсан. Хэдий хэр хугацаанд хийгдсэн, ямар асуудлыг хөндсөн судалгаа байсан талаар та хуваалцаач?
-Тус судалгааг 2019 оноос хийж эхэлсэн. Би Монгол Улсад зургаан жил амьдарч байна. Эхний гурван жил хөдөө их явж, Монгол орны өнцөг булан бүрд очсон гэж хэлж болно. Тэгэж явахдаа харсан зүйл маань намайг маш их цочирдуулсан л даа. Учир нь би Монголд ирэхээсээ өмнө Төв Азийн улс тухайлбал Киргизстан, Казахстанд 15 жил амьдарсан. Эдгээр орны экосистем Монгол орныхтой нэлээд төстэй. Гэвч Монголд харсан зүйл үнэхээр халаглам санагдсан. Монгол орны газар нутгийн байгалийн төрх бараг бүхэлдээ хэт ашиглалтад өртсөн байлаа. Ялангуяа тал хээр, ойт хээр, цөлөрхөг хээрийн бүсийн экосистемд сүйрэх эрсдэл бодитоор нүүрлээд байна.
Үүний шалтгаан нь өвс ургамал багассантай холбоотой асуудал биш юм. Харин тухайн экосистемд огт өөр үүрэгтэй, ургамлын зүйлүүд давамгайлах болсонтой холбоотой. Тэдгээр нь бэлчээрийн хогийн ургамал бөгөөд байгалийн олон янз байдалд шаардлагатай ус болон хөрсийг тогтоон барих чадваргүй байдаг. Өөрөөр хэлбэл тухайн экосистемийн ус, хөрс алдагдаж цаашид өөрөө өөрийгөө нөхөөн сэргээх, тэсвэрлэх чанар нь үгүй болж буй гэсэн үг. Тиймдээ ч энэ судалгааны ажлын үр дүн шуугиан тарьсан болов уу
-Таны эдгээр ажиглалт, туршлагууд дундаас Монголтой холбоотойгоор хамгийн их гайхшрал төрүүлсэн асуудал юу байсан бэ?
-Намайг гүн цочирдуулсан зүйл экосистемийн өнөөгийн нөхцөл байдал бөгөөд нэг үгээр бол газрын доройтол, газар нутгийн байгалийн төрх, янз байдлын алдагдал гэж хэлнэ.Үүнийг тайлбарлахын тулд би өнгөрсөн рүү эргэн харах шаардлагатай. Миний багш нар болох профессор Майкл Сүкков, Ханс Кнапп нар 1973 онд 50 гаруй жилийн тэртээ Монгол Улсад анх ирж хөрс, ургамлын судалгаа хийсэн байдаг.
Монголд ирэхээс минь өмнө тэд судалгааныхаа бүх үр дүнг надад өгсөн. Үүний үндсэн дээр би Монгол орны экосистемийн өнгөрсөн үеийн нөхцөл байдлыг өнөөгийн байдалтай харьцуулж судалж эхэлсэн. Үр дүн нь үнэхээр итгэмээргүй муу. Учир нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн 75 гаруй хувь нь тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байна. Үүний гол илрэл нь ургамалан бүрхэвч, ургамлын бүлгэмдэл урьд өмнөхөөс тэс өөр болсон явдал юм. Шинээр түрж орж ирсэн тэдгээр ургамал ирээдүйд бидэнд хэрэгтэй экосистемийн үйлчилгээ ялангуяа нүүдлийн мал аж ахуйд шаардлагатай экосистемийн үүргийг гүйцэтгэх чадвар сул.
-Мал болон бусад амьтад газрын доройтол, мөн зүйлийн тоо буурахад нөлөөлж байгаа гэдгийг би ойлгож байна. Гэхдээ монголчууд мал аж ахуйн уламжлалт арга барилтай, энэ соёлтойгоо гүнзгий холбоотой ард түмэн. Ийм хүчтэй соёлын холбоог харгалзан үзвэл, малын тоо толгойг бууруулах боломж байхгүй шүү дээ?
-Тийм ээ. Сайн асуулт байна, баярлалаа. Мал маллах уламжлалт арга ухаан, нүүдэллэн амьдрах хэв маягийг хадгалж үлдэх нь туйлын чухал. Би үүнтэй бүрэн санал нийлдэг. Гэхдээ бид газар ашиглалтын хэлбэрийг өөрчлөхөөс илүүтэй малын тоо толгойг бууруулахаас өөр аргагүй. Өнгөрснийг эргээд харвал, хагас зуун жилийн өмнө Монгол Улс даяар 22–23 сая орчим толгой мал байжээ. Харин өнөөдөр 40 гаруй сая хонь, 40 сая орчим ямаатай болсон байна. Ялангуяа ямаа экосистемийг хамгийн ихээр доройтуулдаг. Урьд өмнө Монгол Улсад ямаа ийм олон тоогоор байгаагүй юм билээ. Нийт мал сүргийн хэмжээнд ямааны тоо толгой 18 хувиас хэтрэхгүй байх тодорхой хязгаартай байсан.
Харин өнөөдөр ямаа нийт сүргийн 45-аас дээш хувийг эзлэх болсон нь экосистемд ихээхэн дарамт учруулж байна. Тиймээс 100 жилийн өмнөх, үгүй дээ л 60 жилийн өмнөх шиг жинхэнэ нүүдлийн амьдралын хэв маягыг эргэн сэргээх нэн шаардлагатайг ухаарч ойлгох нь маш чухал.Экологийн сүйрэл бидэнд ойрхон байна. Энэ нь түүхэн нөхцөл байдалтай, ялангуяа социализмын үе гэж нэрлэгддэг цаг хугацаатай холбоотой. Тэр үед уламжлалт мэдлэг үлэмж хэмжээгээр алдагдсан. Тэр мэдлэгийг нэн даруй сэргээх шаардлагатай. Монголчуудын өнө эртнээс уламжлагдан ирсэн нүүдэлчин амьдралын хэв маягийг заавал хадгалж үлдэх ёстой. Энэ бол маш чухал асуудал. Монголчууд надаас “Манайд фермийн аж ахуйг хөгжүүлэх нь дээр үү?” гэж их асуудаг. Би “Үгүй. Суурин аж ахуй бол Монголын ирээдүй биш” гэж хариулдаг. Учир нь Монгол орны эрс тэс уур амьсгалын нөхцөлд фермийн аж ахуйг өргөн хүрээнд хөгжүүлэх боломж хязгаарлагдмал байдаг.
-Монголд ямаа хамгийн олон тоотой малын нэг гэдгийг та ч сая хэллээ. Бид малын тоо толгойг мэдэгдэхүйц бууруулах боломж үнэхээр бий гэж үү гэдэг асуултыг би дахиад л давтах хэрэгтэй болох нь. Гэхдээ энэ нь экосистемийг сэргээх, сайжруулах бодлогын арга хэмжээнд илүү анхаарах шаардлагатай харуулж байх шиг?
-Ямаа бараг бүх төрлийн ургамлыг иддэг. Өвс, бут сөөг, модлог ургамал, тэдний үндэс гээд бүхэлд нь иддэг. Зарим тохиолдолд жижиг амьтад, гүрвэл, шавьжийг хүртэл идэж чадна. Би үүнийг Төв Азийн бусад орнуудад ч ажиглаж байсан.
Тиймээс асуудлын гол нь хэрэв бид малын тоог бууруулахгүй юм бол Монгол орны байгаль сэргэх ямар ч боломжгүй болно гэдэгт л асуудал оршиж байна. Ийм нөхцөл үргэлжилбэл 25–30 жилийн дараа Монгол оронд экологийн сүйрэл учирч болзошгүй байна гэдгийг би мөн л давтан хэлэхээс аргагүй.
Бүр тодруулбал Монгол орны мал сүрэг идэш тэжээлгийн хомсдолд орох аюултай. Энэ нь Ази тивд урд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй гамшигт үзэгдэл болох юм. Тиймээс юуны өмнө малынхаа тоо толгойг бууруулахын сацуу нэн ялангуяа ямааны тоог цөөлөх нөхцөлд малчдын амьжиргааг хэрхэх, ямар боломж буйг маш тодорхой харах шаардлагатай. Өмнө нь боломжтой байсан зүйл одоо яагаад боломжгүй гэж.
-Малын бэлчээрлэлтээс гадна хүний үйл ажиллагаа экосистемд хэрхэн нөлөөлж байна гэж та харж байна вэ?
- Хүний байгальд үзүүлж буй хамгийн том нөлөө бол малын бэлчээрийн ашиглалт юм. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Малын тоотолгой одоогийнхоос буураагүй цагт сайхан ирээдүйд хүрэх боломжгүй бөгөөд Монголын газар нутаг, ландшафт буюу байгалийн олон янз байдал, экосистемийг хадгалан дараагийн үедээ өвлүүлэн үлдээхэд улам бүр хүндрэлтэй болно.
-Монголд байгаль орчны чиглэлээр олон судлаач бий. Тэдний судалгааны үр дүн бодлого боловсруулахад хангалттай нөлөөлж чаддаг гэж та бодож байна уу?
-2020 оноос эхлээд би олон эрдэмтэн судлаачидтай уулзсан. Биологийн олон янз байдлын мэргэжилтнүүд, ургамал судлаачид, амьтан судлаачид гээд энэ чиглэлээр ажилладаг судлаач хүмүүстэй ярилцаж, санал солилцсон. Тэднээс “Та нар эрдэмтэн, судлаач хүмүүс. Одоо юу болж буйг мэдэж байгаа биз дээ” гэж асуухад “Тийм ээ, бид мэдэж байгаа” гэж хариулсан. “Мэдэж байгаа бол яагаад Засгийн газарт хэлж анхааруулахгүй байна вэ” гэхэд бүгдээрээ шахуу “Засгийн газар биднийг төдийлөн сонсдоггүй” гэсэн юм. Тиймээс нэн даруй хийх ёстой зүйл бол эрдэмтэн судлаачдын дуу хоолойг бодлого боловсруулагчдад хүргэх явдал юм. Үүний тулд эрдэмтэн судлаачид нэгдэж, хамтран ажиллах хэрэгтэй. Би энд экосистемийн тухай ярьж буй бөгөөд түүнд ургамал, амьтан, мөөг, шавьж гээд маш олон бүрэлдэхүүн багтдаг. Гэвч энэ чухал бүлгүүдийн олонх нь одоогоор хангалттай судлагдаагүй байна.
Монгол Улсад экосистемийн үйл ажиллагаанд хамгийн чухал үүрэгтэй зарим бүлгүүдийн судалгааг хийдэг судлаач байхгүй нь харамсал төрүүлдэг. Тиймээс эдгээр бүх салбарын судлаачдыг хамруулсан бодит, хамтарсан судалгааг эхлүүлэх нь нэн чухал байна. Бид үндэсний эрдэмтэн судлаачдыг нэгтгэж, экосистемийг хөдөлгөгч гол хүчин зүйлс болон хамгийн чухал бүлгүүдийг тодорхойлохыг зорьж буй юм. Үүний сацуу Биологийн олон янз байдал /БОЯБ/-ын стандарт мониторинг хийх удирдамж, бодлого боловсруулагчдад зориулсан зөвлөмж боловсруулах шаардлагатай байна. Бодлого боловсруулагчид шийдвэр гаргахдаа тодорхой мэдээллийн сангийн бодит мэдээнд тулгуурлах нь маш чухал. Харамсалтай нь Монгол Улсад тийм мэдээллийн нэгдсэн сан одоогоор байхгүй байна.

-Та Монголын 21 аймаг, 300 гаруй сумаар явж үзсэн. Энэ хугацаанд бэлчээрийн доройтол хамгийн их явагдсан сумд болон экосистемээ харьцангуй сайн хадгалж чадсан сумдын хооронд хэр их ялгаа ажиглагдсан бэ?
-Үнэнийг хэлэхэд хүний нөлөө огт байхгүй газар би бараг олж хараагүй. Харьцангуй сайн хадгалагдаж үлдсэн бүс, нутаг гэвэл Хөвсгөл, Хэнтийн тайгын бүсийг нэрлэж болно. Тэнд хэт ашиглалт харьцангуй бага, зарим хэсэг нь өнөөг хүртэл нэлэд сайн хадгалагдсан хэвээр байсан.
Харин тал хээрийн болон цөлөрхөг хээрийн бүсэд нөлөө маш их байна. Энэ байдал хөдөө нутагт их тод ажиглагддаг. Нэг удаа би Их газрын чулуу БЦГ-т очсон юм. Тэнд алхаж явахдаа “амьд” ургамал бараг олж хараагүй. Энэ бол тусгай хамгаалалттай газар нутагт хүртэл хүний нөлөө маш их буй бөгөөд бууруулах шаардлагатайг илэрхийлж байна.
-Энэ нь та экосистемээ амжилттай хамгаалж байгаа аймаг, орон нутгийн жишээ бараг хараагүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Үнэндээ би ингэж хариулах дургүй байдаг. Гэвч бодит байдалд улсын тусгай хамгаалалттай олон газар нутаг ч хэт ашиглалт байгаа нь асуудал юм. Ялангуяа зарим хамгаалалттай газар нутаг ойр орчмын газраасаа ч илүү доройтсон байдалтай байгаа нь ажиглагддаг. Мэдээж хэрэг Монгол Улсгазар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилго дэвшүүлсэн нь маш сайн хэрэг. Гэхдээ энэ зорилтоос илүүтэйгээр одоо байгаа тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, хамгаалалтын дэглэмийг илүү үр дүнтэй болгох нь чухал байна.
-Ойлголоо. Ер нь бид бодлогын түвшиндэкосистемийг хамгаалахгүй бол ойрын ирээдүйдюу тохиолдох вэ? Судалгаагаар тодорхой үр дүнгарсан байж болох ч бодит амьдрал дээр ойрынхугацаанд бид юуг мэдэрч эхлэх вэ?
Юун түрүүнд байгалийн ургамлын үр алдагдана. Учирнь зарим ургамал устсан ч тэдний үр хөрсөнд хадгалагдаж байдаг. Гэвч одоо ямааны нөлөөгөөр хөрсний давхарга ихээр эвдэрч байна. Хөрс илгармагц ургамлын үр ч мөн ил гарч, салхинд хийсэж алга болдог. Хэрэв бид ийм байдлаар байгалийн ургамлын үрийг алдсаар байвал экосистем дахин сэргэх ямар ч боломжгүй болно.
Тэр үед мал сүргийг тэндээс бүхэлд нь гаргасан ч экосистем дахин сэргэх боломжгүй гэсэн үг. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийн үндэс суурь алдагдах эрсдэлтэй. Ингэж хэлэх нь хачин сонсогдож магадгүй ч одоогийн газрын ашиглалтын хандлага, зарчмаа өөрчлөхгүй бол 25 жилийн дараа гэхэд мал өвс тэжээлгүй болох магадлалтай. Улмаар мал сүрэг өлсөж хорогдох нь тодорхой.
--Сибирийн бүсэд цэвдэг жил ирэх тусам хайлжбайна гэдэг мэдээг бид уншдаг, сонсдог. Монголд харин хөрсний цэвдгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Монгол орны цэвдэг хайлсаар байгаа ба сүүлийн 40 жил Монгол нийт цэвдгийнхээ бараг 50 хувийгалдсан. Ялангуяа ойт хээрийн бүсэд энэ үзэгдэл илүү ноцтой нөлөөлж байна. Учир нь Монгол орны хойдхэсгээр ой мод зонхилдог бол өмнөд хэсгээр тал, хээрийн бүс нутаг давамгайлдаг ба хэрэв бид цэвдгээ алдвал ой модны нөөцийнхөө бараг 50 хувийг алдах эрсдэлтэй байна.
Энэ сэдвээр олон төрлийн судалгаа хийгдэж байна. Миний хувьд ялангуяа ойт хээрийн бүсийн ой модтой хэсгүүдэд илүү анхаарал хандуулах хэрэгтэй гэжбоддог. Ийм газруудыг аль болох ашиглахгүй, хөндөхгүй байх нь чухал. Учир нь модны бүрхүүл нь цэвдгийг халалтаас хамгаалах чухал үүрэгтэй.Гэхдээ ерөнхийд нь хэлэхэд уур амьсгалын өөрчлөлт аль хэдийн явагдаж байна. Температур ч нэмэгдсээр байгаа. Бидний хийж чадах зүйл бол энэ үйл явцыг аль болох удаашруулах явдал. Бүрэн зогсоох боломжгүй, учир нь энэ бол дэлхий нийтийг хамарсан процесс. Харин энэ өөрчлөлтийг удаашруулах арга замуудыг олж чадвал, ядаж нэг үеийн ой модыг хамгаалж, хадгалж үлдэхэд тодорхой хэмжээгээр тус болж магадгүй юм.
-Ой модыг нэг үеийн турш хадгалах гэдэг нь хэр урт хугацааг хэлж байна вэ? Хэдэн жил гэж ойлгох вэ? Та ойг нэг үеийн турш хадгалах боломжтой гэж дурдсан. Тэгвэл яг хэдэн жил болох вэ?
-Яг тодорхой хэлэхэд хэцүү. Гэхдээ өнгөрсөн хугацаанд цэвдэг хэр хурдтай хайлж байгааг болон ирээдүйн төлвийг харвал, ойролцоогоор 30 жилийн дараа Монголын ой модны талбайн бараг 50 хувь нь үхэх эрсдэлтэй гэж үздэг. Учир нь усны нөөц хүрэлцэхгүй болж магадгүй. Монголын томоохон ой модтой бүсүүд, тэр дундаа тайгын бүсийн ой мод ихэвчлэн цэвдэг дээр тогтдог. Тайгын бүсэд харьцангуй асуудал бага байх магадлалтай. Учир нь тэнд ус, хур тунадас хангалттай байдаг. Харин ойт хээрийн бүсэд ой мод бараг бүрэн цэвдэгээс хамааралтай байдаг.
Хэрэв энэ байнгын цэвдэг алдагдвал ой модоо бүхэлд нь алдах эрсдэл бий. Энэ нь Монголын нэлээд өргөн нутагт хамаарах асуудал. Яг хэдий хугацаанд ийм өөрчлөлт болохыг хэн ч нарийн хэлж чадахгүй. Учир нь дэлхий нийтийн уур амьсгалын процесс өөрчлөгдөж, хурд нь нэмэгдэх ч магадгүй, эсвэл удаашрах ч боломжтой. Гэхдээ одоогийн нөхцөл байдлыг харвал, ой модны нэг үеийг ойролцоогоор 25–30 жилийн хугацаанд хадгалж үлдэх боломж бий гэж үзэж болно.
-Монгол дахь экосистемийн доройтол, өөрчлөлт нь ховор болон устаж болзошгүй ан амьтанд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Өмнө нь хэлсэнчлэн, экосистемд гарч буй өөрчлөлтүүд нь Монголын биологийн олон янз байдалд маш их нөлөө үзүүлж байна. Гинжин хэлхээний эхлэл болсон байгалийн ургамал алдагдсанаар түүнээс хамааралтай бусад организмууд ч мөн алдагдах эрсдэлтэй. Ургамал нь экосистемийн бүтээгч үндсэн бүрэлдэхүүн учраас ургамлын бүрхэвч доройтох үед дараагийн шатанд зарим шавьж, жижиг амьтад, цаашлаад том амьтад хүртэл нөлөөлөлд өртөж, тоо толгой нь буурах аюултай. Үүний шалтгаан нь зөвхөн ургамлын өөрчлөлтөөр хязгаарлагдахгүй. Мөн манай орны малын тоо толгой хэт өндөр байгаа нь нөлөөлж байна. Мал сүрэг нь зэрлэг ан амьтдын тэжээлийн нөөцтэй давхцаж, улмаар тэдэнтэй идэш тэжээлийн өрсөлдөөнд орж байна.
Миний бодлоор бид зарим организмийг аль хэдийнээ алдсан байх магадлалтай. Хангалттай судалгаа хийгдээгүйн улмаас үүнийг бид мэдэхгүй байна. Тиймээс дахин хэлэхэд экосистемийг хөдөлгөж, өөрчилж байгаа гол хүчин зүйлсийг илүү гүнзгий судлах хэрэгтэй. Одоогийн байдлаар хамгаалалттай бүс нутгуудад хийгдэж байгаа мониторинг ихэвчлэн том амьтдад төвлөрдөг. Жишээ нь ирвэс, янгир зэрэг амьтдыг ажиглаж, тоо толгойг нь хянадаг. Гэтэл бодит байдал дээр ирвэс, янгир зэрэг том амьтад алга болж эхэлсний дараа л бид юу болоод байгааг ойлгох гэж судалж эхэлдэг. Харин жижиг биетэй организмууд бол асуудлын дохиог үүнээс өмнө өгдөг. Тэд экосистемд гарч буй өөрчлөлтийг бүр 10–15 жилийн өмнөөс анхааруулах боломжтой.
Мэдээж цаашид бид илүү олон ургамал, амьтдыг алдах эрсдэлтэй. Гэхдээ хамгийн чухал нь зөвхөн ховор зүйлүүдэд анхаарах биш, харин бүхэл бүтэн экосистемийг цогцоор нь харах явдал юм.Экосистемийг хэсэг хэсгээр нь салгаж авч үзэх боломжгүй. Энэ бол ихэвчлэн хүний талаас бий болсон хандлага. Бид “энэ зүйл ховор, энэ нь ховор биш” гэж ангилж хардаг. Гэвч ийм ялгалт нь нэлээд субъектив шинжтэй. Жишээ нь Улаан номд багтсан зарим зүйлс Монголд ховор байж болох ч, хил дамнасан хөрш Орос улсад тэдгээрийн тоо толгой сая саяар байх тохиолдол бий. Тиймээс бид аливаа зүйлийг дангаар нь биш, харин бүхэл бүтэн экосистемийн хүрээнд, цогцоор нь авч үзэх шаардлагатай. Энэ бол миний зүгээс өгөх гол зөвлөгөө юм.
-Монгол бол эрс тэс уур амьсгалтай. Тиймээс экосистем өөрөө сэргэхийг хүлээж болохгүй, харин экосистемийг сэргээхэд хүний оролцоо шаардлагатай гэж ойлголоо?
Дахин давтаж хэлж байгаад минь уучлаарай. Миний бодлоор экосистемийг сайжруулах хамгийн үр дүнтэй арга бол малын тоо толгойг бууруулах явдал. Харин хөрсийг хөндөж, өөрчлөхийг би зөвлөхгүй. Жишээ нь, БНХАУ-ын цөлийн бүсэд мод тарих талаар хийсэн судалгаанаас харахад хөрсийг нээж, ухаж мод тарих үед тоосжилт нэмэгдэж, хөрсний элэгдэл ихэсдэг нь тогтоогдсон байдаг. Энэ нь экосистем олон мянга, бүр сая жилийн турш байгалийн нөхцөлдөө дасан зохицож, хөрс өөрийгөө хамгаалах тогтолцоотой болсон байдагтай холбоотой. Хэрэв бид тэр тогтолцоог хөндвөл, зарим тохиолдолд аль хэдийн хэтэрхий оройтсон байх магадлалтай.
Тиймээс миний хамгийн чухал зөвлөгөө бол малын тоо толгойг бууруулах явдал. Зарим газарт байгалийн ургамлыг үрээр нь сэргээх шаардлага гарч болох юм. Гэхдээ экосистемийг мод тарих замаар сайжруулахыг оролдох нь тийм ч зөв арга биш. Ялангуяа өмнө нь тухайн зүйлийн мод ургаж байгаагүй газарт мод тарих нь илүү олон асуудал үүсгэж болзошгүй. Надаас мөн зарим сумдад хүнсний зориулалтаар мод тарих талаар асууж байсан. Миний зөвлөгөө бол хөрсийг аль болох хөндөхгүй байх явдал. Би заримдаа Чингис хаан хүртэл “газар шороог бүү хөнд” гэсэн үзэл баримтлалтай байсан болов уу гэж боддог. Энэ нь үнэхээр ухаалаг шийдвэр байсан бөгөөд өнөөдөр ч бид үүнээс суралцах хэрэгтэй.
-Малчид малаа дагаж амьдардаг учраас тоо толгойг тодорхой түвшинд барих боломж бий юу. Шийдвэр гаргагчдын оролцоо мөн үүнд чухал болов уу?
-Энэ асуудалд бүгд оролцох ёстой. Зөвхөн иргэд, малчид өөрсдөө дангаараа шийдчих асуудал биш. Зөвхөн малчдаас шаардаад, тэд өөрсдөө энэ ажлыг хийнэ гэж хэлэх боломжгүй. Энэ нь ойлгомжтой. Учир нь тэдэнд мөнгөний шууд хэрэгцээ маш их байдаг. Би олон малчидтай ярилцаж байсан. Тэднээс ингэж асууж байлаа.
“Та өөрийнхөө хүүхэд насыг эргээд санаад үзээрэй. Тэр үед өвс маш өндөр ургадаг байсан, бид өвсөн дунд нуугдаж чаддаг байлаа. Харин өнөөдөр өвс ердөө 1–2 см өндөртэй болсон байна. Гэтэл та ийм болсон нутгаа үр хүүхдэдээ өвлүүлнэ шүү дээ. Тэгвэл яагаад малын тоогоо бага зэрэг бууруулж болохгүй гэж” хэмээн асуухад ихэнх нь “Бидэнд мөнгө хэрэгтэй” гэж хариулдаг. Тиймээс энэ бол бид бүгдийн хамтдаа шийдэх ёстой асуудал.Зөвхөн хэн нэгнийг ятгах, эсвэл “малын тоогоо бууруул” гэж хэлэх төдий зүйл биш. Үүний цаана нийгэм, эдийн засгийн олон асуудал бий бөгөөд тэдгээрт бид хариу олох хэрэгтэй. Өмнө нь малчид хүүхдээ сургуульд явуулах, өндөр үнэтэй эм тариа авах, боловсролын зардал гаргах зэрэгт тийм их мөнгө шаардлагатай байдаггүй байсан. Харин өнөөдөр энэ бүхэн бодит хэрэгцээ болсон. Тиймээс эдгээр асуудлыг ч мөн хамтад нь авч үзэх шаардлагатай. Иймээс энэ асуудлыг шийдэхийн тулд шийдвэр гаргагчид, төр засаг, орон нутгийн иргэд, мөн судлаачдын хамтын ажиллагаа маш чухал. Бүгд оролцож байж л бодит шийдэлд хүрнэ.
Орчуулагчаар: А.Удвалцэцэг
Зөвлөсөн: Р.Болор








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш чухал зүйлсийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж гаргаж ирсэн байна энийг дээд удирдлагуудад ойлгуулах юмсан ,мөн хүн бүр уншаасай гэж бодож байна
Байгаль орчны асуудлыг ингэж бодитоор хэлж байгаа нь их зөв байна
ene sudlaachiin helsen ug ih bodol toruuleh ym bn
Цэвдэг хайлж байгааг анхаарах цаг нь болсон юм байна даа
manai uls baigaliaraa l amidardag shuu ene asuudliig ul tooj bolohgui
Малын тоо толгой үнэхээр хэтэрсэн гэдэг үнэн шүү
Байгаль доройтож байгаа нь нүдэнд илт харагддаг болсон
ene tal deer tur zasag iluu anhaarah heregtei sanagdlaa
Ямаа хэт олширсон гэдэг үнэн санагддаг
sudlaach hun ingej helj baival bid bodoh l heregtei
ene asuudal deer niigem niitleeree bodoh tsag boljee
Монгол орны маань биологийн олон янз байдал, байгалийн ургамлжлын бүс бүслүүрийн онцлог хийгээд хээр, цөлөрхэг хээр зэрэг зарим бүсийн ургамалжлын үндсэн хэв шинж, бүрхэц, зүйл өөрчлөгдөхөд мал сүргийн тоо толгойн хэт өсөлт, бүтцийн өөрчлөлт, бэлчээр ашиглалт зэрэг нь хэрхэн нөлөөлж байгаа талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд талархая. Манай улсын ШУА, тэдний салбар хүрээлэнгүүдийн ургамал судлаачдын бие даасан болон хамтарч хийсэн судалгааны ажлууд багагүй төдийгүй тэдний бүтээлүүд арвин билээ. Гагцхүү төр засгаас ХАА -н талаар явуулж буй бодлого шийдвэр судалгаатай, шинжлэх ухаанч биш байгаатай шууд холбоотой. Ер нь сүүлийн жилүүд дэх ХАА-н газар ашиглалт /бэлчээр, өвөлжөө хаваржаа, отор нүүдэл, газар тариалангийн талбайн ашиглалт улам бүр тэлж байна/, нөгөө талаар малчид унаа хөсгөөр малаа хариулах, худгаас усаа ойртуулах, сууурин газрууд руу зорчих зэргээс хэрсэн салаалсан, сүлжилдсэн зам харгуйгаар хээ хуар мэт болж нүцгэрч бэлчээрээс илүүтэйгээр онцгой их талхлагдаж байна. Та бүсүүдийн зааг нутгууд, цаашлаад уул уурхай илүү өрнөсөн говь, цөл, цөлийн хээрийн бүсүүдээр судалгаагаа үргэлжүүлж, хөдөөгийн ард олон мэдэж байх ёстой, анхаарах ёстой асуудлын талаар зөвлөмж гаргаж байвал бид их байрлах болно. Бидний эх орны экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалж хамгаалахад оруулж буй ариун үйлс тань үргэлж мөнхөд дэлгэрч байх болтугай.
Ямаанд мөнгө өгөөд байдаг улс ш дээ
Манай орны судлаачдын орос ах нартай хийсэн экосистемийн зураг байдаг. Мөн шинэчилсэн. Цэвдэг бол Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг төдийгүй Их нууруудын хотгораас манай орны өмнөд хэсгээр Дорнодын талыг дуустал үргэлжлэх хотос газруудаар алаг цоог ч нилээд тархацтай байдаг. Ер нь өндөр уулын мөнх цас, мөсөн голууд хайлж хүрээ нь хумигдахын зэрэгцээ газар нутгийн цэвдэгтэй хөрсний зузаан хэт халалт, цаг агаарын дулаарлын нөлөөгөөр дээрээсээ багасч нимгэрч байна. Нөгөө талаар ой мод, ургамлын тооцоогүй ашиглалт, ойн түймэр, уул уурхайн ухлага малталт, олборлолт, гүний усны харалган тооцоогүй ашиглалт, ургамал нөмрөгийн талхагдал хийгээд хөрсний сулрал энэ бүхэн онцгой нөлөөлөөд байна. Манай нэртэй эрдэмтдийн олон арван жилийн судалгааны томоохон бүтээл , материалуудтай танилцах нь таны судалгааны ажилд ихээхэн нэмэртэй болов уу. Баярлалаа.
Ingej todorhoi yariad bad ter yamaagaa tsoolooch. Ene hunii yariad bgaa datag ashiglaa l bodlogoo bolovsruulahad bolchih yumiig chin suuliin heden jil yariv???? bolj butej bgaa yum 1 ch bhgui